Эдийн засагч Б.Лхагважавтай эдийн засгийн өнөөгийн байдал, татварын орчны талаар ярилцлаа.
-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого Засгийн газар баримталж байгаа. Дэлхийд танигдсан Монгол гэсэн нэрийн хуудастай бүтээгдэхүүн гаргах талаар энэ удаагийн эдийн засгийн форум дээр ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Монголчуудад мал аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний бүтээгдэхүүн байна. Үүнийгээ дэлхийн зах зээл, хөдөлмөрийн хуваарилалтад хэрхэн оролцохыг сайн харж төлөвлөөсэй. Түүнээс биш хоёр сая хүн амтай дотоодын зах зээлдээ хандсан зүйл үйлдвэрлээд илүү амжилт, сайн үр дүнд хүрэхгүй гэж би боддог. Мөнгөнөөс мөнгө олдог салбарыг даруй тодорхойлох хэрэгтэй. Энэ бол капитализмын үндсэн суурь. Бид мөнгөө бараа болгодог хандлагаасаа салах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө л бахь байдгаараа мөнгөгүй сууж байх болно. Мөнгөнөөс мөнгө олдог салбар бол уул уурхай, мал аж ахуй, үйлчилгээ, дэд бүтэц.
-Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Би татварын талаар хэлэлцэх хэсгийг удирдаж байгаа. Татварын системээ 1992 оны Үндсэн хуулийнхаа агуулгад нийцүүлэе л гэсэн санал бизнесийнхэн тавина. Манай татварын систем хуучин социализмын үеэрээ байна. Өөрөөр хэлбэл хувийн өмчгүй үед төрийн өмчийг хамгаалдаг байсан систем үйлчилсээр. Хувийн өмчийг, түүний аюулгүй байдлыг төр нь хамгаалдаг системд татварын бодлогоо нийцүүлэх хэрэгтэй. Үнэндээ манай улсын татварын бодлого хувийн өмчийг үгээгүй ядуу, эздийг нь гэмт хэрэгтэн болгож байна. Товчхондоо үүнийг л засах санал тавьж буй юм. Ер нь, хувийн хэвшлийг боомилсон татварын орчноо өөрчлөх ёстой.
-Тэгэхээр татварын хувь хэмжээ ямар байх, өршөөл үзүүлэх эсэх талаар санал гаргаж байна гэж хэлж болох уу?
-Инфляц татвар хоёрыг уяж өгөх ёстой. Манай Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар гурван тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвар өгч байна. Үүнээс дээш бол 25 хувийн татвар төлдөг. Гэтэл энэ нь 2006 онд батлагдсан хууль. Өнөөгийн үнэ цэнээр тэр гурван тэрбум нь 10 тэрбум төгрөг боллоо. Ийм учраас Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа нэн даруй татварын шатлалын орлогын хэмжээг ядаж зургаан тэрбум төгрөг болгоод өгөөч гэж байгаа юм. Өнгөрсөн жил макро төвшний алдаанаас болж бүх аж ахуйн нэгж 30 хувийн алдагдал хүлээсэн. Тэгэхээр төр нэг удаа өөрийн алдааг залруулах бололцоо бүрдэнэ. Ер нь, татварын хуульд тоо тавих нь их аюултай. Жишээ нь Хувь хүний орлогын албан татварыг аваад үзье. Иргэн та 30 сая төгрөгийн орон сууц худалдаж авсан бол Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх бололцоо бий. Гэтэл 2006 онд 30 сая төгрөг нь гурван өрөө орон сууцны үнэ байв. Өнөөдөр энэ мөнгөөр нэг өрөө орон сууц ч авч чадахгүй болсон. Иймээс инфляц, татвар гэсэн бодлогоо уян хатан болгох ёстой юм.
-Жил бүр л эдийн засгийн чуулган хийдэг. Гэхдээ үр дүн нь үргэлж маргаан дагуулдаг?
-Ингэж чуулах нь зөв. Яагаад гэвэл олон урьгалч үзэл санаа, хүндрэл бэрхшээлээ цуглаад ярих нь үр дүнтэй. Урд нь гудамжинд санаа бодлоо илэрхийлдэг байсан. Тэгэхээр гудамжнаас Төрийн ордонд орж ирнэ гэдэг нь дэвшил. Гэхдээ хамгийн гол нь энэ чуулган аль болох Засгийн газраас хараат бус байх нь чухал. Засгийн газрын хараат л болбол Ерөнхий сайдыг магтан дуулдаг болно гэж надад санагддаг.
-Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд оруулна гэсэн бодлого баримталж байгаа. Өнөөдөр ийм боломж харагдаж байна уу?
-Төв банк өнгөрсөн онд арав давсан хувьтай инфляцыг барихын тулд таван төрлийн бүтээгдэхүүнд гурван их наяд төгрөг хэвлэж эдийн засагт оруулсан. Ингэж тэтгэсний хүчинд инфляцыг барьж буй мэт харагдсан ч төгрөг 20-30 хувиар суларлаа. Иймэрхүү замаар нэг айдсыг дарахын тулд нөгөө аюулыг бий болгоод байвал алдаа. Дахин ийм алдаа бүү давтаасай гэж бодож байна.
-Сүүлийн үед валютын ханш өслөө гэсэн бухимдал нийгэмд байна л даа. Цаашид валютын ханш ямар байх талаар та эдийн засагч, бизнес эрхлэгч хүний хувьд хэрхэн төсөөлж байна?
-Одоо нэг ам.долларын ханш 1750 төгрөгөөс доош буух магадлал бий. Өнөөдрийн макро төвшин, экспортын байдлаас үзэхэд ийм боломж байна. Тийм учраас энэ ханшдаа дасан зохицоод явах нь эдийн засгийн үндсэн хууль юм. Үүндээ зохицоод цааш явах байх. Манай улсын энэ жилийн төсөв баталсан хүмүүс нэг ам.доллар 1348 төгрөг гэж тооцсон. Үүнийг УИХ мэднэ. Хэрэв энэ төвшинд аваачиж чадвал сайн. Гэхдээ энэ нь одоогоор боломжгүй төвшин гэж бодож байна. Сангийн яамныхан ядаж яагаад 1348 гэсэн тооцоо гарсан бэ гэдгийнхээ учрыг тайлбараад өгчихгүй юм. Тэдэнд төсөв зохиож батлах үед өөрсдийнх нь барьдаг олон улсын дүрэм бий. Тэр үед инфляцыг өмнөх 10 жилийнх нь дундажаар авдаг. Ингээд энэ дундажаар тооцоход нэг ам.доллар дээрх ханш гарч байгаа юм. Гэтэл бодит амьдрал дээр 1800 төгрөг болоод байна.
-Экспорт буурч улсын орлого саарлаа. Энэ онд улсын төсөв бүрдэх бололцоо хэр байгаа юм бол?
-Яахав нэг ам.доллар 1348 төгрөг гэж тооцвол бүрдэнэ. Санхүүгийн өршөөл үзүүлэх ил тодын хууль гараад бизнесийнхэн бүртгүүлээгүй хөрөнгөө бүртгүүлэх, халаасанд байсан мөнгөө буцааж оруулах тохиолдолд гайгүй болох байх. Манай улс 2008 оны эдийн засгийн хямралыг энэ аргыг хэрэглэж давсан удаатай.