Норвегид 18 настай хүү гарынхаа шуунд McDonalds"-т үйлчлүүлсэн тооцооны хуудсаа тэр чигээр нь шивүүлж, олны нүдийг орой дээр нь гаргах шахжээ. Штайн Иттердал хэмээн энэ оюутан найзуудтайгаа хамт түргэн хоолны газарт үйлчлүүлж байхдаа л гэнэт ингээд шийдчихсэн гэнэ. Түүнийг охидын хойноос хэтэрхий их хөөцөлдөөд байгаа учраас найзууд нь шийтгэнэ гээд өгзөг дээрээ барби шивүүл, эсвэл тооцооны хуудсаа гар дээрээ шивүүл гэсэн хоёр сонголт өгчээ. Мэдээж, тэрээр сүүлчийнхийг сонгосон бөгөөд шивээс хийлгэх гээд очиход нь зураач нь гайхаж хоцорчээ. Гэвч тэрээр үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр тооцооны хуудас дээрх бүх хоолны нэр, үнийг хаяг тэргүүтэнтэй бүгдийг нь шивж өгсөн байна.
Амьдралдаа ийм хачин шивээс хийж байсангүй хэмээн гайхсан зураач "Sabelink Tatoo" салоныхоо Facebook-т зургийг нь нийтэлсэн нь олон нийтийн сүлжээгээр олны сонирхлыг их татжээ. Энэ нь цааш дамжиж явсаар, орон нутгийнхаа сонин дээр хүртэл гарсны дараа хүүгийн эцэг эх олж мэдчихээд шивээсээ арилгахаас нааш гэртээ ирээд хэрэггүй хэмээн цахилгаан шуудан илгээсэн байжээ.
Гэвч Штайн Иттердал ийм содон сонин шивээс хийлгэсэндээ огтхон ч харамсахгүй байгаа гэнэ. Хамгийн хөгжилтэй нь, шивээсний салоныхон түүний шивээс хийлгэсэн төлбөрийн хуудсыг үнэ төлбөргүй шивж өгье гэдэг санал тавьж, хүү ч удахгүй хийлгэхээр зөвшөөрчихөөд байгаа аж.
Штайны гар дээрх шивээсийг McDonald"s-ынхон өөрсдийнх нь хийсэн сурталчилгаа биш, гэхдээ ийм явдаг сурталчилгааны самбартай байхад болохгүй юу байх вэ хэмээн тайлбар өгчээ.