Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ-ЫН БҮРТГЭЛД СУРАГЧДЫН 70 ГАРУЙ ХУВЬ ХАМРАГДЖЭЭ

Элсэлтийн ерөнхий шалтгалтын бүртгэл дуусахад 10 гаруйхан хоногийн хугацаа үлдлээ. Энэ жил улсын хэмжээнд 43087 сурагч ерөнхий боловсролын дунд сургууль төгсөхөөс одоогоор 70 гаруй хувь нь бүртгүүлж амжжээ.
Онлайнаар бүртгүүлэх ёстой энэ бүртгэлд хотын сурагчид ангийн багш болон Мэдээлэлзүйн багшийнхаа тусламжтайгаар хялбархан бүртгүүлж байгаа бол интернэт бүү хэл тог цахилгаан нь хязгаартай сумдын сурагчид нууц дугаараар бүртгүүлж байгаа аж. Хөдөө, орон нутгийн сурагчдын онлайн бүртгэл хариуцсан тусгай баг БШУЯ-аас гарч ажиллаж байгаа учраас бүртгүүлээгүй үлдсэн сурагч байхгүй гэнэ.

Ер нь, түрүү жилийн ЭЕШ-аас хоцорсон, бүртгэл дуусах хугацаа дөхүүлж олноороо хандсанаас банкны ачаалал нэмэгдсэн зэрэг өмнөх туршлагаас сургамж авсан бололтой энэ жилийн төгсөгчид харьцангуй эрт бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ “Бүртгэлийн журамд хугацаа сунгахгүй, нэмэлт бүртгэл явуулах гэж нарийн зааж өгсөн учраас сурагчид  эрт бүртгүүлж байна” гэсэн юм.
Энэ жил ЭЕШ-д орох төгсөгчид шалгалт тус бүрээр 5800 төгрөгийн хураамж төлж, түүнийхээ батламжийг 700 төгрөгөөр авч байгаа аж. Батламж дээр тухайн сурагчийн овог нэр, шалгалт өгөх хичээлийн нэр, суудлын дугаар бичжээ. Бүртгүүлсэн батламжийг сургуулиар нь дамжуулан тарааж байгаа бол өмнөх оны төгсөгчдийнхийг ЭМШУИС дээр тарааж байгаа гэнэ.

Бүртгэлийн хураамжаас болж сурагчид шалгалтын тоогоо цөөлжээ

Сурагчид хүссэн сур­гуульдаа орохын тулд хам­гийн доод тал нь таван хи­чээлээр шалгалт өгдөг. Та­ван хичээлийн шалгалтын бүрт­гэлийн хураамж, бат­ламж­тайгаа 29700 төгрөг. Өө­рөөр хэлбэл төгсөгчид зөвхөн ЭЕШ-д орохын тулд 30 орчим мянган төгрөг төлж байгаа аж. Энэ нь амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд хүндээр тусч, өгөх гэсэн шалгалтынхаа тоог цөөлж байгаа тухай ч сурагчид ярьж байна.
21 дүгээр сургуулийн 11е ангийн сурагч А.Номингэрэл таван хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж байгаа аж. Түүний хувьд онлайнаар бүртгүүлэхэд ойлгомжгүй юм уу бэрхшээлтэй зүйл байгаагүй гэнэ. Гэвч шалгалтын хураамжийн тухайд “Бидний хувьд хамгийн том бэрхшээл нь мөнгө байсан. Тиймээс зарим сурагч шалгалтынхаа тоог цөөлж гурав болгосон” хэмээн ярилаа.
53 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Долгорсүрэн нийт долоон хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Түүний хувьд шалгалтын хураамжинд санаа зовоогүй, хүссэн бүх хичээлээрээ л шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа аж.
ЭЕШ-д бүртгүүлэхэд хураамж ганц асуудал нь биш гэж албаныхан хэлж байна. Сурагчид онлайнаар бүртгүүлэхдээ стандартын бус буюу 3x4 хэмжээнээс хэтэрсэн зураг оруулах, бүртгэлийн хуудсыг үг үсгийн алдаатай бөглөх, хувийн мэдээлэл буюу овог нэр, төрсөн он сар, оршин суугаа хаяг, сургуулийн нэр, шалгалт өгөх хичээлийн нэр зэргээ буруу бичих гэх мэт алдаа цөөнгүй гаргажээ. Гэхдээ ийм алдаа гаргасан бол бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Боловсролын үнэл­гээ­ний төв дээр бичиг баримт­тай­гаа очоод засуулж болох юм байна.

Зарим сургууль босго оноогоо нэмжээ

ЭЕШ-д орох бүх сурагч монгол хэл бичгийн шалгалтыг нэгдсэн журмаар өгөхөөр болсон. Гэхдээ энэ удаагийн шалгалтын дүн ЭЕШ-д орох эсэхийг шийдэхгүй юм. Харин ирэх жилээс монгол хэл бичгийн шалгалтад хангалтгүй дүн авбал ЭЕШ-д оруулахгүй гэсэн журам үйлчилнэ.  
Энэ жилээс нэмэгдсэн монгол хэл бичгийн нэгдсэн шалгалтын талаар сурагчид, багш нар, эцэг эхчүүд эерэг байр суурьтай байна. Эх хэлээрээ зөв сайхан ярьж, найруулж бичиж сурах нь чухал учраас монгол хэлний шалгалт авах нь зөв гэх нэгэн байхад мэргэшихээр судалж буй хичээлийнхээ хажуугаар энэ шалгалтанд бэлдэх нь сурагчдын ачааллын нэмж байна гэж шүүмжлэх хэсэг ч байна.
Энэ жил ЭЕШ-ын дундаж оноог 496-гаас буулгахгүй гэж БШУЯ зорьж байгаа учир зарим их дээд сургууль босго оноогоо нэмжээ.
Тухайлбал, Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 496, түүнээс дээш байна хэмээн заасан байна.
Б.Лхагвасүрэн
С.Баасандулам





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан