Зээлийн батлан даалтын сан олон жижиг, дунд үйлдвэрлэгчийн бизнесийг өргөжин тэлэхэд тусалсан гэдэг. Харин өнөөдөр байдал ямар байгаа болон цаг үеийн асуудлын талаар сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуягтай ярилцлаа.
-Зээлийн батлан даалтын сан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тусламжийн гараа сунгаад жил гаруй хугацааг ардаа орхиж. Өнөөгийн байдлаар хэдэн үйлдвэрлэгчдэд туслаад байна?
-Өнгөрсөн хугацаанд 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 6,6 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргаж. Энэ нь, 16 тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг л дээ.
-Сангийн үндсэн зорилгын нэг нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх. Бизнес эрхлэгчдэд зээл олгосноор хөдөлмөрийн зах зээлд багагүй ажлын байр бий болсон байх?
-Тэгэлгүй яахав. Гуравдугаар сарын 25-ны мэдээллээр манайд нийтдээ 21,3 тэрбум төгрөгийн зээл хүссэн 137 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 8,9 тэрбумд нь батлан даалт гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс 100-д нь 6,6 тэрбумд нь батлан даалт гаргаж, 15,9 тэрбум төгрөгийн зээл авах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Үүний үр дүнд 272 ажлын байр шинээр нэмэгдэж, 897 ажлын байр хадгалагдах боломж бүрдсэн. Нийт батлан даалтад хамрагдагсадын 52 нь үйлдвэрлэл, 12 нь үйлчилгээ, 24 нь худалдаа, 12 нь хөдөө аж ахуйн салбарынх юм.
-100 аж ахуйн нэгжид зээл өгсөн гэхээр нэг бодлын хангалттай бас чамлалтай юм шиг санагдлаа. Батлан даалгаж чадаагүй 37 үйлдвэрлэгч ямар шалтгааны улмаас хасагдсан юм бол?
-Хэдий зээлийн батлан даалтын сан нь барьцаалах хөрөнгөгүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ёстой ч, эрсдэлээ бодолцох учиртай юм.
Бид батлан даах ёстой гээд эрсдэлээ тооцолгүй бүх хөрөнгөө гаргаад туучихаж болохгүй. Таны асуусан 37 жижиг, дунд үйлдвэрлэгчийн хувьд эрсдэлтэй бизнес эрхэлдэг, төсөл нь эргэн төлөлтөө хангаж чадахааргүй, өмнө нь найдваргүй зээлдэгч байсан учраас л хасагдсан. Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө татвар төлөгчдийн хуримтлалаас үүссэн төрийн мөнгө. Тэгэхээр бид эвий зайлуул, ажлын байр бий болгох юм гээд хяналт, шалгалтгүй өгчихөж болохгүй байгаа биз. Нөгөөтэйгүүр, батлан даалтын хороонд сангийн захирлаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн болон банкны төлөөлөл багтдаг учраас эрсдэлээ хамгаалах үүднээс эдгээр 37 аж ахуйн нэгжид татгалзсан хариу өгсөн гэж ойлгох хэрэгтэй.
-Гэхдээ та бүхний дэмжиж ажиллах ёстой хүмүүс бол жижиг, дунд үйлдвэрийнхэн?
-Тийм. Бид хууль дүрмийнхээ дагуу л ажиллах ёстой. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Ямар ч гэсэн дэмжих бодлогынхоо хүрээнд батлан даах журмынхаа зарим хатуу нөхцөлийг зөөллөх тал дээр анхаарлаа хандуулж байна. Жишээ нь, батлан даахаас татгалзвал зөрчлөө даруй засч санд өгвөл батлан даалтын хороонд материалаа хянуулах боломжтой. Түүнчлэн хүсч байгаа зээлийнхээ 20 хувиас илүү эсвэл тэнцэх хэмжээний зээлтэй бол батлан даалт гаргахгүй гэсэн заалтыг хөнгөрүүлж, чанаргүй бол гэсэн өөрчлөлт оруулсан. Энэ мэт журмынхаа зарим заалтыг зөөллөсөн. Журмаараа ажлын 10 хоногт батлан даах эсэхийг шийддэгийг аль болох богино хугацаанд буюу ажлын тав хоногт шийдэж байна.
-Зээлийн батлан даалтын сантай гэрээтэй арилжааны банкуудаас зээл авахаар босго болон хүү нь өндөр байна гэж ярих юм?
-Жишээгээр тайлбарлая. Зах зээлийн хамгийн шударга шүүгч нь хэрэглэгч гэдэг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Дулмаагийн үйлдвэрлэдэг талх Доржийнхоос хэлбэр загвар, амтаараа ялгарч их зарагддаг бол Дорж зах зээлээ алдахгүйн тулд судалгаа, тооцоо хийж хичээх ёстой. Энэ чинь л зах зээлийн шударга өрсөлдөөн бас Доржийг улам хичээж ажиллах ёстой гэсэн хэрэглэгчдийн тавьж буй шаардлага. Тэгэхээр тодорхой хэмжээгээр өндөр шаардлага тавихгүй бол үйлдвэрлэгч хөгжихгүй, эрсдэл ч гарах магадлалтай. Бидний үндсэн зорилго бол банкин дээр очоод гацдаг барьцаа хөрөнгийг нь л шийдэх. Харин банк өөрийнхөө ч, тухайн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үүсч болох ирээдүйн эрсдэлээс нь хамгаалж өндөр босго тавих нь зүй ёсны байх.
-Зээлийн батлан даалтын сан ашгийн бус байгууллага. Үнэхээр л жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм бол хүү нь бага байх ёстой юм биш үү. Бид чинь зах зээлд ажлын байр бий болгодог гэдэг утгаар нь жижиг, дунд үйлдвэрлэлийг л дэмжье гэж ярьдаг биз дээ?
-Банк болон банк бус санхүүгийн 11 байгууллагаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид манайхаар батлан даалт гаргуулан зээл авч байгаа. Бидний зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийнхээ хүүг буулга гэсэн нөхцөлтэйгөөр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулсан. Банк бүр журмаасаа хамаараад хүү нь өөр, өөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал таньж, мэдэхгүй банкаар дамжуулан зээл авах албатай биш шүү дээ. Өөр, өөрийнхөө харилцаж сурсан, итгэлийг нь хүлээсэн банкиндаа л хандах хэрэгтэй. Зарим банк олон жил харилцсан үйлчлүүлэгчдээ хөнгөлөлттэй нөхцөлтэй, бага хүү санал болгодог. Ашгийн байгууллага гэдэг утгаараа банк ч гэсэн найдвартай, байнгын үйлчлүүлэгчээ бага хүүгээр далласан бусдадаа алдахыг хүсэхгүй нь мэдээж.
-Гэхдээ л сангийн үйлчилгээний хураамж дээр банкны хүү нэмэгдэхээр үйлдвэрлэгчдэд дарамт болдог юм шиг санагддаг?
-Энэ талаар их яриа ярьдаг. Гэхдээ бид эхний ээлжинд банктай хамтарч ажиллаж байгаагийн хувьд итгэлийг нь олох ёстой. Дараа, дараагийнхаа шатанд банкуудад зээлийнхээ хүүг бууруулах нөхцөл, шаардлага тавих нь зүйтэй. Тэрнээс итгэлийг нь олж аваагүй байж шууд зээлийнхээ хүүг буулга гэж шаардах нь эртдэх байх аа.
-Тэгвэл заавал арилжааны гэж байхаар Төрийн банкаар дамжуулан олгож болоогүй юм уу. Ингэсэн тохиолдолд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ирэх санхүүгийн дарамт бага учрах байсан юм шиг?
-Хэрвээ нэг л банктай хамтран ажилласан бол зээлийн батлан даалтын хүртээмж багасах байсан. Хэдэн жилийн өмнө орон сууцны зээлийг хэдхэн банкаар дамжуулан олгоход ямар их оочер дугаар үүсч, иргэдийг бухимдуулж байлаа, тэр байдал давтагдах байсныг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, хуулиараа ч банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтэнд үндэслэж зээлийн батлан даалт гаргана гэж заасан учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шаардлага хангасан банкуудтайгаа хамтарч ажиллахаас аргагүй. Манай сангаас хийсэн судалгаагаар банкны жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан хүү сардаа 1,5-2,4 хувь юм билээ. Яахав, яваандаа банкууд зээлийн батлан даалтын сан жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчдэд өгөөжтэй, найдвартай байгууллага гэж ойлгоод ирэхээр нь зээлийнхээ жилийн хүүг буулгаач гэсэн нөхцөл манайхаас тавина. Ер нь, өнгөц харахад батлан даалтын үр шимээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч зээл авч байгаа мэт боловч найдвартай зээлдэгчтэй болдог гэдэг утгаараа банкинд ашигтай байдаг. Тийм болохоор яваандаа арилжааны банкууд хүүгээ буулгах хандлага руугаа явна. Түүнчлэн банкууд барьцаа хөрөнгийг үндсэн үнээс нь доогуур үнэлж авдаг. Цаг нь ирээд тохироо бүрдвэл барьцаа хөрөнгийн үнэлгээг өндөр болгооч гэж банкны удирдлагуудтай ярилцана гэж бодож байгаа.
-Энэ талаар их ярьдаг байх шүү. Ер нь, батлан даалтын хэмжээ зээлийнх нь 60 хувьд байгаа нь хэр оновчтой юм. Хэтэрхий бага уу эсвэл алтан дундажийг нь барьсан үнэлгээ юү?
-Өнөөгийн бизнесийн орчин, бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролын түвшинг харсан ч 60 гэдэг хамгийн оновчтой нь. Мэдээж, бизнесийн орчин сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесийн соёл нь өндөрсөж, сахилга бат нь дээшлээд ирэхийн цагт энэ талаар хууль тогтоох дээд байгууллагад хандан өөрчлөх бүрэн боломжтой л доо.
-Сангийн нийт хөрөнгө өнөөгийн байдлаар хэд байна. Батлан даалтын хорооны хурлын шүүлтүүрээр шүүгдэн зээл авсан үйлдвэрлэгчдийн зээлийн эргэн төлөлт хэр сайн явна вэ?
-Өнөөгийн байдлаар зээлийн батлан даалтын сан таван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Энэ жил төсөвт 10 тэрбумын санхүүжилт нэмэхээр тусгасан. Одоохондоо санхүүжилтээ аваагүй. Харин сангаар дамжуулан батлан даалгуулж зээл авсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэн төлөлт сайн байгаа. Нэг ч үйлдвэрлэгч хугацаанаасаа хоцорсон, чанаргүй зээлдэгч болоогүй. Манайхаас ч зээлийнхээ эргэн төлөлтөд сар бүр мониторинг хийдэг. Өнгөрсөн жилд ч ийм зөрчил гараагүй.
-Зээлийн батлан даалтын сан хөлөө олчихсон аж ахуйн нэгжүүдийг батлан дааж зээл өгч байна гэж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гомдоллодог. Энэ хэр үнэний ортой юм бэ?
-Тийм зүйл ёстой байхгүй. Ташаа мэдээлэл. Банкны шаардлагыг хангасан, бизнес төсөл нь хэрэгжих бололцооотой, санхүүгийн сахилга баттай гэдэг нь илт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж яваа хэнийг ч ялгадаггүй. Сангийн зорилго бол тухайн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч батлан даалтын хэрэгцээ шаардлагагүйгээр өөрийнхөө барьцаа хөрөнгөөр зээл авах чадвартай болтол нь өсгөж томруулах. Тиймээс банкны болон манай сангийн батлан даалт гаргуулах шаардлага хангаж байвал зээл авах боломжийг нь нээж өгдөг.
-Гол нь, зээл авъя гэсэн болгонд тусламжийн гараа сунгах нь хэр зүйтэй юм бэ. Бид цаашдаа нийгэм төдийгүй эдийн засагт ч хувь нэмрээ оруулахаар төслийг дэмжинэ гэж хэлдэг шүү дээ?
-Одоогийн байдлаар бид сангийн шаардлага хангасан хөрөнгө оруулалтын чиглэлийн төсөлд өгч байгаа. Тэрнээс Эрээнээс бараа татаад эргэлтийн хөрөнгө нэмнэ гэсэн бизнесээс илүү хөрөнгө оруулалтынхныг нь түлхүү дэмждэг. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болгох, тоног төхөөрөмжөө нэмэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Хэрвээ Засгийн газраас үйлдвэржилтийн бодлого гаргахдаа ноу-хаутай эсвэл инновацтай, импортыг орлох үйлдвэрлэл, экспортыг чиглэсэн үйлдвэрийг дэмжинэ гэсэн чиглэл гаргавал бид дагана. Өнөөгийн байдлаар зээлийн батлан даалтын сангийн бодлого бол хөрөнгө оруулалтын бизнесийг дэмжих. Хоёрт, хөдөө орон нутаг, хотын захын дүүргүүдийн барьцаа хөрөнгө дутагдалтай бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог.
-Орон нутаг гэснээс хөдөөгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань танайхаар батлан даалгуулж хэр зээл авдаг юм?
-Батлан даалтын үйл ажиллагаа орон даяар хэрэгжих учиртай. Өнгөрсөн жил батлан даалгуулж зээл авсан аж ахуй нэгжийн 78 хувь нь хотынх байсан. Тэгэхээр хөдөө орон нутгийнхны хувьд бага байна гэсэн үг. Орон нутгийн иргэдийн хамрагдах хүрээ бага байгаа учраас аймгийнх нь Хөдөлмөрийн хэлтсийн нэг мэргэжилтэнг сангийнхаа төлөөлөгчөөр ажиллуулан сургалт, сурталчилгаа, мэдээллийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нь өгүүлж байна. Түүнчлэн аймаг нь манай санд хөрөнгө оруулах замаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ батлан даалт гаргуулан зээл олгох боломж ч байдаг л даа.
-Ирээдүйд ашиг өгөх төслийг санхүүжүүлэх болох эсэх талаар банкныхан их ярьдаг. Зээлийн батлан даалтын сангийн хувьд батлан дааж зээл олгох боломжтой юу?
-Энэ чиглэлийн олон улсын туршлага бий л дээ. Ялангуяа, Солонгос улсын КОТЕК гэдэг байгууллага шинэ техник технологи, ноу-хаугийн чиглэлээр бизнес эрхэлж байгаа компаниудад зээл авахад нь 100 хувь батлан даах тохиолдол байдаг. Энэ байгууллагын удирдлагатай нь уулзаж туршлага солилцоход шинэ санаа, санаачилга нь хэр үнэ цэнэтэй гэдгийг нь үнэлэх аргачлалаар тооцдог гэсэн. Иймээс судалж байж өөрийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлэх бодол бий. Одоохондоо юу, юуны духанд хүрэлгүй нэвтрүүлэх нь арай л эртэднэ. Эхлээд батлан даалт гэж юу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулчихаад дараа нь энэ чиглэлийг нэвтрүүлье.
-Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд хороодоор нь дамжуулан нийслэлээс зээл олгох талаар яригдаж байгаа. Хэрвээ энэ зээлийг авч байсан хүн танай санд хандвал батлан даалгуулж болох уу?
-Зээлийн батлан даалтын санд хамрагдана гэдэг нь банк санхүүгийн байгууллагын дүгнэлтэд үндэслэж, батлан даалтад хамрагддаг юм. Тэгэхээр боломжгүй.
-Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд туслаач гэсэн үйлдвэрлэгч бүрт гараа сунгадаг зээлийн батлан даалтын сан маань тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахын тулд хөрөнгөө яаж арвижуулан өсгөдөг юм бэ. Эсвэл зөвхөн сайн санааны буяны байгууллага уу?
-Манайх чинь батлан даалгуулсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ шимтгэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Нэг ёсондоо, үйлчилгээний хураамж болон батлан даалтын шимтгэлийн орлогоороо үйл ажиллагааныхаа зардлыг нөхдөг. Энэ маань үйл ажиллагааны зардлыг нөхөхүйц хэмжээнд хүрдэггүй л дээ. Улсаас ч үйл ажиллагааны зардал гэж авдаггүй юм. Яахав, батлан даалт гаргах хугацаа, дүнгээс нь хамаараад нэг удаагийн хураамж маань нэмэр болдог. Хэрвээ өөрийн хөрөнгө дутвал Засгийн газарт хандаж нэмж төсөв авах эсвэл хөнгөлөлттэй зээл авах боломжтой. Эсвэл хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагаа ухамсарласан томоохон компанийн хөрөнгө оруулалтыг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд батлан даалт гаргах замаар хөрөнгөө арвижуулаад явах арга зам ч бий л дээ.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 400 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэдэг. Энэ хөрөнгийн хэдэн хувийг зээлийн батлан даалтын сан эзэлж байна. Та надад тоон дүнгээр хэлж өгөөч?
-Бараг найман хувь нь манай сангийн хөрөнгө байх шүү. Ер нь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд аль болох ачаалал, дарамт багатайгаар зээл олгох нь чухал. Манай сан ашгийн бус учраас барьцаа хөрөнгөгүйгээс үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэхийн тулд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий. Төлөвлөсөн ажил маань хэрэгжихээр энэ салбарт эргэлдэх зээлийн батлан даалтын сангийн хувь нэмэр өсөх нь дамжиггүй.