Загвар зохион бүтээгч Катя Зол эх орноо төлөөлөн Нью-Йоркийн загварын долоо хоногт өнгөрсөн сард оролцоод ирсэн. Монгол брэндийг дэлхийн тайзнаа гаргах үүд хаалгыг нээсэн түүгээр монголчууд бахархаж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл цахим хуудастаа “Бахархмаар юм. Нью-Йоркийн загварын шоунд Катя Золын загварууд олны анхаарлыг татжээ. Ийм авьяас, бүтээл, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Монгол брэнд гэдэг чинь жинхэнээсээ энэ шүү дээ” хэмээн бичиж байв. Сонин сайхан үйл явдлаар дүүрэн өрнөсөн шоуны талаар болон өнөө үеийн загварын чиг хандлагын талаар загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль дүүргэж, “СК”, “Jaymatt” зэрэг агентлагтай хамтран ажиллаж байсан туршлагатай гэдгийг уншигчид маань мэднэ биз ээ.
-Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог томоохон тайзан дээр бүтээлээ танилцуулаад ирлээ. Хүссэн үр дүндээ хүрч чадав уу?
-Яг үнэндээ энэ удаагийн шоунаас ийм өндөр үр дүн хүлээгээгүй. Олон жилийн түүхтэй тайзан дээр бидний үзүүлсэн загвар арай өөр өнгө төрхийг харуулсан учраас үзэгчдийн хүлээж авах нь хүртэл өөр байсан л даа. 1000 гаруй суудалтай цэнгэлдэх хүрээлэн дүүрсэн. Манай загваруудыг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин хүлээн авсан. Эрэгтэй хүн уран нугарахыг хараад, уртын дуу сонсоод гайхширсан хүмүүс их байлаа. Ер нь, нүүр будалт, үс засалт гээд бүгд л үзэгчдийг алмайруулж чадсан. Хамгийн гол нь уран дархан, үйлдвэрлэгчид нэгдэж загвар өмсөгч, дизайнер, үсчин, нүүр будагч, урлагийн үзүүлбэр хийх уран бүтээлчид, үйл явдлын менежертэй бүтэн багаараа явсан нь загвараа амжилттай үзүүлэх гол үндэс боллоо.
-Коллекцийнхоо онцлогийн талаар яриач?
-Бүх загвартаа баримталсан ганц зүйл маань органик. Байгалийнхаар нь байлгах гэж хичээсэн. Хоёрдугаарт амьтанд ээлтэй загвар хийх гэж анхаарлаа. Ангийн үс оруулж болох байсан ч үүнээс татгалзаж, амьтдын биеийг хөнгөлөнгөө гаргаж авдаг түүхий эдийг ашигласан нь коллекцийн маань онцлог.
-Та бүхнийг Нью-Йоркийн тайзан дээр гарч байхад энд маш олон хүн дэмжиж байсны нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
-Ирээд манай багийнхан Ерөнхийлөгчтэй уулзаж, бүх ажлаа тайлагнасан. Цаашид Монгол брэндийг дэлхийн тайзнаа гаргах ажлыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авахаар амласан.
-Сайн сайхан мэдээний хажуугаар саар хэл ам гарах л юм. Та бүхний араас нэг их мөнгө төгрөг аваад явсан тухай хэл ам гарч байлаа?
-Хэн нэгнээс зүгээр мөнгө төгрөг авсан явдал байхгүй. Найзуудын маань санаачилгаар байгуулсан “Дэлхийд нэртэй Монгол” ТББ энэ удаагийн шоуны арга хэмжээг хариуцан ажилласан юм. Бид олон ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дэмжлэг авсан. Тэр үнийн дүндээ таарсан ажлыг нь ч хийж өгнө.
-Монголын дизайнерууд Нью-Йорк, Токио гээд дэлхийн загварын төвүүдэд коллекцоо дэлгэж байгаа нь дэлхийд Монгол брэнд гарах эхний алхам гэж харж хүлээж байгаа. Дараагийн алхам юу байх бол?
-Дэлхийн том тайзан дээр загвараа танилцуулж л байгаа бол ядаж дэлгүүрээ нээх ёстой юм байна. Миний загвар үнэхээр таалагдсан үзэгчид бол ирээд шууд л танай дэлгүүр хаана вэ гэж асуух юм билээ. Тайзан дээр ганцхан удаа гарснаар 100 хувь хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм биш. Энэ удаа бид олон улсын тайзан дээр өвөл, намрын загвар үзүүлсэн бол цаашид зун, хаврын загвараар оролцож, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлолцох болно. Үүнээс илүү юу хийж чаддагийг чинь хармаар байна гэсэн санал энд тэндээс ирж байна. Тиймээс бид цаашид маш өндөр зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Монголынхоо түүхий эд, ноос ноолуур, уран дархны хийц зэргийг нэгтгэж брэнд болгоод дотооддоо үйлдвэрлэлээ явуулж, дэлхийн зах зээлд дэлгүүр нээгээд, хилийн чанадад гаргавал бид илүү хөгжинө. Монголын олон дизайнер энэ чиглэлээр яваасай, хөгжөөсэй, өөрсдийгөө таниулан гаргаж ирээсэй. Бид түүхий эдээ бүтээгдэхүүн болгоод өндөр үнээр гадаадын зах зээлд гаргаж чадах юм бол эх орондоо хөрөнгө оруулалт татна. Ийм л зорилготой ажиллаж байна.
-Монгол гэдэг нэр л дэлхийн зах зээлд гарах учраас төр засгаас ч бодлогоор дэмжих хэрэгтэй байх. Ер нь, танай салбарт зайлшгүй дэмжлэг хүсэх ямар асуудал байна?
-Үйлдвэрлэл, бизнес эрхлэх татвар өндөр, түүхий эд нь үнэтэй, үйлдвэр нь хангалттай том биш учраас техник технологио шинэчлэхэд хэцүү гээд олон бэрхшээл байдаг. Нэхий үйлдвэрлэлд гэхэд хонины ноосыг авчихаар үлдсэн ахар ноостой арьс нь маш ширүүн, зөөлөн эдүүд нь үгүй болчихсон байдаг. Тэгэхээр анхнаас нь малчидтай гэрээ хийгээд нэхий үйлдвэрлэхэд зориулсан малын арьс авах тал дээр бодлогоор дэмжих хэрэгтэй гэдэг нь харагдсан. Би яг үйлдвэрлэл талын нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй ч тэдний дуу хоолой нь болох ёстой. Залуу үе бидэнд чадвар боломж, бололцоо байна. Үүнийг дэлхийн зах зээл ч хүлээн зөвшөөрч байна. Бид атгасан гар шиг нэгдэж байж л дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхөөс биш ганц, ганцаараа яваад хэзээ ч амжилт олохгүй гэдгийг л ойлгоод ирлээ.
-Тань шиг үйлдвэрлэгчидтэй ойр дотно хамтран ажилладаг загвар зохион бүтээгчид цөөн байсан учраас дэлхийн тайз Монголын хувьд хол байсан ч байж мэдэх юм?
-Үйлдвэрлэгчид маш сайхнаар хүлээж авсан. Чин сэтгэлээсээ ажиллаж өгсөн. Гэхдээ би тэднээс зөвхөн аваад байгаа юм биш. Миний загваруудаар дамжин Монголын үйлдвэрлэгчид ч дэлхийд танигдаж байгаа юм. Энэ удаа арьс, ноолуур, савхи, эсгий, ноос, уран дархан гээд аль болох бүх төрлийн үндэсний үйлдвэрлэгчийг нэгтгэхийг зорилоо.
-Дэлхийн загварын төв болсон томоохон хотуудад улирал бүр л шоу зохион байгуулдаг. Нью-Йоркийнх юугаараа онцлог юм бэ?
-Яагаад Америк гэж үү. Тэнд Холливуд байна. Дэлхийн загварыг тодорхойлогчид тэнд амьдарч байна шүү дээ. Асар том зах зээл бас олон жилийн түүх. Бидний мэддэг бүх л алдартай брэнд тэнд шоугаа зохион байгуулна. Мэдээж худалдаагаа ч хийнэ. Энэ удаа бидэнд дэлгүүр байгаагүй нь нэг дутагдал болсон ч цаашид алхам алхмаар урагшилна. Дараагийн шоунуудаа ч төлөвлөсөн.
-Америкийн зах зээл том, арилжааны чиглэлээр илүү хөгжсөн шоу гэдэг нь яаж мэдрэгдсэн бэ?
-Дэлхийн хамгийн анхны супер модель хэмээн алдаршсан Жанес Дикенсон болон Холливудын жүжигчин Кэти Кэссиди зэрэг одод ирсэн. Урд эгнээнд сууж байсан үзэгчид шоу дуусмагц тайзны ард орж ирээд, баяр хүргэж байлаа. Энэ үеэр Жанес Дикенсон миний коллециос нэг хувцас худалдан авсан. Ноолууран даашинзыг нэхий хүрэмтэй хослуулан сонгож авсан. Мөн жүжигчин Кэти Кэссиди цахилгаан шуудангаар холбогдож Оскарын шагнал гардуулах ёслолд миний загвараас өмсөхийг хүссэн боловч тэр үед бид АНУ-аас буцсан байсан. Гэхдээ түүний сонирхсон даашинзыг яг өөрийнх нь хэмжээгээр хийгээд явуулах гэж байна. Тэрээр цаашид арга хэмжээнүүдэд оролцохдоо миний загвараас өмсч, брэндийг маань сурталчилж өгнө гэж амласан шүү.
-Загварууд тань дэлхийн хэмжээний тайзан дээр гарах тэр мөчийн сэтгэгдлийг шинэхнээр нь сонсч амжаагүй боловч одоо ч болов сонсохыг хүсч байна?
-Маш их сандарсан. Загвартаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд өөрийгөө ч анхаарч чадаагүй. Тайзан дээр гараад яах билээ гэдгээ ч мэдэхээ байтлаа сандарсан. Гэхдээ шоуны дараах үзэгчдийн сэтгэгдэл надад маш их урам өгсөн.
-Дизайнер хүнтэй уулзсаных ирэх зуны загварын чиг хандлагыг асуулгүй өнгөрч болохгүй нь?
-Сүүлийн үед бие эвтэйхэн, бариу биш, сул загварууд эрэлттэй байна. Өнгөний хувьд хурц өнгийг сүүн хэлбэрт уусгасан завсрын өнгө моод болж байна. Гэхдээ зун цаг учраас хурц тод өнгө сонгомоор байвал багахан оруулахад л болно. Ер нь, хүн бүрийн мэдрэмж өөр. Түүнийгээ хувцаслалт гадаад төрхөөрөө илэрхийлдэг. Тэгэхээр заавал ямар нэг зүйлд баригдаж, загварын чиг хандлагыг дагах гэсний хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө л байх нь чухал.
-Загвар өмсөгч хүний хувьд таны хамгийн гол гоёл юу вэ?
-Би ерөнхийдөө даруухан. Нөхцөл байдалдаа тохируулж хувцсаа сонгохыг боддог. Хувцаснаас гадна эрүүл үс, арьсаараа гоёхыг хүсдэг.
-Яруу найрагчид, хөгжмийн зохиолчид онгодын тухай их ярьдаг. Танд тэгж онгодоор хөглөгдөх үе байдаг уу?
-Тэр тухай сонсч байсан ч огт итгэдэггүй байлаа. Гэхдээ өглөө үүрээр хот амар амгалан болчихсон, гэрийнхэн маань амарч байх яг тэр нам гүм дунд загварын шинэ санаа илүү их төрдөг.