Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдлөх хөрөнгө барьцаалах зээл эдийн засгийн шинэ хөдөлгүүр


Монголын эдийн зас­гийн форумын хоёр дахь өдөр Санхүүгийн салбарын бодлого-эдийн засгийн өсөл­тийн хурдасгуур сал­бар хэлэлцүүлэг боллоо. Олон улсын санхүүгийн кор­по­рацын гүйцэтгэх захирал Ларс Таннел болон Монгол, Хятад, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Хён Чан-Чо нар удирдан явуулсан юм. Тэд хэлэлцүүлгийн хүрээнд эдийн засгийн өсөлтөд хурдасгуур болох шинэ үзэгдэл нь хөдлөх хөрөнгийн барьцаа гэж үзсэн байна. Тодруулбал, аливаа зээл авахад барьцаа шаарддаг бөгөөд заавал үл хөдлөх хөрөнгө байх ёстой гэдэг. Олон улсад түгээмэл болсон энэ хандлагын хажуугаар хөдлөх хөрөнгийг барьцаанд тооцох болсон нь эрчимтэй дэлгэрч буй аж. Анхны үр дүн нааштай гарсныг ч ноён Хён Чан-Чо жишээ татан хэллээ.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь зээл авахын тулд өөрийнхөө эсвэл өөр хэн нэгний орон сууц барьцаалж байна. Гэвч энэ нь бизнесийн хүрээнээс хальж гэр бүлийн хэрэгт орж буй хэрэг. Харин ЖДҮ эрхлэгчдэд хөдлөх хөрөнгө, бусад баялгаа барьцаа болгох бололцоо байдаг хэдий ч банкнаас хүлээж авах нь тун ховор. 2010 онд Монгол Улсад олгосон нийт зээлийн 50.4 хувьд барилга, орон сууц барьцаалсан байдаг бол багагүй хэсэгт бэлэн бүтээгдэхүүн барьцаалжээ. Харин хөдлөх хөрөнгө барьцаалж зээл гаргасан нь ердөө 37 бүртгэгдсэн аж. Үүнээс үзэхэд хөдлөх хөрөнгөтэй ч бизнесээ өргөжүүлж чаддаггүй олон үйлдвэрлэгч бий гэж ойлгож болох юм.

Гэвч дээрх нөхцөл нь өөрөө хууль, эрхзүйн хүрээнд бүрэн гүйцэд шийдэгдээгүй байдаг гэнэ. Тиймээс Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг шаардлагатай байгаа хуулийн төсөл боловсруулж буйгаа хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Шинэ хуульд тусгаснаар зээл хүссэн бизнес эрхлэгч ирээдүйд олох орлого, үнэт цаас, лиценз болон бусад хөдлөх хөрөнгөө барьцаалах бололцоотой. Өнөөдрийг хүртэл яагаад хөдлөх хөрөнгө барьцаа болдоггүй байсан бэ гэдэг асуултад тэрээр дараахь байдлаар хариулт өгөв. “Хөдлөх хөрөнгө нь ямар нэг бүртгэл, тодорхойлолтгүй байдаг учраас банкны шаардлага хангаж барьцаа болж чаддаггүй. Тиймээс шүүхийн процедураар шийд­вэрлэж барьцаанд тодор­хойлох бололцоотой. Өнөө­дөр зарим үл хөдлөх хөрөнгийн барьцаа ч ийм зарчмаар явж байгаа” гэлээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэхчлэн хэд хэдэн байгууллага хөрөнгийн бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр бүртгэлийг улам чанартай болгосноор хөдлөх хөрөнгө зээлийн өмнө үнэд орох аж. Гэхдээ ингэлээ гээд иргэн Доржийн бүх хөрөнгийг бүртгэлд оруулахгүй, гагцхүү зээл авахад хангалттай үнэ цэнэтэй, барьцаа болж чадахуйц зүйлийг бүртгэх гэнэ.

Олон улсын санхүүгийн корпорац хоёр зорилт тавин ажилладаг. Юун түрүүнд ядуурлыг бууруулах, хоёрт эдийн засгийн хөгжил хангах. Үүний тулд эдийн засгийн тууштай хөгжил бүрдүүлэх шаардлагатай юм. Тууштай өсөлтөд хүрье гэвэл уул уурхайн салбараас өөрөөр эдийн засгаа төрөлжүүлэх тухай ярьж байна. Үүнд зөвхөн банкны асуудал хөндөхгүй банк бус санхүүгийн байгууллагыг хэрхэн оролцуулах талаар Засгийн газраас бодлого гаргах хэрэгтэй гэж үздэг аж. Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн хөрөнгийн барьцааг нэмэх асуудлаар олон оронд судалгаа хийжээ. Тухайлбал, БНХАУ хөдлөх хөрөнгөөр зээл олгодог тогтолцоо нэвтрүүлснээс хойш дөрвөн их наяд ам.долларын хөрөнгө зах зээлд шинээр гарсан гэнэ. Харин Вьетнамд 2.8 тэрбум ам.долларын зээл шинээр үүсэх боломж бүрдүүлж. Мексикт л гэхэд сүүлийн гурван жилийн дотор нийт зээлийн хэмжээ нь дөрөв дахин нэмэгдэж, шинээр хоёр тэрбум ам.долларын зээл олгосон гэв.
Мексикийн нийт зээлийн 45 хувийг хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл эзэлж буйг ноён Хён Чан-Чо хэллээ. Товчхондоо, хөдлөх хөрөнгө зээлийн барьцаа болох нь жижиг дунд үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд ихээхэн давуу тал, шинэ боломж нээж өгнө. Банк, банк бус санхүүгийн байгууллагын шатанд хөрөнгийн эргэлтийг хурдасгаж, эрчимжүүлэх учиртай. Энэ хоёр идэвхжилийн үр дүнд улс орны эдийн засагт бодитой үр дүн, эерэг нөлөө бий болох нь тодорхой юм.
Нөгөө талаас хөдлөх хөрөнгө, хувийн эзэмшлийн эд зүйлсийн бүртгэл, мэдээлэл нэг дор төвлөрөх сайн талтай. Гэвч энэ нь хэлэлцүүлгийн хүрээнээс арай өөр сэдэв юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан