Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон сууцны ам метр талбайн үнэ 249 мянган төгрөгөөр өсчээ

Нэг үеэ бодвол, нийслэлд хаа сайгүй л шинэ барилга сүндэрлэх болж. Гэвч хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, үнийн хөөсрөлт ихтэй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Он гарснаас хойш орон сууцны үнэ дахин нэмэгджээ. Тэгэхээр үнийн хөөсрөлт багасаагүй, иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл улам л холдсоор байна гэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь  ам.долларын ханшийн савалгаа аж. Үүнийг  үл хөдлөх хөрөнгийн энэ оны эхний улирлын зах зээлийн судалгаанаас харж болно. Тухайлбал, “Master Properties” компанийн судалгаанд дурдсанаар Улаанбаатарт тансаг, стандарт сайн, стандартын гэсэн зэрэглэлтэй орон сууцны 189 төсөл хэрэгжиж үл хөдлөх хөрөнгийн зах зээлд борлуулагдаж байна. Эдгээр төслийн орон сууцны  ам метр талбайн үнэ 0.3-17.2 хувиар өсчээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл орон сууцны ам метр талбайн үнэ энэ оны эхний улиралд 14-249 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн тооцоо гарч буй. Үнийн нэмэгдлийг зэрэглэлээр аваад үзье. Тансаг зэрэглэлийн орон сууцных 0.3-8, стандарт сайн нь 0.7-17.2, стандарт нь 3.1-15 хувиар нэмэгдсэн аж. Ингээд тансаг зэрэглэлийн орон сууцны ам.метр талбай  3.5, стандарт сайн нь 2.5, стандартынх нь 1.9 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Ерөнхийд нь, дээрх үнийн дундажийг тооцоод үзвэл Улаанбаатар хотод орон сууцны ам.метр талбайн дундаж үнэ 2.3 сая төгрөгт хүрчээ.  Тэгэхээр орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 437 мянган төгрөг буюу 22 хувиар өсөв. Харин хоёрдугаар сарын үнийн мэдээтэй харьцуулбал  48 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Дээр дурдсан 189 төслөөр ирэх оны нэгдүгээр улирал гэхэд нийт 33 мянга 603 айлын орон сууц ашиглалтад орно. Үүний 32 мянган айлынх нь стандарт сайн,  стандартын  буюу энгийн орон сууцны барилга юм.

Монголбанкны мэдээллээс үзвэл орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байна. Жишээ нь, гуравдугаар сарын сүүлчээр өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүд шилжүүлэх хүсэлт арилжааны банкинд иржээ. Үүнээс банкууд 17614 иргэний  499.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Үүнээс гадна  орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл арилжааны банкууд хүлээн авсан аж. Ингээд  16715 иргэнд 930 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон байна.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг дагаад  хуучин орон сууцны үнэ ч өссөн байна. Тухайлбал,  Сүхбаатар дүүрэгт хуучин  орон сууцны үнэ хамгийн өндөр нь. Тус дүүрэгт нэг өрөө орон сууц 80, хоёр өрөө нь 125, гурван өрөө 179 сая төгрөг гэнэ. Харин Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ адил түвшинд . Жишээ нь,  нэг өрөө орон сууц 68, хоёр өрөө 112, гурван өрөө 168 сая төгрөгөөр үнэлэгджээ. Бусад дүүрэгт нэг өрөө орон сууц 70-75, хоёр өрөө нь 94-118, гурван өрөө нь 115-153 сая төгрөгт хэлбэлзэж байна. Тэгэхээр хуучин орон сууцны  нэг ам метр талбайн үнэ 1.8-2.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна гэсэн үг.
Үл хөдлөх хөрөнгийн борлуулагчид болон эдийн засагчдын хэлснээр энэ онд орон сууцны үнийн өсөлт 10 хувиас хэтрэхгүй гэж байгаа. Учир нь, гадаад валютын ханшийн өсөлтийн улмаас барилгын материалын үнэ нэмэгдэх юм. Иймд энэ онд Улаанбаатар хотод орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 2.6 сая төгрөг гарах тооцоо бий.  Гэвч зарим судлаач орон сууцны үнэ чинээндээ тултал хөөсөрсөн. Дахиад үнэ нэмэгдэх боломжгүй гэсэн төсөөлөл бий. Хэрэв үнэ дахин өсвөл иргэдийн худалдан авах чадвар хүрэхгүй тул эрэлт аяндаа саарч үл хөдлөх хөрөнгийн борлуулалт унана гэдэг. Сүүлийн жилүүдэд орон сууцны эрэлт үйлдвэрлэлээ давж байсан тул үнэ нь суга өссөн. Энэ хэрээр инфляцад нөлөөлдөг нэг гол хүчин зүйл болсон билээ. Мөн төгрөгийн ханшийн сулралт иргэдийн халааснаас орлогыг нь хумсалж буй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурах магадлал бий аж.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан