Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжих замаа заалгав, хэрхэх нь Монголын сонголт

Шинэ зууны эхээр уул уурхайн асар их баялаг илрүүлж, олборлох бололцоо нээгдсэн нь Монголын хувьд эдийн засгийн шийдвэрлэх мөч болсон гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч бөгөөд гүйцэтгэх захирал Клаус Швааб хэлжээ. Тэрээр Газрын хэвлийд орших баялаг нь манай орны ирээдүйг тодорхойлох харьцангуй өргөн боломж олгох хэдий ч яаж гэдэг асуулттай тулгарах, шийдвэрлэх цөөнгүй асуудалтай тулж буйг санууллаа.

Товчхондоо, хувь заяаны эрхээр олдсон давуу талаа хамгийн оновчтой ашиглах, дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг баримжааны талаарх тодорхойгүй байдлаас зөв сонголт хийх шаардлага үүсэв. Зөв сонголтод туслахаар мэргэжилтнүүд хөгжлийн зураглал боловсруулжээ. Эдгээр зураглалыг ирээдүйн талаарх таамаглал гэхээс илүү биднийг хүлээж буй эрсдэл, тодорхойгүй байдал, бэрхшээл, боломж болгоныг бодитоор ухамсарлаж, тэр бүгдэд тохирсон оновчтой арга барил боловсруулахад туслах арга хэрэгсэл гэж харах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн байна. Харин зураглал боловсруулагчид үүнийг ирээдүйн тухай төгс шийдэл гэхээс илүүтэй Монголын ирээдүйн боломжит хувилбаруудыг харуулах замаар илүү бүтээлч, ул суурьтай стратегийн шийдвэр гаргахад туслах арга гэж тайлбарлав. Гэвч хэлж мэдэхгүй ирээдүй, тааж чадахгүй цаг хугацаанаас хэрхэн зөв замаа олох вэ?

1. Бүс нутгийн сэргэн мандалт

Монгол Улс харьяалагдаж буй Зүүн хойд Азид улс төрийн интеграци улам идэвхжихийн хамт эдийн засаг бэхжинэ. Зүүн хойд Азийн орнуудын хооронд, тэр тусмаа Оросын зүүн мужуудын чиглэлд худалдаа, хүн, мэдлэг чөлөөтэй нэвтрэх бололцоотой. Илүү ойр дотно хамтын ажиллагаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх аж. Ингэснээр Монголд уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ ашигтай борлуулж, орлогоороо эдийн засгаа төрөлжүүлэх боломж бүрдэнэ. Ийм боломж манай улсад урьд хожид тохиож байсангүй. Гэхдээ эрсдэл нь “голланд өвчинд” унах, хүрээлэн буй орчинд хохирол учруулах, баян ядуугийн ялгаа үүсэх, уламжлалт амьдралын хэв маягаа алдах гэхчлэн нийгэмд тогтворгүй байдал үүсэх магадлал их. Түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж чадвал энэ зураглал тун боломжийн юм.

2. Хятад “ногоорно”

Хүрээлэн буй орчныг хамгаалах үзэлд хувьсгал гарч,  2040 он гэхэд БНХАУ ногоон бодлого хөгжүүлэх, шинэ технологи, үйлдвэрлэлийн цэвэр горим нэвтрүүлэх чиглэлээр бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлнэ. Ингэснээр тэд шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч болох юм. Энэ нь Монголын уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний эрэлт бууруулах эрсдэл болох хэдий ч “ногоон” бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлэх бололцоо олгох нь. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд хөдөлмөрлөж чадвал монголчуудад “ногоон” хийгээд нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү хөл тавих боломж бүрдэнэ. БНХАУ өдгөө эдийн засгийн өсөлтийн хурдаа бага зэрэг алдсан ч нийгмийн тогтвортой байдал харьцангуй хангагдсан, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг бууруулсан тогтвортой хөгжлийн зам сонгожээ.

3. Баялгийн хямрал айсуй

Зүүн хойд Азид геополитикийн хямрал эрчимжиж, байгалийн баялгийг улс төрийн явцуу сонирхлоор ашигласнаас үүдэж худалдааны нөхцөл хүндэрнэ. Энэ нь Монголд шууд сөргөөр нөлөөлөх юм. Бид эрдэс баялгаа боловсруулж нийлүүлэх боломж, зах зээл, санхүүгийн эх үүсвэр хумигдах магадлалтай. Тодруулбал, зүүний эсвэл барууны популизмын дор улс орнууд тус тусын эрх ашгаа урагшлуулахыг хичээнэ. Хямрал, эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд улс орнууд мөнгөний урсгалаа дотооддоо барихыг хичээх болно.  Гэхдээ бүс нутгийн бусад оронтой ижил түвшинд харилцаж, төвийг сахисан байр суурьтай хөршийн статусаа бататгах боломж нээгдэх юм.


Аль нь зөв бэ

Энэ асуултын хариуг олоход “Монголын эдийн засгийн чуулган” хэмээх арга хэмжээ дорвитой нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд зохион байгуулсан арга хэмжээний үр дүнг бодитоор харах бололцоо энэ удаагийн  чуулганаар нээгдэв. Хамгийн зөв гарцыг хэрхэн олох вэ гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумын түвшинд хэлэлцэн тодорхойлсон бөгөөд энэ нь “Монголын эдийн засгийн чуулган”-ы үр шим, амжилт юм. ДЭЗФ-тай хамтарч Монгол Улсын Засгийн газар экспертүүд болон эдийн засгийн голлох тоглогч 250 гаруй хүнээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнээр эдийн засгийн хөгжлийн гурван зураглалыг тодорхойлжээ. Стратегийн түвшний эдгээр зураглал нь таамаглалын шинжтэй боловч таг харанхуй, зөнгөөрөө явахаас хэд дахин илүү бодитой, өгөөжтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Товчоор хэлбэл, Монгол Улсын хөгжлийн жим, эдийн засгийн өсөлтийн зам 2040 он хүртэл дээрх гурван чиглэлд бүрэн нийцдэггүй юм гэхэд хол зөрөхгүй нь. Гурван зураглал агуулга, хүрээгээр харилцан адилгүй боловч амин сүнсийг нь уул уурхайн идэвхжил хэмээх нэг л ухагдахуун бүрдүүлнэ. Ирэх 30 жилийн хөгжлийн бүтцийг яг одоо эрдэс баялгийн салбараа зөв менежментээр ашиглана, түүнд тулгуурлаж бусад салбараа хөл дээр нь босгоно гэх “араг ясанд” зангидах болж байна. Яагаад гэвэл  энэ салбар нь манай орны нийт экспорт, гадаад хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг дангаараа эзэлдэг. 2011 онд төвсийн орлогын 50 гаруй хувийг төвлөрүүлсэн байдаг. Гэвч эрсдэлийн дохио тасрахгүй байна. Жишээ нь, Оюу толгой зэсийн орд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Монголын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлнэ гэсэн нь тооцоололдоо хүрэхгүй байх магадлалтай болжээ. Учир нь 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 17 хувиар, 2013 оны нэгдүгээр сард 41 хувиар, хоёрдугаар сард 74 хувиар тус тус унасан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт сулрахын хэрээр уул уурхайн өгөөж багасах магадлал их.

Нөгөөтэйгүүр, бидэнд тулгамдаад буй өөр нэг асуудал нь дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн эмзэг, мэдрэмтгий байдал. Эдийн засгийн өгөөж, бүтээмж бараг бүхэлдээ эрдэс баялгийн дэлхийн зах зээлээс хамаардаг тул үнийн уналт, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа гээд олон хүчин зүйлийн өөрчлөлт нь манай эдийн засагт шууд буудаг. Тэр бүү хэл бүс нутгийн Малайз, Тайланд, Индонез, Мьянмар, Лаос улсаас ч илүү “шоконд” ордог байна. Тэгвэл энэ байдлаас гарах боломжийг Дэлхийн эдийн засагчид, монголчууд ч ялгаагүй эдийн засгаа төрөлжүүлэх хэмээн тайлбарладаг. Өнгөрсөн оны нийт экспортын дөнгөж 12 хувийг уул уурхайн бус салбар эзэлжээ. Түүний дотор 40 хувь нь ноос, ноолууран бүтээгдэхүүн байж. Мөн аж үйлдвэрийн салбар өсөлттэй байгаа хэрнээ өнгөрөгч оны эхний хагаст ДНБ-ий ердөө таван хувийг бүрдүүлсэн байна. Энэ бол хангалтгүй гэхэд багадам, маш хангалтгүй үзүүлэлт юм. 90 хувь уул уурхай, 10 хувь бусад салбар гэдэг харьцаанаас болж эдийн засгийн их өсөлт иргэдийн амьдралд буухгүй байна. Ам.долларын ханшийн өөрчлөлт амьжиргаанд хүндхэн тусч байна. “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошго арвижиж, дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ босоход улам л хүнд боллоо. Тийм учраас “Монголын эдийн засгийн чуулган” жилээс жилд үргэлжилж “Бид хамтдаа чадна”, “Хөгжилд хамтдаа”, “Монгол брэнд” гэх уриатай өрнөсөн. Харин одоо бүх бэлтгэлээ хангасан тул “Монголдоо бүтээцгээе” гэж зоримог дуугарч байна. Гэвч бүтээхэд, үйлдвэрлэхэд, экспортлоход хэрхэн, яаж гэдэг асуулт тулгардаг. Хариуг олохоор эдийн засагчид ухаанаа уралдуулж, гурван маршрутаа боловсруулжээ.


Ирээдүйн эрсдэл ба боломж

Хамрах хүрээ, чиглэлийн хувьд өөр өөр боловч уул уурхайн салбарт тулгуурласан хөгжлийн ерөнхий зураглалуудад хэрэг болох олон чухал санааг хавсаргажээ. Тэдгээрээс монголчуудад хамгийн ойлгомжтой, ойр гэсэн баримтуудыг онцолъё. Цаашид олон жилийн турш дэлхий дахинаа хотжилт хурдацтай өрнөнө. Жишээ нь, Хятадын эх газрын гүний хотууд далайн эргийн боомт хотынхоо хөгжлийг гүйцэхийн тулд гангийн хэрэглээ, коксжих нүүрсний эрэлт, үнэ ханш өндөр байх аж. Чилийн зэсийн зөвлөлөөс гаргасан таамаглалаар 2025 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давах юм. Тэр үед 31.4 сая тонн зэс шаардагдах бол олборлолтоос 27.4 сая тонныг нийлүүлэх боломжтой гэнэ. Нөгөө талаас одоо л зах зээлд байр сууриа олж буй Монгол, Перу, Чили, Замби, Индонез зэрэг орны нийлүүлэлтийн шинэ урсгал хүч түрснээр богино хугацаандаа/ойрын таван жилд/ зэсийн үнийг бууруулах магадлалтай гэх тооцоо ч бий. Тодруулбал, нэг тонн зэсийн үнэ 5500 ам.доллар болж,  өнгөрөгч оны ханшийн 76 хувьд хүртэл унах аж. Гэвч дээрх хоёр ирээдүйн тухай төсөөлөл, таамаглал, тооцооллоос чухам аль нь зөв бэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Гагцхүү монголчууд аль ч нөхцөл байдалд бэлэн, хариу арга хэмжээгээ төлөвлөсөн байх шаардлагатай юм.

Өөр нэг жишээ дурдъя. Эдийн засгаа төрөлжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтын эх үүсвэр элбэг олдох боломжтой гэнэ. Тодруулбал, томоохон хөрөнгө оруулагч нар мөнгөө төрөлжүүлж, нүсэр, хөгжингүй эдийн засгаас холдуулах, улмаар Америк, Европын холбооны инфляцаас зайлсхийж эхэлжээ. Тэд Монгол шиг хөгжиж буй орнуудад хөрөнгөө байршуулж, идэвхжиж буй эдийн засагт илүү татагдаж байгаа нь манай улсад шинэ боломж юм. Гэтэл нөгөө талд хүн амын хөгшрөлт газар авахын хэрээр аливаа эдийн засаг “хэрэглэгч” зах зээл рүү шилжиж байгааг анхаарах ёстой. Ингэснээр хөдөлмөр эрхэлж, цалин авч, хуримтлал үүсгэгч хүний тоо буурна. Улмаар урт хугацааны хүүгийн түвшин өсч, үл хөдлөх хөрөнгө, капиталын зардал улам өндөр тогтох юм. Энэ хоёр төрлийн харьцааг монголчууд соргог мэдэрч эдийн засгийн алсын үр нөлөөнд тусгахаас аргагүй.

Гурав дахь жишээг ажиллах хүчний хувьд авч үзэх нь зохимжтой. Бидний бүс нутаг дахь боловсролтой, залуу ажиллах хүчин илүүдээд байгаа. Өмнөд Солонгост их, дээд сургууль төгсөгчдийн ажилгүйдлийн түвшин өндөр байна. Санхүүгийн хямралын дараа Японд “төөрөлдсөн үе” хэмээх дээд боловсролтой ажилгүйчүүдийн бүтэн үе бий болж. Хятадад ч ялгаагүй байдал үүсэх шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Энэ нөхцөл байдал манай улсад ч их, бага хэмжээгээр нүүрлээд буй. Тэдний дунд их бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, уул уурхайн болон эрчимжих шаардлагатай салбарт манлайлаад явах чадвар, мэдлэгтэй нь цөөн. Тиймээс гадаадаас хүн хүч импортлохоос өөр аргагүй байдалд байна. Гэтэл эсрэг талд нь хүн амны хөгшрөлттэй холбоотойгоор Азийн орнууд хөдөлмөрийн хүчний хомсдолд орж буйг тооцох ёстой. Мөнхийн хөрш БНХАУ-ын хөгшрөлтийн харьцаа 2030 он гэхэд өнөөгийн Норвеги, Нидерландын түвшинд хүрэх аж. Улмаар ойроос ажиллах хүч импортлох шаардлага гарах бөгөөд түүнд Монгол Улс хүчтэй өртөх магадлалтай. Өөрөөр хэлбэл Монгол Улс өөрийн өндөр чадавхтай ажиллах хүчээ гадаадад алдахгүй байх сорилттой тулгарах нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан