Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр ойр дотныхоо хэн нэгнийг хөнгөхөн дөнгөхөөс эхлээд огт санаанд оромгүй өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа олон түмэнд хүрдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бусдыг хуурах их аянд нэгддэг уламжлал баруунд тогтоод удаж байна. Барууны хэвлэлүүд үзэгчид, уншигч, хүлээн авагчдаа ингэж хөөрхөн дөнгөсөн байх юм.
Малгайны үс ургаад байна
Их Британийн “Soldier” сэтгүүл 1980 оны дөрөвдүгээр сарын дугаартаа уншигчдаа алмайруулсан нэг мэдээ нийтэлжээ. Тэд Букингэмийн ордны хүндэт харуулуудын өмсдөг баавгайн арьсан малгайны үс ургаад байдаг учир үе үе тайрч засдаг тухай бичжээ. Эрдэмтэд энэ хачирхалтай үзэгдлийг “шинжлэх ухааны” үндэслэлтэйгээр тайлбарлаж, баавгайны арьсанд гормон нь хадгалагдан үлдсэн байдаг учир үхсэн хойно ч үс нь ургасаар байдаг гэжээ. Тэр ч бүү хэл энэхүү үзэгдлийг эрдэмтэд судлаад халзарсан хүмүүсийн толгойд үс ургуулах шинэ арга олсон гэж сэтгүүлд бичжээ.
Шпагетти тарьдаг болов
Яг ийм мэдээ 1957 оны дөрөвдүгээр сарын 1-нд
Их Британийн “Panorama” шоугаар гарчээ. Энэ шоунд Швейцарийн фермерүүд
шпагетти тариалж, өндөр ургац авч байгаадаа баяртай байгаа тухай
мэдээлж,модноос унжсан шпагетти гоймонг тариачид хэрхэн хураан авч
байгаа тухай дүрс ч үзүүлжээ. Нэвтрүүлгийн дараа олон зуун хүн телевиз
рүү утастаж, шпагеттиний модыг хаанаас авч, хэрхэн ургуулах тухай
зөвлөгөө хүсчээ. Харин ВВС хариуд нь хэсэг шпагеттиний гоймонг улаан
лоолийн сүмстэй хамт газарт булаад, сайн ургана хэмээн найдаарай гэсэн
хариу өгчээ.
Телевизээ өнгөт болгох арга
1962 онд Швед цорын ганц
телевизийн сувагтай байлаа. Тус телевизийн техникийн албаны дарга
дөрөвдүгээр сарын 1-ний мэдээгээр телевизээ хэрхэн өнгөт болгох тухай
зөвлөгөө хүргэсэн байна. Тэр үед зөвхөн хар цагаанаар гардаг
телевизортоо бүсгүйчүүдийн нейлон триког угласнаар телевизийн дүрс
өнгөтөөр харагдах болно хэмээн мэдэгдсэний дараа олон ч айлын эхнэр
трикогоо телевизийнхээ өмнө унжуулж үзжээ. Шведийн телевизийнхний
мөрөөдөл найман жилийн дараа биелж, жинхнээсээ өнгөтөөр гаргадаг болсон
юм.
Эрдэмтэд хэдэн ч хүүхэд төрүүлж болно
Хятадын “China Youth Dailу” сонин 1993 оны дөрөвдүгээр сарын 1-ний дугаартаа улсынхаа улс төрийн томоохон бодлогын талаар тоглож зүрхэлжээ. Тус сонины тэргүүн нүүрт доктор, профессор цол зэрэгтэй эрдэмтдийг “нэг хүүхэд” бодлогоос чөлөөлж, хэдэн ч хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль батлах гэж байгаа тухай мэдээлжээ. Энэ шинэ мэдээллийг бусад хэвлэлүүд өлгөн авч, Франц Пресс агентлагаар хүртэл мэдээлсэн байна. Сонины хошигнолыг уншигчид итгэж хүлээн авсан бол эрх баригчид бөөн уур унтуу болжээ. Хятадын Засгийн газраас “China Youth Dailу” сониныг барууныхны заншлыг дагаж, худал хуурмаг мэдээлэл тараасныг буруушааж, дөрөвдүгээр сарын 1-нийг худалчдын өдөр гэж нэрлэвэл таарна хэмээн ууртайгаар мэдэгдсэн юм.
Лениний хөшөө ч бас уйлдаг
Гэгээн Мэригийн хөшөө үе үе нулимс унаган уйлдаг тухай учир битүүлэг цуу яриа олон жил дамнан яригдаж байгаа. Харин 1995 онд уйлдаг хөшөөний тоо нэгээр нэмэгдсэн нь Ленин багшийнх байв. Италийн Кавриаго хот дахь Лениний хөшөө юунаас ч болсон юм уйлаад байдаг болсон тухай яриаг хэн нэгэн тарааж, сонирхсон олон зуун хүн хөшөөг удтал харж зогссон удаатай.
Элчин сайдын тэнэглэл
2003 оны дөрөвдүгээр сарын 1. АНУ Ирак руу цэрэг арми оруулаад удаагүй байлаа. Энэ үед Орос дахь Иракийн Элчин сайд Аббас Халаф Кунфут Москвад хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийнхэн энэ хурлаар Ирак ялагдлаа зарлах нь гэж таамаглаж байв. Гэтэл нэг цаасны тасархай барьж гарч ирсэн Элчин сайд огт өөр шоконд оруулах мэдээ хэлэв. Тэр нь АНУ Ирак руу цөмийн пуужин харвахдаа алдаж, Британийн цэргүүдийн онож, найман хүний аминд хүрсэн гэдэг мэдээ байв. Танхим тэр аяараа шоконд орж, хэсэгтээ чимээгүй болсон тэр үед бантсан сайд “Дөрвөн сарын 1” гэж гэмээ цайруулжээ.
Бүх хоригдлыг суллана
Румыний “Опиниа” сонин 2000 оны гуравдугаар сарын сүүлчийн дугаартаа “Бэйа Мэйр” шоронгийн бүх хоригдлыг дөрөвдүгээр сарын 1-нд суллах болсон тухай “баярт” мэдээ нийтэлжээ. Тэнд хоригдогсдын ар гэрийнхэн хотоос нэлээд зайтай шорон руу баяр хөөр болон явж, олноороо цугласан боловч нэг ч хүн шоронгийн хаалгаар цухуйсангүй. Бухимдсан хүмүүс сониноос юу болоод байгааг лавлавал манай дараагийн дугаарыг уншаарай гэжээ. Харин маргаашийн дугаарт нь хүмүүсийн хүсэн хүлээсэн зүйл биш харин “дөрвөн сарын 1” гэсэн тэнэг хариулт гарсан байлаа.
Солгой хүмүүст зориулсан бургер
1998 онд “Burger King” түргэн хоолны сүлжээ солгой хүмүүст зориулсан тусгай бургер цэсэндээ оруулсан тухай “USA Today” сонин мэдээлжээ. АНУ-д солгой гартай 32 сая хүн байдаг учир энэ мэдээллийг ихэд сонирхон хүлээн авч, олон зуугаараа Бургер Кингийг зорьжээ. Мөн энэ үеэр зөв гартай үйлчлүүлэгчид хүртэл баруун гартнуудад зориулсан бургер гаргаагүй юу хэмээн асууж байжээ. Харамсалтай нь, бургер идэхэд хүний баруун, зүүн гар ямар хамаа байна гэсэн хариу тэднийг угтжээ.
Лондонд харь гаригийнхан зочлов
1989 оны гуравдугаар сарын 31-нд хэдэн мянган хүн Лондоны хотын зах руу зүглэжээ. Тэд хотод буусан харь гаригийн хөлгийг харахаар явж байгаа нь тэр. Үнэхээр ч тэднийг хотын захад ирэхэд кинонд гардаг шиг харь гаригийн саарал хөлөг хүлээж байв. Айж балмагдсан хүмүүс цагдаагийн газар руу утасдаж, цагдаа нар ч ирж, үл таних биетийн хаалгыг зоригтойгоор онгойлгож. Хаалганы цаанаас жижигхэн биетэй, мөнгөлөг хувцастай “харийн” хүн гарч ирэхэд цагдаа огло үсрэн харайж, хар хурдаараа зугтсан гэдэг. Хөөрхий цагдаа тэр харийн хөлөг ердөө нэг тоглоом байсныг, харийн хүн жирийн хүүхэд байсныг тэр үед анзаараагүй аж. Энэ бүхэн бол “Virgin Records” компанийн захирал Ричард Брансон гэдэг хүний уран бүтээл байлаа.
Жүжигчний наргиа
1950 оны гуравдугаар сарын 29-нд Парисын Гранд
театрт тоглосон “Хатагтай Блэндиш” жүжгийн үеэр гол дүрийн жүжигчин
эмэгтэй гэнэт алга болжээ. Тайзан дээр тоглож байсан жүжигчинд нэгэн хүн
зурвас дамжуулсны дараа тэрээр сураггүй алга болжээ. Жүжиг дундаасаа
зогсч, үзэгчдэд тасалбарын мөнгийг нь буцаан өгөв. Жүжигчин бүсгүйг хайх
ажил дараагийн хоёр өдөр нь орон даяар өрнөөд олж чадсангүй.
Барьцаалагдсан эмэгтэйн тухай жүжигт тоглож байгаад учир битүүлгээр алга
болсон түүний тухай Франц даяар шуугьж, бусдын эрхшээлд орсон байх
гэцгээж байв. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-нд жүжигчин бүсгүй гэнэт
цагдаагийн газарт өөрийн биеэр ирж, энэ бүхэн театрын менежерийн
зохиосон хэрэг байсныг илчилжээ.
Интернэтэд согтуугаар нэвтрэхийг хориглоно
АНУ-ын “PC Computing” сэтгүүл интернэтэд согтуугаар нэвтрэхийг хориглох тухай хууль Конгресс батлах гэж байгаа тухай мэдээлжээ. Тэд энэ хүн итгэмгүй мэдээгээ үнэмшилтэй болгохын тулд интернэт сүлжээг холбооны мөрдөх товчоо хянаж, тухайн хэрэглэгч эрүүл эсэхийг хянана гэж тайлбарлажээ. Мөн интернэтэд нэвтрэх нь замын хөдөлгөөнд оролцохтой адил учир онлайн хөдөлгөөнд зохистой оролцох ёстой гэсэн үүднээс энэ хуулийг санаачилсан гэж мэдээлжээ. Гайхсан уншигчид Конгресс руу утасдаж, хачирхалтай хуулийн тухай асууж лавласны дараа молигдуулснаа мэджээ. Интернэттэй холбоотой өөр нэг молиго олныг хамарсан нь интернэт дэх хэрэггүй мэдээлэл, спам, и-мэйлийг устгаж, цэвэрлэх тухай мэдээлэл байв. 1997 онд гарсан интернэтийн их цэвэрлэгээний тухай мэдээлэлд олон мянган хүн итгэсэн гэдэг.
Нэг цаг зуун минуттай болов
Австралийн нэгэн телевиз “Энэ үдэш” хэмээх нэвтрүүлгээрээ цагийн системд томоохон өөрчлөлт орсныг үзэгчдэд дуулгажээ. Тэр шинэ өөрчлөлтөөр бол нэг минутад зуун секунд, нэг цагт зуун минут байдаг болж, нэг хоног 20 цагтай болжээ. Энэхүү мэдээллийг “баталж” Ерөнхий сайдын орлогч Дес Коркоран хүртэл цагийн шинэ системийг талархан хүлээн авч байгаа тухай ярилцлага өгсөн байна. Гайхсан үзэгчид телевиз рүү утас цохиж, цагаа хэзээнээс өөрчлөх тухай асуусны дотор нэгэн ууртай үзэгч саяхан авсан шинэ дижитал цагаа яаж тохируулахыг асуусан гэнэ.
Давхар хууртагдсан нь
1934 оны дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын хэд хэдэн сонинд, түүний дотор “The New York Times” сонинд хүн өөрийн уушигны хүчээр нисдэг төхөөрөмжийг хийлж, агаарт ниссэн тухай сонирхолтой мэдээ нийтлэгдсэн юм. Түүнд Германы нисгэгч Эрик Кохер өөрийн зохион бүтээсэн нисэх төхөөрөмжийг амаараа хийлээд тэнгэрт ниссэн тухай мэдээ зурагны хамт байв. Тэд энэ мэдээллийн эх сурвалжийг Германы “Berliner Illustrirte Zeitung” сониноос авчээ. Гэвч харамсалтай нь мэдээллийн эх сурвалж ердийн хошигнол болж таарч, Америкийн хэвлэлүүд ичгэвтэр байдалд оржээ.