Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Но”-той тэрбумтнууд

“Forbes” сэтгүүлээс жил болгон гаргадаг тэрбумтнуудын жагсаалт нь тухай хүний бизнес ямар өндөрлөгт хүрээд байгааг харуулдаг нэр төрийн жагсаалт гэж болно. Гэхдээ их мөнгийг тэр бүр шударга хөдөлмөрөөр олоод байдаггүй. Үүний жишээ нь 2014 оны тэрбумтнуудын жагсаалтад орсон 10 хүний бизнес. Эд бүгд хуулийн асуудалтай, заримынх нь “но”-г шүүхээс илрүүлээд буруутай гэж үзээд хорьчихсон.
Зарим нь шүүхийн шийдвэрийг хүлээж суугаа. Тэдний дийлэнх нь Азийн бизнесмэнүүд байгаа нь нэгийг өгүүлэх. Тэдний өдүүлсэн, буруутгагдсан, шийтгэл авсан хэргүүд нь манай бизнесийн ертөнцөд ч байгаа гэдгийг та доорхи мэдээллээс анзаарах болно.

Вон Квон Ю

Хөрөнгө: 1,55 тэрбум ам.доллар
“Gome Electrical Appliances” компанийг үндэслэсэн энэ бизнесмен 2006 онд Хя­тадын хамгийн баян хү­нээр тодорч байлаа. Тэрээр хөрөнгийн бирж дээр нууц­лагдсан мэдээлэл ашиг­лан арилжаа явуулсан, тө­рийн албан тушаалтныг ха­хуульд­сан хэрэгт буруудан 14 жилийн ял авснаас дөр­вийг нь эдлээд байгаа. Түү­нийг “Beijing Centergate Technologies” холдингийн хувь­цааны хамгийн том эзэм­шигч байхдаа өөрт бай­гаа мэдээллийг ашиглан хуу­рамч компанийн өмнөөс хувь­цааны наймаа хийж, 230 сая ам.доллар луйвардсан гэж шүүхээс буруутгасан юм. Мөн түншүүдийн хамтаар татварын байцаагч, цагдаагийн өндөр албан тушаалтан таван хүнд нийт 740 мянган ам.долларын хахууль өгсөн нь нотлогдсон.  Уг нь Вон тун ч авьяастай нэгэн байжээ.
14 настайдаа сургуулиа орхин, гуйланч амьдралтай гэрээ хаян явсан гэдэг. Түүнээс хойш уйгагүй зүтгэсээр гучин насандаа Хятадын электрон барааны жижиглэн худалдааны хам­гийн том сүлжээ “Gome”-ийн эзэн болж асар их хөрөнгө хуримтлуулсан юм. 2014 оны гуравдугаар сард Вон ба түүний эхнэр Ду Хуань нь “Gome” сүлжээний нэр хүндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж 54 сая ам.доллар төлөхөөр болсон байна.


Чей Тэ Вон

Хөрөнгө: 2,5 тэрбум ам.доллар
“SK Group” компанийн захир­луудын зөвлөлийн дар­га Чей Тэ Воныг компа­нийн хөрөнгөөр хувийн хөрөнгө оруулалт хийсэн гэж буруутган 2013 оны нэгдүгээр сард дөрвөн жил хорих ял оноосон. Тэрээр өв залгамжлан авсан  “SK Group” компанийн сангаас 50 сая орчим ам.долларыг хувьдаа завшжээ. Чей нь өөрийн ахын хамтаар телевиз харилцаа холбоо ба эрчим хүчний салбарт Өмнөд Солон­гост гуравдугаарт ордог компаниудын нэгдлийг захирч байсан юм. Гэвч тэрээр далдыг харагч, бөө энэ тэрд хэт их итгэдэг байснаасаа болж луйврын хэрэгт хутгалдан одоо шоронд сууж байна. Тэрээр компаниас авсан хөрөнгийг арвижуул гээд өөрийгөө бөө гэж зарласан Ким Вон Хонг гэгчид өгчээ. Гэвч 2008 оны хямрал эхлэхэд бөө яаж ч чадсангүй алдагдалд орж эхлэхэд Чей тэр даруй мөнгө өгөхөө зогсоохын оронд бүр ч их хөрөнгө дураар өгсөн аж. Үр дүнд нь бөө нөхөр Хятад руу зугатаж, тэндээсээ Белизийн паспортоор Тайван руу оргосон юм. Одоо ах дүү хоёр шоронд харин экс бөөг өнгөрсөн жил Тайванийн хуулийнхан Өмнөд Солонгос шүүхэд хүлээлгэн өгчээ.


Сильвио Берлускони

Хөрөнгө: 9 тэрбум ам.доллар
Гандан бууршгүй Силь­виог өнгөрсөн жил шүүхээс татварын луйвар хийсэн, насанд хүрээгүй биеэ үнэлэгч­тэй харилцаатай бай­сан гэж буруутган дөрвөн жил хорих ял оноосон. Гэвч тэрээр хэдийн 77 нас хүр­сэн болохоор шоронд хоригдолгүй гэрээсээ засан хүмүүжүүлэх ажилд явж ялаа эдэлнэ. Үүний дээр түүнийг гүтгэлэг, мэдээллийн нууцыг алдагдуулсан, авлигын гэсэн гурван өөр хэргээр шүүх ажиллагаа явж байгаа юм.
Берлусконийн байгуулсан “Fininvest” холдинг нь 1980-1990-ээд онд олон тооны америк кино, телевизийн нэвтрүүлгийн эрх худалдан авчээ. Дараа нь Берлусконийн үүсгэн байгуулсан Италийн хамгийн том суваг болох “Mediaset” компани эдгээр кино, нэвтрүүгийн эрхийг илэрхий өсгөсөн үнээр худалдан аваад зөрүү болох 375 сая ам.долларыг Сильвио өөрөө халааслажээ. Гэхдээ мэдээж шууд халааслахгүй Багамын арал, Швейцарь дахь оффшор дансанд сэм ордог байжээ. Мөн түүнийг есөн сая еврогийн татвар дутуу төлсөн гэж шүүх үзсэн байна.


Доменико Дольче ба Стефано Габбана

Хөрөнгө: 1,65 тэрбум ам.доллар
Дэлхийн загварын ертөн­цийн хамгийн нөлөө бүхий хүмүүс болох Доменико Доль­че ба Стефано Габбана хоёрыг шүүхээс өнгөрсөн жил офшор компаниудаар дамжуулан орлогын татвараа нуун дарагдуулсан гэж хоёр жил хорих ял оноосон. Тэдний хэрэглэсэн аргыг татварын их нарийн мэдрэмжтэй луйвар гэж шүүгч тодорхойлжээ. Дизайнерүүд өөрийнхөө хоёр брэндийг Люксембургт бүртгүүлсэн “Gado” хол­дингд худалдсанаар 570 сая ам.долларын татвар төлөө­хөөс зайлсхийж чад­сан аж. Одоогоор энэ хоёр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа ч дээд шатны шүүхээс ялыг нь хэвээр үлдээвэл нэмж 470 сая ам.долларын татвар төлнө.


Берни Экклстоун

Хөрөнгө: 4,2 тэрбум ам.доллар
“Формула-1”-ийн эзнийг Их Британи ба Германы шүүхээс авлигад буруутгаад байгаа юм. Экклстоун нь “Formula One Group” компанийн хувьцааны 5,3 хувийг биечлэн эзэмшдэг бол ахин 8,5 хувийг гэр бүлийнхээ “Bambino Trust” трастын компаниар дамжуулан хя­надаг. Түүнийг “CVC Capital Partners” хувийн хөрөнгө оруулалтын группт эрх зарах үедээ 2006 онд Германы хөрөнгө оруулалтын банкны эзэн Герхарду Грибковскийд 45 сая ам.долларын хахууль өгсөн гэж буруутгаж байгаа. Хахууль авсан банкны эзэн өөрийн хувьцааг “CVC” хөрөнгө оруулалтын санд зарснаар Берни цаашид ч “Формула”-гийн тэргүүн хэвээр байх боломжтой болжээ. Банкны эзэн энэ хэрэгтэй холбоотойгоор найман жил хорих ял аваад байгаа бол Экклстоун нь сүрдүүлэгт автан гэр бүлийнхээ санхүүгийн нууцыг олон нийтэд ил болгохгүй гэхдээ аргагүйн эрхэнд хэрэг хийсэн гэж мэдэгдээд байгаа юм.


Жим Ирсэй

Хөрөнгө: 1,6 тэрбум ам.доллар
“Indianapolis Colts” ком­па­нийн эзэн Жим Ирсэй тор­гууль төлснөөр энэ оны гурав­дугаар сарын 17-нд Ин­диа­на­полис мужийн Хамил­тон хотын тойргийн шорон­гоос суллагдсан юм. Тэрээр согтуугаар машин барьж яваад баригдсан төдийгүй цагдаа нар машинд үзлэг хий­хэд зөвхөн эмчийн заалтаар ол­годог хүчтэй өвчин нам­даагч эм их хэмжээгээр илэр­сэн байна. Ирсэй нь архи уу­даг­гүй ч эмчийн заалтаар өв­чин намдаагч хэрэглэдэг гэд­гээ зөвшөөрөөд 22 мянга 500 ам.долларын торгууль төлс­нөөр хэргээ хаалган ийн­хүү суллагджээ.


Томас Квок
Хөрөнгө: 12,6 тэрбум ам.доллар
Томас Квок ба түүний ах Рэймонд Квок нар “Sun Hung Kai Properties Ltd” компанийн гүйцэтгэх захирал ба дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай. Энэ хоёрыг удахгүй зарагдах ёстой газрын талаарх мэдээллийг олж авахын тулд албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт буруутгаад байгаа юм. Тэдний хэрэгт холбоотойгоор Хонконгийн гурван албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.


Жозеф Лау

Хөрөнгө: 8,4 тэрбум ам.доллар
Лау нь ах дүү Квоктой адил гэмт хэрэг үйлдэж, Макао мужийн газар хариуц­сан албан тушаалтанд 20 сая хон­конг долларын хахууль өг­сөн байна. Лау таван жил гурван сар хорих ял авс­ны дараа “Chinese Real Estate Holdings of Hong Kong” компанийн гүйцэтгэх за­хирал ба ерөнхийлөгчийн сууд­лаасаа буужээ. Түүний орыг хүү Минг Вай Лау нь авсан.


Глеб Фетисов

Хөрөнгө: 1,4 тэрбум ам.доллар
Оросын хууль хяналтын байгууллагууд “Мой Банк”-ийг үүсгэн байгуулагч Фетисовыг банкны шинэ хувьцаа эзэмшигч 11 хүнтэй хамтарч 555 сая рублийг бүлэглэн хулгай хийсэн хэрэгт буруутгасан. Мөрдөн байцаах үед оргон зугатаж магадгүй гэсэн үндэслэлээр түүнийг хоёр сар хориод байгаа билээ.



0 Сэтгэгдэл
Terguuleh um bn.mongoliin jagsaalt garv*****
manaihan bol bugd l iimerhuu huuli bus hudal huurmag hulgain argaar l bayjsan humuus shdee.
manai hediin hajuud hiisen hereg ni hereg bish uym bna manai toriin tom jijig darguudiig shalagwal bugd l tsaaziin yaltai bj bgaa jiriin irgen ofsher bused orolgoo nuugaad 2 jil awch bhad eh ornoosoo uraad gazar shoroog ni zaraad uls eh orniihoo buren erht tusgaar togtnold zanal hiij ustgah bodlogotoi yoriin deed baiguulgiin erh medelten ni oo bi martchihsan bna lee mongoo hiisenee martsan uym chin ded dargiin ajilaa hiihee boliloo geed l boloo manaihaas oor uls bsan bol buh horongiig ni huraagaad ger bul udam sudaaraar ni tsolood tsaazaar awchihsan bgaa
Хамгийн их уншсан