Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэр бүхий 27 аж ахуйн нэгжийг 3 жилийн хугацаагаар худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй болсноо мэдэгдэж байна. Эдгээр аж ахуйн нэгж илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн зөрчил гаргаж, Сангийн сайдын 2014 оны 49 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан юм. Цаашид гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг энэхүү жагсаалтад оруулахаар Сангийн яамны улсын байцаагчид ажиллаж байгаа юм байна.
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгжийг худалдан авах ажиллагаанд оролцуулсан мэргэжлийн байгууллага, сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо, гэрээ байгуулсан захиалагчийн хяналт тавих үүрэгтэй бүх л субьектэд хариуцлага тооцон, олон нийтэд зарлах ажлыг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Иймд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баримт бичгийг үнэн зөвөөр бүрдүүлэн мэдүүлэх, шалгарсан компаниуд гэрээний үүргээ биелүүлж, гүйцэтгэлийг хариуцлагатай хийх тал дээр анхаарал тавьж ажиллахыг зөвлөж байна.