Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтнууд Лондонд амьдрах дуртай

Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр тэрбум ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй 2710 хүн байдгаас 20 хувь нь тэрбум ам.долларыг өвлөж авсан, 60 хувь нь өөрийн хөдөлмөр, ухаанаар баяжжээ. Тэрбумтнуудын хөрөнгийн дундаж хэмжээ нь 2,97 тэрбум ам.доллар. Тэрбумтан болгон дунджаар хувьдаа дөрвөн тансаг харштай, банкнинд 580 сая ам.доллартай. Эдгээр тэрбумтны нийт хөрөнгө 6,3 их наяд ам.доллар байгаа нь таван жилийн өмнөхөөс хоёр дахин их тоо юм.
 Ийм их хөрөнгөтэй хүмүүс хаа хүссэн газраа тансаг амьдралаар амьдарч чадах ч бодит байдал дээр дийлэнх нь цөөн тооны хотуудад амьдрадаг болохыг судалгаа харуулжээ. Тэрбум хол давсан хөрөнгөтэй хүмүүсийн амьдрах дуртай газар Европ.


Лондон

Их Британийн нийслэл нь тэрбумтнуудын амьдрах хамгийн дуртай хот юм. Өнөөдрийн байдлаар 67 тэрбумтан Лондонд амьдарч байгаа. Бүр тодруулбал Лондоны “цагаан алтан гурвалжин” гэж нэрлэгддэг хэсэгт амьдардаг. Энэ гурвалжинд Лондоны Мэйфэйр, Найтсбриж, Белгравиа гэсэн гурван дүүрэг багтана. Мөн Сент Жонс Вуудс ба Режентс Парк гэсэн хоёр дүүрэг ч тэрбмтнуудын амьдрах дуртай газарт багтдаг.
Мэйфэйр дүүрэгт үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд дунджаар 36.1 сая ам.доллар зарцуулдаг бол яг адил үл хөдлөх хөрөнгийг Режентс Паркаас худалдан авахын тулд 37 сая ам.долларт үрэх хэрэгтэй болдог.
Ийм тансаг байшинд амьдрах зардал ч санаанд багтамгүй өндөр. Жилдээ цахилгаан, дулаан, цэвэр ус, даатгал, гэрийн үйлчлэгч нарын цалин гэж 1.2 сая ам.доллар төлнө.
Харин яг адил объектыг өөр дүүргээс авна гэвэл яаж ч бодсон 10 сая ам.доллараас хямдаар олдохгүй гэхээр Лондон ямар үнэтэй хот болох нь ойлгомжтой.

Лондонд тэрбумтнууд зүгээр ч нэг “хайр” зарлаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Темзагийн мөсийг долоох шахаж, мөнгө улаан нүд цагаан гэж зүтгэсээр зүрхнийхээ оронд тооны машинтай болсон тэд ямар ч зүйлээс ашиг харж байдаг тул гэнэт сэтгэл нь хөдлөөд Лондонд олон арван сая доллар үрэн байж байр авлаа гэвэл итгэхэд бэрх.
Лондон хот дэлхийн санхүү, эдийн засгийн нэг төв бөгөөд алт, зэснээс эхлээд улаан буудай, тутарга хүртэл бүх л зүйлийн үнэ ханшийг тодорхойлдог. Тиймээс тэрбумтанууд өөрсдийнх нь бизнест шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа газар амьдрахыг хүссэн хэрэг.  
Үүнээс гадна “цагаан алтан гурвалжин”-д амьдарснаар “тэрбумтнуудын клуб” гэгчид элсэн дэлхийн хамгийн баян хүмүүстэй чөлөөтэй уулзаж ярилцах, санал бодлоо солилцох боломжтой бол­но. Өөрөөр хэлбэл энэ супер ашигтай бизнестэйгээ холбоотой шийдвэрийг асар богино хугацаанд гаргахтай зэрэгцэн дэлхийн элит бизнесмэнүүдтэй уулзахын тулд 37 сая ам.доллараар байшин худалдан авч түүндээ жил болгон 1,2 сая ам.доллар үрж байгаа хэрэг.
Тэрбумтны стандарт байшин зургаан унтлагын өрөөтэй, 96 хувь нь гаднаа цэцэрлэгт хүрээлэнтэй, 39 хувь нь бассейнтэй, 43 хувь нь кино театртай.


Парис

Францын нийслэлд 25 тэрбумтан амьдардаг. Тэдний хөрөнгийн дундаж хэмжээ долоон тэрбум ам.доллар болохоор тэрбумтнуудынхаа дотор баянд тооцогддог хүмүүс энд амьдрах дуртай гэвэл онц хэтрүүлэг болохгүй гэнэ.
Францад баячууд жирийн хүмүүсээс хавьгүй илүү, тусгай татвар төлдөг атлаа л амьдрах дуртай гэхээр Парист баян хүнийг татдаг онцгой зүйл цөөнгүй байдаг гэж бодож болох. Үнэн хэрэг дээрээ Парис нь Лондонтой адил дэлхийн эдийн засаг, санхүүгийн нэг том төв.
Тэрбумтнуудын амьдрах дуртай дүүрэг нь Парисын баруун хэсэгт байдаг Вилла Монморанси. Жирийн хүн тусгай урилга аваагүй л бол энэ дүүрэгт нэвтэрч чадахгүй гээд бодоорой. Гэхдээ баячуудын орд харшийг алсаас харж санаа алдахыг хориглодоггүй.
Энд хамгийн хямд байшин 20 сая орчим ам.доллар хүрнэ. Гэхдээ хүсвэл худалдаж авалгүй түрээслэж болно. Түрээслэвэл сардаа 5,5 мянган ам.доллар төлнө.


Женев

Швейцарийн нийслэлд тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй 18 хүн амьдран суудаг. Швейцарийг банк ба банкируудын орон гэдэг. Альпын нуруунд орших энэ жижиг улсад дэлхийн хүн амын ердөө  0,001 хувь нь амьдардаг ч  дэлхийн нийт хувийн хөрөнгийн 1,1 хувь нь төвлөрсөн байдаг.
Баячуудад татварын онцгой горим үйлчилдэг, хөрөнгөө хадгалах гэхэд банкууд нь ямар арга замаар, хаанаас ийм их мөнгөтэй болсон гэж асууж лавлан яршиг уддаггүй, нууцлалыг дээд зэргээр хадгалдаг гээд олон зүйл ийшээ тэрбумтнуудыг соронз мэд татдаг. Гэвч сүүлийн жилүүдэд банкуудыг үйлчлүүлэгчдийнхээ нууцыг заавал тайлагнаж байх хууль гарсны дараа Женев хотыг зүглэсэн тэрбумтнуудын тоо эрс цөөрсөн гэдэг.
Тэрбумтнууд Женевийн ойролцоох Колони гэдэг жижиг тосгонд амьдардаг. Колонид хамгийн хямд байшин 15 сая ам.доллар байдаг бол хамгийн үнэтэй нь 50 сая ам.доллар. Тиймээс Лондон, Парис хоёрыг бодвол сонголт илүүтэй гэж болно.


Амралт

Ийм онцгой газар амьдрах дуртай хүмүүс амрахдаа ч мөн адил цөөн хэдэн газрыг сонгож авна. Мэдээж мань мэт шиг амралтын газар энэ тэр хайж явахгүй. Бусдын хараанд өртөж, олны анхаарлыг татаад байхааргүй, урин дулаан уур амьсгалтай, тайван, хамгаалалт сайтай газар үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Мөн гол төлөв хувийн наран шарлагын газартай.
Тэрбумтнуудын 86 хувь нь гэр бүлтэй, хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй байдаг болохоор ийм газар үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эхнэр хүүхэддээ анхаарал тавихаас өөр аргагүй.
Статистик судалгаанаас үзвэл баячууд Францын Цэнхэр эрэг, Израйлийн Тель-Авив, Италийн Тосканаг сонгож авдаг. Эдгээр нь бүгд урин дулаан уур амьсгалтай, хамгаалалт сайтай, тайван газар. Бүгд далайн эрэг дээр. Тиймээс шаардлага гарвал баян хүн хувийн усан онгоцоороо хэзээ ч хөвөөд очиж чадна. Хамгийн гол нь бизнес явуулахад зайлшгүй шаардлагатай Лондон, Парис, Женев гэх мэт санхүү, эдийн засгийн төвүүдтэй ойрхон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан