Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амаа тосдох уу, арчаад хаях уу


Монголын эдийн засгийн энэ удаагийн форумаас яг ямар ямар гол тулгууртай байх, үйлдвэрлэл хэрхэн хөгжүүлэх, эдийн засгаа тогтвортой байлгах гарцаа зөв тодорхойлох цаг үе ирээд байгаа нь мэдрэгдэж байлаа. Монгол Улс өнөөдөр хөрсөн дороо болон газар дээрх баялаг ихтэй ч түүнийгээ ашиглан баяжиж, хөгжиж чадаагүй. Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж олон жил ярьж байгаа ч амжилт олоогүй л байна. Уул уурхай эдийн засгийн гол тулгуур. Тэр дундаа нүүрс, зэс, алт, төмөр гол үүрэг гүйцэтгэнэ гэдэг. Гэтэл нүүрсний үнэ сүүлийн хоёр жилд унаж тэргүүлэх байр сууриа алдлаа. Гол шалтгаан нь Хятадын нүүрсний хэрэглээ буураагүй өссөн ч нийлүүлэгч олширсонтой холбоотой. Тухайлбал, Австрали  Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн. Мөн ОХУ ч бас нүүрсний зах зээл дээр гарч ирсэн билээ. Иймд манай нүүрс тэдэнтэй хямд үнээр өрсөлдөхөд хүндрэл учраад буй юм. Одоо манай улс зэс, цайр, төмөрийн хүдэр боловсруулах технологио сайжруулах нь чухал болоод байгаа гэдгийг эдийн засагчид хэлдэг. Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлого гаргасан.

Үүний хүрээнд “Мон­гол төмөр”. “Монгол зэс”, Алт, Жонш, Нүүрс, Холи­мог металл, Газрын хо­вор элемент ол­бор­лох, бо­ловс­­руулах  хөтөлбөрийг ту­хайн салбарын мэргэж­лийн холбоодтой хамт­ран боловсруулж байгаа. Гэвч урьдынх шигээ цаас харж ярилгүй бодитоор босгож хэрэгжүүлж нүдэнд харагдаж гарт баригдаасай билээ. Тэгэхгүй бол ашигт малт­ма­лын үнэ дээш хөдөлөхөд баян айлын эрх хүүхэд шиг мөнгөөр гулгина. Харин  доош уруудахад баялаг дээр суусан гуйлагчин болж хувирна. Нэг ёсондоо ашигт малтмалын хамгийн том импортлогч урд хөршийн зах зээл ямар байна тэр нь монголчуудын амьдралд нөлөөлж буй хэрэг юм.  

Үндсэн хууль дахь эдийн засгийн томъёоллоо өөрчилье гэнэ

Аливаа улс орон үйлд­вэрлэл хөгжүүлнэ гэдэг бол хүний хэрэгцээтэй бүг­дийг баруун, солгойгүй үйлд­вэр­лээд байна гэсэн үг биш. Өөрийн орны онцлогоо харгалзан үзэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадах, түүхий эд нь тухайн улсад элбэг, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн нэр. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн зовлонгүй, чанартай, нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбараа гүн гүнзгий хөгжүүлбэл амжилт олох ажээ. Монгол Улсын гавьяат эдийн засагч,  доктор, профессор С.Нямзагд “Монголын эдийн засагт өөрийн гэсэн өнгө төрхтэй, амархан хөгжих бололцоотой гол зүйлээ ойлгож гаргаж ирэхгүй бол болохгүй. Тэгж байж эдийн засгаа хөл дээр нь босгож авч яавахгүй бол хүндрэлтэй байж магадгүй юм. Одоогоос хориод жилийн өмнө би Монголын дөрвөн улирал гэдэг бол манай баялаг гэсэн томъёолол гаргаж байсан. Тэгээд дэмжлэг, шүүмжлэлийн аль алийг сонсоогүй өдий хүрлээ. Жишээлбэл, нарыг аваад үзье. Монгол бол нарлаг  орон. Дэлхийд манайхтай адил нар тусдаг 26 орон бий.  Гэвч жилд нартай өдрийн тоогоор хамгийн олон нь. Жилд 250 өдөр нь нартай байдаг. Бусад орнуудаас нар гийгүүлэх хугацаа нь 500 цагаар илүү.  Тэгэхээр нарны эрчим хүч үйлдвэрлэж дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох боломж бий. Хамгийн гол нь бусдаас илүү, давуу байдалдаа тулгуурлан судалгаа шинжилгээ хийж тодорхойлоод эдийн засгаа бэхжүүлэх учиртай. Товчхон хэлбэл давуу байдлаа ашиглаж Монголын гэсэн нэр төртэй бүтээгдэхүүн гаргаж ирнэ. Үүнээс гадна Үндсэн хуульд заасан макро эдийн засгийн томъёоллоо эргэж харж үзмээр санагддаг. Дэлхийд зах зээлийн эдийн засгийг сонгосон орон бараг 200 хүрэх байх. Гэтэл хөгжсөн нь цөөхөн. Тэд бол Үндсэн хуульдаа эдийн засгийн томъёоллоо хамгийн зөв суулгаж өгсөн орнууд. Манай улсын Үндсэн хуульд ерөөсөө л “Өмчийн олон хэлбэр байж болно” гэсэн томъёолол бий. Энэ нь ерөнхийдөө буруу биш атлаа тодорхойгүй юм. Мөн төрийн оролцох хэмжээ зааг ч тодорхой бус байдаг. Тэгэхээр эдийн засгаа хөгжүүлхийн тулд томъёоллоо илүү бодитой болгож, хөгжилд хүрсэн орнуудаас туршлага судалж өөрийн хөрсөнд ургуулмаар байна. Манайхан зах зээл бүхнийг шийднэ гээд төр оролцохгүй сулд нь тавих хандлага бий. Нөгөө талаар төр оролцохгүй бол болохгүй нь гээд түүнийгээ хэтрүүлдэг тал байгаа юм. Мөн төр оролцох ёсгүй гэж үгүйсгэх  хандлага гардаг. Миний бодлоор макро эдийн засагт төр дэд бүтэц бий болгоход хамгийн ухаалаг бага төвшинд оролцох ёстой.  Тэгээд зах зээл өөрөө шийдэх зүйлээ шийдээд явах учиртай. Энэ форум дээр уургийн үйлдвэрлэл хөгжүүлэх шинэ санаа гарч ирж байна. Үүнийг төр засаг анхаараасай” гэсэн билээ.

Монголын брэнд малын гаралтай бүтээгдэхүүн

Монгол малын мах, сүүний тэжээллэг чанар өндөр, бэлчээрийн аж ахуйтай тул экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог. Манай улс өнгөрсөн оны эцсийн мал тооллогын дүнгээр 45 сая толгой малтай болсон.  Статистикаас үзвэл малын тоо толгой хонин толгойд шилжүүлснээр жилд 20.8 хувиар нэмэгддэг ажээ. Өөрөөр хэлбэл, мал бол хурдан нөхөн төлждөг баялаг юм. Хорогдлыг нь тооцоод үзвэл монголчууд жилд 8.3 сая толгой мал хүнсэнд хэрэглдэг. Малын зүй бус хорогдол нь 540 мянган толгой. Үндэсний статистикийн хороо, МҮХАҮТ-ын түүхий эдийн судалгаанаас үзвэл 2012 онд адуу, үхэр, тэмээний шир, хонь, ямааны арьс, өлөн, ширний зах зээлийн үнэ нь 190 тэрбум төгрөг гэсэн тооцоо гарсан  байна. Гэхдээ үүнийгээ дотооддоо бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаагүй. Урд хөршид экспортолсон дүн мэдээ бий.  Манай улс урьд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бага боловч үйлдвэрлэж байсан туршлагатай. Нийгмийн ороо бусгаа үе, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлгүй болсоноос талын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд хаалгаа хаасан билээ. Тухайн үед саван, техникийн желатин, цавуу, хөх шир үйлдвэрлэж байж. Ингээд цавуугаа Польшийн модон эдлэл, мебелийн үйлдвэрт, техникийн жела­тиныг Болгарт, савангаа до­тоод­доо нийлүүлж байсан ажээ. Одоо эхний ээлжинд энгийн технологитой дээрх үйлд­вэрүүдийг дахин бай­гуулах шаардлагатай хэ­мээн Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн тамгийн газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгж­лийн хүрээлэнгийн судлаачид үзэж байна.

“Малын амьсгалаас бус­дыг ашигладаг” гэсэн эрт­ний үг бий. Мах сүүг нь ашиг­лахаас гадна малын гаралтай түүхий эдээс эм бэлдмэл, хиймэл эрхтэн, гоо сайханы бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт тэжээл, бордоо, уураг, хүнсний болон техникийн желатин, цавуу гээд маш олон төрлийн зүйл гарган авдаг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүний түүхий эд хаягдал болж буй. Тухайлбал, мах бэлтгэх явцад нядалгааны газарт шийр, год, мөгөөрс, бүлх, цус, яс, дэл, сүүл болон зарим дотор эрхтэн хаягддаг ажээ. Ойролцоогоор нядалгааны цэгүүдэд 40 сая ширхэг шийр, стандартад тэнцээгүй арьс, шир хаягдаж буй судалгаа гарсан байна. Үүнээс гадна арьс ширний анхан шатны боловсруулах үйлдвэрүүдээс өөх, тос, коллагены уураг агуулсан хаягдал гарна. Эдгээр нь дахин боловсруулахад үнэтэй түүхий эд юм. Тэгэхээр дээрх хүрээлэнгийн судлаачид мах, арьс, шир, түүхий эд бэлтгэх, боловсруулах, сүүний үйлдвэрийн хаягдлын талаар бүр нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай хэмээж буй юм. Ингэснээр малын гаралтай түүхий эдээ хаягдалгүй ашиглаж эдийн засагаа  ашигт малтмалын үнийн хараат байдлаас ангижруулах,  гадаад валютын урсгалаа тэтгэх  бололцоо бүрдэнэ. НҮБ-аас гаргасан статистикаар хоёр жилийн өмнө малын гаралтай уургийн агууламжтай 13 төрлийн бүтээгдэхүүний худалдааны эргэлт 1.03 их наяд ам.долларт хүрсэн байна. Дэлхийн хэмжээнд одоогоор жилд 2.3 сая тонн бүтээгдэхүүн хэрэглэж буй тооцоо бий. Үүний 49 хувийг сүү, сүүн төрлийн уураг, 11 хувийг желатины төрлийн уургийн агууламжтай бүтээг­дэхүүн эзэлжээ. Өнгөрсөн жи­лийн байдлаар хүнсний хам­гийн үнэтэй уураг нэг тонн нь 40 мянган ам.долларт хүрсэн. Үүнийг Монголд үйлдвэрлэх боломж бий ажээ.

Манай хойд хөршийн хил залгаа хүйтэн сэрүүн бүсэд эсгий гутал, ноос, ноолууран хувцас, арьс, шир, савхин бүтээгдэхүүнээс өгсүүлээд хэрэглэх асар том зах зээл бий.  Мөн мебелийн үйлдвэрүүдэд цавуу, тос, эмийн үйлдвэрийн түүхий эд зэргийг ч нийлүүлэх бололцоо байгаа. Хамгийн гол нь бид малаа эрүүлжүүлэх, түүхий эд бэлтгэлийн стандарттай болох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлэх  шаардлага тулгарч байна.  Уг нь, Монголчууд бид Мал дагвал ам тосдоно гэдэг. Тэгэхээр дан ганц уул уурхай гэж хошуурахаас гадна эртнээс уламжилж ирсэн мал аж ахуйгаа ашиглаж дэлхийд нэрийн хуудас бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд бий. Харин  бид баялгаа ашиглаж чадахгүй, эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа нь гайхалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан