“Өдрийн сонин”-ы өчигдөр, уржигдрын дугаарт МХЕГ-ын дарга Д.Батмөнхийн хууль бус үйлдлийн тухай нэгэн нийтлэл гарчээ. Товчхондоо, тэрээр Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргатайгаа нийлж, “New mass” шөнийн клубийн эзэн болох Баттөмөртэй архидаж, сүүлдээ зодоон цохиондоо хүрсэн гэнэ. Маргааны гол шалтгаан нь мөнгөтэй холбоотой хийгээд шөнийн клубийн эзэн ч энэ үйлдлийг нь бичлэг хийн баримтжуулжээ.
Удаа дараа мэргэжлийн хяналтынханд дарамтлуулж, хахууль өгч буйдаа бухимдсан шөнийн клубийн эзэн бичлэгээ ашиглан дараагийн удаа ирэх дарамтаас ангижрах гэсэндээ ийн дүрсжүүлсэн гэнэ. Түүнчлэн БНХАУ-аас гахайн өөх хууль бусаар оруулж ирсэн, түүнийг нь эсэргүүцсэн ажилчдаа үндэслэлгүйгээр халсан тухай ч эл нийтлэлд хөндсөн байна. Харин сонины дугаар дамнасан уг нийтлэл худал гүтгэлэг хэмээн МХЕГ-ын дарга Д.Батмөнх мэдэгдлээ. Ор үндэсгүй гэдгийг нотлох хэд хэдэн бичиг баримт барьсаар хэвлэлийнхэнд хандахдаа шөнийн клубт зодолдсон гэх Баттөмөртэй хамт ирсэн юм. Энэ талаар тайлбарлахдаа “Би Баттөмөр гэдэг залуутай зодолдох нь бүү хэл, танихгүй, огт харж байгаагүй. Сонинд гарсан нийтлэлийн дагуу холбогдож, үнэнийг хэлж өгөөч гэж гуйсны дагуу энэ залуу өнөөдөр ирсэн. Анх удаа л харж байна” гэсэн юм. Клубийн эзэн Баттөмөр ч үүнийг нь бататган “Би огт бичлэг хийгээгүй. Зодоон гарсан гэх өдөр Хонкогт явж байсан. Тэр өдөр манай клуб ажиллаагүй гэдгийг өөрийн биеэр батална” гэх хоёр өгүүлбэр хэлэв.
“Би өөрийгөө өмгөөлөх гээгүй, харин үнэнийг хэлэх гэж ирлээ. Цэвэр гүтгэлгийн шинж чанартай, хувь хүн, төрийн байгууллагын нэр төрийг гутаасан худал мэдээлэл гаргасанд харамсч байна” хэмээн яриагаа эхэлсэн Д.Батмөнх дарга эхний баримтаа үзүүлсэн нь Баянгол дүүргийн Засаг даргын захирамж байв. Байнга цаг хэтрүүлэн ажилладаг “New mass” шөнийн клубийн үйл ажиллагааг түр хаах тухай уг захирамж нэгдүгээр сарын 5-наас өмнөх он сартай. Үүнийх нь дагуу клуб ч ажиллаагүй хаалттай байжээ. Дараагийн асуудал нь БНХАУ-аас гахайн өөх хууль бусаар оруулж ирсэн тухай. Нийтлэлд дурдсанаар гахайн халдварт өвчин гарсан урд хөршөөс дэлхийн бусад орон гахайн махны импортоо зогсоосон байхад Д.Батмөнх импортоор авах шийдвэр гаргаж 30 орчим тонн гахайн өөх оруулж ирсэн. Энэ шийдвэрийг нь эсэргүүцсэн Улсын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Төгсбаярыг ажлаас нь халж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэн, Экспорт, импортын хэлтсийн дарга н.Одонтунгалаг нарт сахилгын арга хэмжээ авч албан тушаалаа хэтрүүлсэн гэсэн нь ч худал гүтгэлэг гэнэ. Д.Батмөнх дарга үүнд хариу тайлбар өгөхдөө “Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Төгсбаярыг би өөрийнх нь бичсэн өргөдлийн дагуу чөлөөлсөн. Бөөрний даралттай болсон тул үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэсэн гараар бичсэн өргөдөл нь надад байна. Түүний ажлаас халагдсан нь гахайн өөхтэй ямар ч холбоогүй. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би энэ байгууллагад олон жил бугшсан бохир заваан зүйлийг цэвэрлэх гэж ирсэн. Тэр утгаараа НМХГ-ын дарга Даваасүрэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би Авлигатай тэмцэх газарт албан тоотоор өгсөн. Үүнийг илт гуйвуулсан байна” гэв.
БНХАУ-аас нэг грамм ч гахайн өөх оруулаагүй
Гахайн өөх оруулж ирсэн асуудалд Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал болон холбогдох албаны хүн тайлбар өгсөн юм. МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч н.Нямдорж “Гахайн өөхтэй холбоотой мэдээлэл буруу ташаа юм. Бид БНХАУ-ын Хорио цээр, чанарын хяналтын алба руу Хятадын аль мужийн ямар үйлдвэр чанарын шаардлага хангасан байна вэ гэдгийг мэдээлээч гэсэн утгатай бичиг явуулсан. Хариуд нь гоц халдварт өвчин гараагүй, хүнсний аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан найман үйлдвэрийн нэр ирсэн. Бид Хүнсчдийн холбоогоор дамжуулан үйлдвэрлэгч, импортлогч нарт энэ тухай дуулгахад манайхан гурван төрлийн бүтээгдэхүүн импортлох хүсэлтэйгээ хэлсэн. Үүнийх нь дагуу газар дээр нь очиж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тэнд бүтээгдэхүүнээ олон улсын шаардлага хангасан лабораторт шинжилж, бүх шатанд нь хяналт тавьдаг юм билээ. Ингээд импортлох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ одоогоор БНХАУ-аас нэг грамм ч гахайн өөх мах орж ирээгүй байгаа” гэв. Манай улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд гахайн өөх, махны хэрэгцээ их байдаг. Жилд 2300-2400 тонн махны хэрэгцээ байдаг гэж үзэхэд 1700-1800 тонныг импортоор авдаг аж. Үүнээс харахад хэрэгцээтэй байгаа гахайн өөх, махныхаа 31 хувийг дотоодоосоо хангаж, үлдсэн 69 хувийг импортоор авах шаардлагатай гэнэ. Иймд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хуулийн хүрээнд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгжээс импортлон авах нь зүйн хэрэг гэнэ.
Мэдээллээ албаны эх сурвалжаас авсан. Баримт хангалттай бий гэв
Юутай ч, төрийн томоохон албаны дарга хүн үнэхээр увайгүй аашлав уу эсвэл сонины нийтлэл худал байв уу гэдгийг энд шүүх гэсэнгүй. Харин эрхэм уншигч танд өөрийн үүргийн дагуу тал, талын байр суурийг хүргэхийг зорьсон юм.
Ингээд “НМХГ-ын дарга С.Даваасүрэнг Засаг дарга нарт тавьсан санхүүгийн актуудыг хүчингүй болгож, авлига авсан хэрэгт сэжиглэж байна” гэх гарчигтай дээрх нийтлэлийг бичсэн “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Г.Ялгуунтай уулзаж, хэдэн асуултад хариу авлаа.
-Таны бичсэн мэргэжлийн хяналтынхантай холбоотой нийтлэлийг газрын дарга нь үндэслэлгүй гүтгэлэг хэмээн мэдэгдсэнийг та сонссон байх?
-Эх сурвалж байлгүй яахав. Баримт нь хууль хяналтынханд байгаа. Дүрс бичлэгээрээ ч бий. Мэдээж, албаны эх сурвалжаас гадна хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэж нийтлэлээ бичсэн.
-Шөнийн клубийн эзэн Д.Батмөнх даргыг огт танихгүй гэлээ?
-Чи сэтгүүлч хүн. Би чамаас асууя. Огт танихгүй хүн төрийн байгууллагын даргыг дуудангуут гүйж ирээд хамт мэдээлэл хийх үү. Зодоон болсон баарны эзэнд ашигтай болоод л ирсэн байж таарна. Тэгэхээр ямар нэг байдлаар холбоотойг нь эндээс ч харж болохоор байгаа юм.
-Мэдээж, бидэнд эх сурвалжаа нууцлах эрх бий. Гэхдээ өөрийн чинь эх сурвалж хэр баталгаатай вэ. Жишээ нь, НМХГ-ын дарга Төгсбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн?
-Яг энэ асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагын дотроос нь мэдээллээ авсан.
-Тэгвэл нэг грамм ч гахайн өөх оруулаагүй гэснийг юу гэх вэ?
-Оруулж ирэх шийдвэр нь гарчихсан шүү дээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын захын хүнээс асуухад хэлээд өгнө. Арав, арван тонноор билүү 30 орчим тонн гахайн өөх хоёрдугаар сард орж ирсэн байдаг.
-Шүүхэд гомдол гаргана гэсэн. Хэрэв шүүхдвэл айх зүйл байхгүй гэсэн үг үү?
-Товчхон хэлэхэд, бидэнд баримт байгаа. Төрийн албыг авч яваа дарга хүн болсон үйл явдлыг далдаж, өөрийгөө хамгаалан хэвлэлийн хурал зарлаад явах нь утгагүй.