Сүүлийн есөн сарын турш монголчуудын толгой өвтгөж, сэтгэл зовоосон нэг зүйл нь ам.долларын ханшийн тэсрэлт болоод байна. Бүх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байхад валютын ханшаа өсгөчихөөр бид өлбөрч үхлээ гэж цөм толгой гудайв. Үүний цаана өөр нэг өнцөг харагдаж байгаа нь монголчууд бүх зүйлээ ам.доллараар худалдаж авдаг явдал. Нарантуул зах, Номин их дэлгүүр, гэрийн хойд талын ТҮЦ-нд төгрөгөөр наймаа хийдэг боловч тэдгээр барааг Эрээнээс эсвэл бүр холоос валютаар худалдан авдаг. Товчхондоо монголчууд шууд бус байдлаар валютаар л наймаагаа хийдэг аж. Нөгөө талаас, монгол түмэн өөрсдөө үйлдвэрлэж, бүтээдэг нь маш бага юм гэдэг нь харагдана. Энэ бүхэн Монголын эдийн засагт эмчилгээ, сувилгаа шаардагдсан, олон өвчин туссаныг илтгэж буй юм.
Хийх үү, эс хийх үү
Дээр өгүүлсэнчлэн монголчууд бүгд ам.долларын хараат болж. Тийм ч учраас ханшийн халуурал нь хүн бүрийн хэтэвчинд зөвшөөрөлгүй хүрчихээд байдаг шүдний өвчин болж хувирчээ. Миний шүд өвдөөд байна аваад өгөөч гэж нэгэн эр эмнэлэгт ирлээ. Аваадахъя гээд мэдээ алдуулах тариа шахах гэтэл улам өвтгөөд байна аа гээд уйлах шахаж. Эмч энэ тохиолдолд яах ёстой вэ? Хүн бүр л Монголбанкийг ам.долларын ханшийг анагаадаг ачит эмч хэмээн харж байна. Хэдийгээр тэдэнд хүч байгаа ч хийх боломж нь байхгүй. Байгалийн хууль, эдийн засгийн хуулийг бурхан ч тогтооход бэрх учраас жамаараа өсч байгаа ам.долларын ханшийн өөрчлөлтийг төв банк тэвчээртэй ажиглаж, байж болох хэмжээнээс хэтэрхий их хор хохирол учрах вий гэдгээс л сэргийлэх бололцоотой. Тэрхүү сэргийлэх арга нь ханшид хүчээр нөлөөлөх явдал биш гэдгийг ердөө тавхан жилийн өмнөх түүх нотолно.
Монгол Улсын эдийн засагт Оюу толгой хэмээх аварга том төсөл гараанаас хөдөлж асар их өсөлт, өгөөж өгөв. 2009 оны эдийн засгийн хямрал дэлхийн хүчирхэг Засгийн газруудыг туйлдуулж, сөхрөхөд хүргэсэн. Гэтэл манай улсад хөнөөл багатай өнгөрсөн гэж эрх баригчид мэдэгдэж байлаа. Үнэн хэрэгтээ асуудал байсан. Мөн л ам.долларын ханш тэсэрч 1770 хүрч байсан нь одоо түүх болж, мартагдах шахаж. Тухайн үед төв банк валютын ханшийг хүчээр барьж явсаар дийлэхээ байгаад жолоог нь алджээ. Энэ их эрсдэлийг даван туулахын тулд тухайн үед албан нөөцийнхөө бараг хагасыг тавьж туусан гэдэг. Харин өнгөрсөн есөн сарын хугацаанд ийм эрсдэл гаргахгүйн төлөө төв банк ажиллажээ. Түүний үр дүнд ам.долларын ханш дөнгөж 20 хувиар нэмэгдсэн бөгөөд таван жилийн өмнөх бүдгэрсэн дурсамжийн дэргэд хоёр дахин хөнгөн осол.
Ам.долларын ханшийг Монголбанк барих үүрэггүй, харин ч чөлөөтэй хөдөлгөж байх хуультай. Төв банкны тухай хуульд үүнийг тодорхой заажээ. 22 дугаар зүйл. Гадаад валютын зохицуулалт гэсэн хэсэгт доорх хоёр заалт бий.
1.Монголбанк гадаад валютын зохицуулалтыг хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
2.Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална.
Үүнээс “төгрөгийн ханшны бодлого тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх” гэдгийг онцгойлон авч үзье. Үг бүрээр нь дахин уншвал ханш хөдөлгөөнтэй байхыг хуулиар зааж өгч. Ингэхдээ бодитой байх ёстой гэдгийг тодотгожээ. Ханш бодитой эсэхийг тодорхойлдог ганцхан шалгуур үзүүлэлт байдаг нь гадаад худалдааны тэнцэл. Оны эхний улиралд гадаад худалдааны тэнцэл харьцангуй эерэг гарсныг уншигч та дуулсан биз ээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн хэмжээ 1700-аас дээш тогтохыг нөхцөл байдал өөрөө шаардсан бөгөөд 1400, 1500, 1600 төгрөгийн дэргэд харьцангуй бодитой ханш гэж ойлгож болно.
Нөгөөтэйгүүр жил бүр Мөнгөний бодлогын баримт бичиг боловсруулан, УИХ-аар баталдаг. Тэр бодлого дотор “...ханш эдийн засгийн нөхцөл байдалтай нийцэх, уян хатан тогтох ёстой” гэж монголоор бичжээ. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын үед л шинээр гарч ирсэн зүйл биш, сүүлийн 10-аад жил Мөнгөний бодлогоо ийм агуулгатайгаар баталж ирснийг холбогдох мэргэжилтнүүд нотолж байна. Өөрөөр хэлбэл, Төв банкны тухай хуулиар, Төрөөс баримтлах мөнгөний бодлогоор төгрөгийн ханш хэлбэлзэж болно, ингэхдээ эдийн засагтайгаа уялдсан, бодитой байх ёстой гэдгийг зааж өгчээ. Тэдэнд төгрөгийн ханшаа тогтвортой барь, ам.долларын ханшийг битгий өсгөөд бай гэж тушаах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох аж. Тэгэхээр төв банк ханш тогтоох нэрээр хууль зөрчөөд эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх үү эсвэл парламентын шийдвэрийг дагах уу гэдэг хоёр асуултын өмнө ирж байна. Мэдээж бүх нийтээр дагаж мөрдөх хууль нь хүчтэй.
Халуурлыг дэвэргэсэн солиорол
Хууль зөрчихийг шаардсан ханш дагасан халуурлын хамт хувийн хэвшлийн зүгээс ч солиорлын түвшний шахалт, шаардлага ирж байна. Ам.долларын зээл авчихаад байхад ханшаа барихгүй, хүнд гай боллоо гэж хашгирч, хамаг бурууг төр рүү бухах хүн олон байна. Гэвч тэд анхнаасаа төгрөгийн зээл авах уу, ам.доллар уу гэдэг хоёр сонголт байсныг санах хэрэгтэй. Ханшийн өөрчлөлтийн эрсдэлтэй учраас ам.долларын зээл хүү багатай, хөндлөнгийн нөлөө багатай болохоор төгрөгийн зээл өндөр хүүтэй. Хүүний төлбөрийг ашиг болгон харж, өөрсдөө сонголтоо хийчихээд ханшийн өөрчлөлтөөс үүссэн алдагдал, зөрүүг төрөөс нэхэж суух нь хэр зөв бэ. Тэдний үйлдэл нь ердөө 10 жилийн өмнө ид цэцэглэж байсан хадгаламж зээлийн хоршоо руу хошуурсан иргэдийнхтэй агаар нэг юм. Бага хүүгээр их ашиг олох сонголтынхоо эрсдэл, алдагдлыг төрөөс, татварын мөнгөнөөс, шударгаар хөдөлмөрлөж буй олон нийтээс авна гэж зүтгэх нь нүдний өмнө халаас суйлж байгаагаас ялгаагүй. Хэрэв тэд ханшийн өөрчлөлтгүй, эрсдэл үүсээгүй байсан бол хэл үг гаргахгүй хамаг ашгаа хүртээд л явах байсан нь мэдээж. Харин асуудал үүсэхийн цагт хаяагаа хадардаг байж болохгүй. Төгрөг хэмээх үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, найдвартай сайхан нь энд л оршдог. Орон сууцны ипотектэй, авто машины зээлтэй, урт хугацааны лизингтэй хүмүүс ам.долларын ханш өсч, бидэнд гай боллоо гэж ганц ч удаа дуугараагүйг санавал зохино.
Эдийн засаг өөрөө гажуудалд орсныг анзаарч, анхаарах цаг ирсэн. Жишээлбэл, Германтай хил залгаа Польш улс хүрэхийн тулд өргөн уудам Казахстан, Украйныг хөндлөн гулд туулж, Оросын газар нутгаар дамжин өнгөрдөг. Польшид үйлдвэрлэсэн “Урбанек” гэдэг даршилсан ногоог ачиж, тээвэрлээд, Монголын хил дээр татвар төлөөд Улаанбаатар хотод борлуулж байна. Тэр нь, Монголын хөрсөнд тарьж ургуулаад, татаж цуглуулаад, үйлдвэрлэж даршилсан ногооноос хямдхан. Энэ бол эдийн засгийн дархлаа суларсан эмзэг үед үүссэн хорт хавдар, ужиг өвчин юм. Ийм өвчлөл эдгэрэх нь импортлогчдыг идэш, уушнаас нь салгах аюултай. Тийм ч болохоор эдийн засагт хар шөл хийж өгөөд, эм уулгаж, тариа шахахаар эсэргүүцэж, идэвхтэй тэмцдэг нь импортлогч, цөөхөн хувийн хэвшил юм. Үнэхээр өөрсдөө үйлдвэрлэж, бүтээж чадахгүй байгаа бараа, бүтээгдэхүүн, баялгийг гадаадаас авахаас өөр аргагүй. Харин өөрсдөө бүтээх боломжтой баялагт өөрөөр хандах цаг ирж.
Их яривал “өсдөг” инфляц
Инфляц гэдэг нэр томъёо чухам юу вэ гэдгийг ойлгохгүйгээр шүүмжлэлдээ эш татдаг хүн цөөнгүй бий. Энэ нь ердөө л үнийн өсөлт юм. Өчигдөр 100 төгрөгийн үнэтэй байсан чихэр ямар нэг шалтгаанаар 109 төгрөг болчихсон байлаа гэхэд инфляц нь есөн хувь. Үнэд орох нь, үнээ нэмэх нь, үнэ нь өслөө гээд яриад л байвал бараа борлуулагч үнээ нэмж л орхино. Учир нь, түүний ашиг төлөвлөснөөс илүү болох учир дуртайяа өсгөдөг. Хожим худалдан авагч амаа барьж, хэтэрхий олон хүнд “Үнэ нь өсөх гэж байна” гэж ярилаа хэмээх. Үнэндээ үнэ өснө, инфляц нэмэгдэнэ гэж яриад л яваад байвал таны хоолойд тултал өсч ч мэдэх юм.
Харин инфляц бүрэлдэх шат, шалтгаан нь олон янз, хэлбэртэй. Урьд нь, шатахуун, мах, гурил, барилгын материал зэргээс инфляц хамгийн их хамаардаг байж. Түүнийг шийдвэрлэхээр Засгийн газар, Монголбанк хамтарч хэд хэдэн дэд хөтөлбөр зарлаж, хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд инфляцын бүрэлдэхүүнд дээрх нэр бүхий салбарууд эрс багасч, зарим нь бүр үгүй болж. Жишээ нь, шатахууны үнэ бүтэн жилийн турш тогтвортой байсан гэдгийг, нэг удаа 50 төгрөгөөр буурсан гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл шинэ асуудал үүсчээ. Инфляц өсөхөд төрийн оролцоо ихэссэн байна. Тухайлбал, зарлага өсч, оюутны сургалтын төлбөр нэмэгдсэн гэхчлэн инфляцад эзлэх төрийн шийдвэртэй нөлөө нэмэгджээ. Түүнчлэн нийгмийн хүлээлт гэдэг зүйл инфляц өсөхөд багагүй нөлөөлдөг. Дээр дурдсанчлан үнэ өсөх нь, инфляц нэмэгдэх нь гээд яриад л байвал өснө. Инфляц хөөрөгдөхөд үүрэгтэй оролцдог өөр нэг сектор нь монопольчид. Зах зээлээ алдаж, сөхрөх нь бараг боломжгүй болтол данхайж, дур зоргоороо аашилж болох түвшинд ирсэн монополиуд үнийг өөрийн тааллаар тогтоодог нь эргээд эдийн засагтаа хортой. Энэ мэтээр олон зүйлээс инфляц хамаардаг.
Уг нь, эдийн засаг сайжрахын хэрээр инфляц ч даган өсч байдаг нь сайн үзүүлэлт. Бүх зүйл хэм хэмжээтэй учраас хэтэрхий өндөр эсвэл хасах хувьтай байж болохгүй. Монгол Улсад зорилт болгон дэвшүүлдэг 8-9 хувийн инфляцтай байх нь эдийн засагт эергээр нөлөөлдөггүй юм гэхэд хор уршиг болохгүй. Сайн эдийн засаг шок үүсч, асуудал тулгарахад зөөлөн хүлээж аваад түргэн шингээдэг байх ёстой гэж олон улсын эдийн засагчид онцолдог. Тэгвэл манай эдийн засаг тийм болохын төлөө яваа гэж болно.