Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бондыг бодолтой гаргах хэрэгтэй

Банк, санхүү, эдийн засгийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд мэддэг байсан бонд гээч зүйлийг сүүлийн үед сурагчаас эхлээд тэтгэврийн хөгшид хүртэл хэн хүнгүй л “сайн мэддэг” боллоо. “Чингис бонд”, “Самурай бонд” гээд ярьж байсан бол одоо Улаанбаатар хот бүтээн байгуулалтаа санхүүжүүлэхийн тулд бонд гаргах тухай төлөвлөж  байна. Олон давуу талыг нь  танд манай төрийн түшээд өдөр бүр шахам ухуулж байгаа. Дэлхийн бүхий л оронд байдаг үзэгдэл бол бонд гаргах гэдгийг хүлээн зөвшөөрч байна аа. Гэхдээ бонд гаргасан л бол эдийн засгаа хасах руу оруулахгүй байх үүргийг Засгийн газар маш өндрөөр ухамсарлаж хүлээх ёстой юм.

Бидний бүтээн байгуулалтын эх ундарга болоод байгаа бонд гэж чухам юу болох, түүнийг дагаж гардаг зарим сөрөг баримтын талаар мэдээлэл бэлтгэлээ. Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг, тодорхой хугацаанд, тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас. Бонд төрийн болон хувийн гэсэн хоёр янз байдаг аж. Гол төлөв их зардал шаардсан томоохон бүтээн байгуулалтыг хөрөнгө мөнгөөр хангахын тулд гаргадаг үнэт цаас. Бонд нь тодорхой хугацаа бас хүүтэй.

Заасан хугацаанд хүүг нь төлж байгаад, дуусахаар нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж авдаг.  Үнэт цаас нь нэрлэсэн үнэтэй байдгаас гадна цаашид дамжуулан борлуулж болно, хоёрдагч зах зээл дээр нэрлэсэн үнээсээ илүү эсвэл бага үнээр зарагдаж болдог юм байна.
Хөрөнгө оруулагч буюу эдгээр бонд буюу өрийн цаасыг худалдан авагчдын хувьд Засгийн газраас гаргаж байгаа үнэт цаасыг хамгийн найдвартайд тооцдог. Учир нь, бүхэл бүтэн улс гэдэг ямар ч тохиолдолд яаж ийж байгаад гаргасан үнэт цаасаа худалдан авч, хүүг нь төлдөг. Төлж чадахгүйдээ хүрвэл тохиролцоод ядаж алдагдалгүй гарах магадлал өндөртэй.
Нэгэнт л бонд гаргаж байгаа болохоор аль ч улсын Засгийн газар түүнээ борлуулж цуглуулсан хөрөнгийг дээд зэргийн үр дүнтэйгээр ашиглахыг хичээх нь зүйн хэрэг. Гэвч энд глобальчлал, дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл гэсэн тааж хэлэхийн аргагүй эрчимтэй өөрчлөгдөж байдаг хүчин зүйлс бий гэдгийг онцлох хэрэгтэй. Дээр нь ямар ч улсын эдийн засаг тасралтгүй өснө гэж байдаггүй бөгөөд өсөлт буулт хоёр их бага, тодорхой хэмжээгээр ээлжилж байдаг.

Яг үүнтэй холбоотойгоор бонд дагасан олон эрсдэл гарч ирнэ. Энэ эрсдэл дээр нь тоглон манайх шиг эдийн засагтай жижиг орнуудын гаргасан бондыг худалдан аваад дараа нь “шахаан доогуур мөлхүүлж” сурсан хүмүүс ч байдаг. Тэднийг санхүүгийн цөөвөр чононууд ч гэх.
Эдгээр санхүүгийн цөөвөр чононуудын талаар зарим баримт дэлгэе. Эдгээр цөөврүүд хэд хэдэн нийтлэг шинжтэй. Нэгдүгээрт, бүгд төрийн үнэт цаасны миноритар эзэмшигчид буюу нийт өөрийн цөөн хэдэн хувийг л эзэмшиж байдаг. Хоёрдугаарт, тэд бондыг гол төлөв хоёрдогч зах зээл дээрээс худалдан авсан байдаг. Гуравдугаарт, өрнөдийн шүүхүүд дийлэнхдээ тэдний талд шийдвэр гаргадаг. Дөрөвдүгээрт, хеж сангууд гол төлөв “цөөвөр”-ийн дүр тоглодог. Тэд улс орныг өрийн цаасаар нь далимдуулан ингэж сөхрүүлдэг аж.

Бразиль

Кеннет Дарт гэгчийн Бразилийг сөхрүүлсэн арга хамгийн сонгодог жишээ гэлтэй. Энэ хүн 1992 оноос эхлэн Бразилийн Засгийн газрын гаргасан бондыг худалдан авч эхэлжээ. Ингэхдээ дандаа хоёр дахь зах зээл дээрээс нэрлэсэн үнийнх нь 25-40 хувиар авч эхэлсэн. Ингэснээр 35 тэрбум ам.долларын өрийн бичгийн дөрвөн хувийг 375 сая ам.доллараар худалдан авснаар Бразилийн хамгийн том хувь хүн зээлдэгч болов. Бразилийн Засгийн газар анхандаа Дартыг жинхэнэ буянтан гэж түмэн янзаар магтан сайшааж байсан ч удалгүй байдал өөрчлөгджээ.

Зээлийн нөхцөлийг өөрчлөхтэй холбоотойгоор энэ өөрчлөлт гарсан байна.
Зээлийн нөхцөлийг өөрчлөх гэдэг нь эргэн төлөгдөх хугацааг сунгах эсэл хүүг багасгах, төлөгдөх мөнгөний хэмжээг тодорхой хэмжээгээр багасгах гэх мэт тохиролцоонд хүрэхийг хэлнэ. Гол төлөв хүү эсвэл үндсэн зээлийг төлөх чадваргүй болж болзошгүй дампуурлын ирмэг дээр ийм өөрчлөлтийг хийдэг. Тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд үр дагавар нь тун таагүй. Тухайн орны үндэсний валютын ханш огцом унана, бүх л салбарт гадны хөрөнгө оруулагчид орж ирэхээ болино, эдийн засаг уналтын байдалд орж ажилгүйдэл нэмэгдэнэ гээд сөрөг дагавар асар их. Төлбөрийн чадваргүй болж дампурсан улс гадаадаас, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй болно.
Ингээд 1993 онд Бразилийн гадаад өрийн эргэн төлөгдөх нөхцөлийг шинэчлэн өөрчлөх тухай яригдаж эхэлтэл Дарт зангаа харуулсан байна. Учир нь, Дарт зөвшөөрөөгүй байсан цагт өрийн нөхцөлийг өөрчлөх боломжгүй байсан юм. Ингээд Дарт бүхэл бүтэн улсыг дампууруулна гэж сүрдүүлэн өөртөө илүү ашигтай нөхцөл, илүү төлбөр шаардаж эхэлсэн байна. Ингэснээр аргаа барсан Бразилийн Засгийн газар Дартын зөвшөөрлийг хүлээлгүйгээр зээлийн нөхцлөө өөрчлөв. Энэ өөрчлөлтийн дагуу Дарт анх гаргасан 375 сая ам.доллараа хэд нугалан авсан ч санаа нь амарсангүй, Бразилийн Засгийн газрыг шүүхэд өгч эргэн төлөгдөх нөхцөлөө зөрчсөн гээд 1,4 тэрбум ам.доллар нэхэмжилжээ. Шүүх хурал  хоёр жил гаруй үргэлжлээд Бразиль түүнд нөхөн төлбөр өгснөөр хэрэг дуусав. Дарт нэхсэн 1,4 тэрбумаа аваагүй ч чамлахааргүй их мөнгө зулгаан үлдэж чадсан аж.

Перу

Хөрөнгө оруулагч, хеж фондын үүсгэн байгуулагч Пол Сингер яг ийм аргаар Перуд үйл ажиллагаа явуулжээ. Тэрээр 1996 онд Перугийн гаргасан 20 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй өрийн бичгийг 11 сая ам.доллараар хоёрдогч зах зээл дээрээс худалдан авч. Дараа нь, Перуг өрийн бичгээ нэрлэсэн үнийн дагуу бүх хүүг нь төлж эргүүлэн аваагүй тохиолдолд улсыг нь дампуурснаар зарлана гэж сүрдүүлжээ. Аргагүй байдалд орсон Перугийн Засгийн газар түүнд 58 сая ам.доллар төлж, өрөө барагдуулж байжээ.

Аргентин

1998 оны сүүлээр Аргентиний эдийн засаг уналтын үед орсон. Энэ үеэр Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд нь төсвийг танах, татварыг нэмэх гэх мэт өөрчлөлт явуулсны хариуд хэд хэдэн зээл өгсөн байдаг. Гэвч эдийн засгийн уналт үргэлжилсээр улс орныг 2001-2002 онд хамарсан улс төр ба нийгмийн гүн хямралд орсон юм. Энэ үед Аргентиний гадаад өр 132 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өрийн хүүг төлөхийн тулд Засгийн газар дахин шинэ зээл авч байлаа. Ингэснээр 2001 онд нийт 95 тэрбум ам.долларын бондын хүүг төлөх чадваргүй болсноо зарласан юм. Улмаар, өөрийн төлөгдөх нөхцөлийг өөрчлөх тохиролцоонд хүрч хуучин бондуудыг 70 хувийн хөнгөлөлттэйгээр эргүүлэн худалдаж авав. Эдгээр бондыг авсан этгээдүүд улсын ДНБ-ий өсөлтийг барьсан хүү бүхий шинэ бонд авсан юм. Өөрөөр хэлбэл, Аргентиний эдийн засаг хэдий чинээ хурдан өснө шинэ бондын эзэд тэр хэмжээгээр ихийг авна гэсэн үг. Гэхдээ хуучин бондыг бүгд шинээр сольсонгүй. Тодорхой хувь нь Аргентин дампуурсан сургаар бондыг хоёрдогч зах зээл дээр асар хямд заржээ. Эдгээрийг нь алдартай “цөөврүүд”, хеж сангууд худалдан авч эхлэв. Дээр нэр гарсан Пол Сингер “Elliott Management” хеж сангаараа дамжуулан хуучин бондыг асар хямдаар худалдан авсны дараа бүх өрийг бүрэн хэмжээгээр нь төлөхийг Аргентинаас шаардаж эхэлсэн байна. Бразиль, Перутай адил байдалд орсон хэрэг. Гэвч Аргентин сүрдүүлэгт автсангүй хуучин бондыг өмнөх нөхцөлийн дагуу эргэн төлөхөөс татгалзаж. Гэтэл хуучин бондын эзэд Нью-Йоркийн шүүхэд хандахад 2012 онд Америкийн шүүхээс Аргентинийг хуучин бонд худалдан авсан этгээдүүдэд бүрэн хэмжээгээр нь төлөх, өөрөөр хэлбэл 1,33 тэрбум ам.доллар өгөх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дараа Аргентиний хөрөнгө оруулалтын болон зээлийн рейтингүүд навс унасан нь эдийн засагт сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж.

Үүний дээр Нью-Йоркийн шүүхийн шийдвэрийг үндэслэн “цөөвөр”-үүд дэлхий даяар Аргентиний төрийн өмчийг хураан авах ажиллагаа эхлүүлсэн аж. Үүнээс болж тус улсын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны усан онгоцыг хураан авах гэсэн дуулиан нэг хэсэгтээ л дэлхий нийтийн анхаарлын төвд байсныг уншигч та санаж байж магадгүй. Мөн энэ шийдвэрээс болж, Аргентиний төрийн тэргүүн Киршнер гадаад руу Ерөнхийлөгчийн онгоцоор нисч чадахгүй болсон байна. Учир нь, түүний онгоц төрийн өмч болохоор өөр улсад газардмагц “цөөврүүд”  Нью-Йоркийн шүүхийн шийдвэрийг үндэслэн хураан аваад, өрөө барагдуулахаар худалдах эрхтэй болох байсан юм.

Замби

Энэ улс “Donegal International” хөрөнгө оруулалтын сангийн золиос болсон юм. Зургаан жилийн өмнө энэ сан Лондон хотод Замбийн Засгийн газрыг шүүхэд өгч 30 жилийн өмнө гаргасан бондын төлбөрт 55 сая ам.доллар төлөхийг шаардсан юм. Хачирхалтай нь, анх Замбид зээл өгсөн газар нь “Donegal International” хөрөнгө оруулалтын сан бус харин Румыний Засгийн газар байв. Энэ улс 1979 онд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авах зээл Замбид өгсөн байж. Гэтэл 1990 онд Замбийн эдийн засгийн байдал муудсаар, төлөх ёстой өр нь хүүтэйгээ нийлээд 30 сая ам.долларт хүрчээ. Ийм нөхцөлд Замби Румынд хандан өрийн төлөгдөх нөхцөлийг өөрчлөх санал тавьж, 10-15 дахин багасгахыг хүссэн юм. Ингэж багассан өрийн хэмжээ нь 2,5 сая ам.доллар байв. Яг энэ үед “Donegal International” гарч ирээд санхүү, эдийн засгийн хүнд байдалд байсан Румынд 3,3 сая ам.доллар төлөөд Замбийн өрийн бичгийг худалдан авчээ.
Цаг хугацаа явсаар энэ хөрөнгө оруулалтын санд төлөх ёстой өр хүүтэйгээ нийлээд 2003 он гэхэд 44 сая ам.долларт хүрсэн байна. Ийм нөхцөлд Замбийн Засгийн газар сантай гэрээ хийж, өрийн тодорхой хэсгийг буюу 15 сая ам.долларыг гурван жилийн турш сар болгон адил хэмжээтэйгээр хуваан төлж барагдуулах тохиролцож. Гэвч Замби хэдхэн сар төлөөд л төлбөрийн чадваргүй болсноо зарлалаа. Үүний дараа дахин шүүхээр орж 15,5 сая ам.долларыг  төлөхөөр болжээ. Ингэснээр сан нь шаардаж байснаасаа багыг авсан ч гэлээ нийт өрийг 3,3 саяар авсан, шүүхийн зардалд 3,3 саяыг зарсан гэж үзвэл зарцуулсан хөрөнгөө 100 гарсан хувиар нугалж авсан болж байгаа юм. Гэтэл Замби дэлхийн хамгийн ядуу орны нэг бөгөөд хүн амын 70 нь ядуурлын түвшнээс доогуур амьдардаг, дундаж наслалт нь 38, хүн амынх нь өдрийн дундаж хэрэглээ нь нэг ам.доллараас хэтэрдэггүй. Ийм улсыг л шахаанд оруулж байгаад мөнгөө авчихдаг хүмүүс.

Гэхдээ Бразиль, Аргентин эсвэл Перу шиг байдалд орох аюул манайд хараахан нүүрлээгүй байна. Учир нь, санхүүгийн цөөврүүд нь төлбөрийн чадваргүй болсон улсыг шахаанд оруулах байдлаар баяждаг нь эндээс харагдаж байна. Эдийн засаг нь өсөлтгүй болж, бонд гэх мэт гадаад өрийн хүүг төлөх чадваргүй болмогц л цөөврүүд тал талаас хувиа авахаар цуглаж эхэлнэ. Төлбөрийн чадваргүй болсон улс өрийн төлөгдөх нөхцөлийг шинэчлэн өөрчлөх талаар зээлдүүлэгч нартайгаа хэлэлцээ хийх нь ойлгомжтой. Энэ үед цөөнгүй эзэмшигчид нь алдагдлаа багасгах үүднээс үнэт цаасыг хоёрдогч зах зээл рүү нэрлэсэн үнийн 20-30 хувьтай тэнцэх хямд үнээр олноор зарж эхэлдэг. Ингэж үнэ нь огцом хямдарсан бондуудыг цөөврүүд их хэмжээгээр худалдан авна. Дараагаар нь худалдан авсан бондыг нэрлэсэн үнээр нь анх зарласан бүх хүүг төлж худалдан авахыг шаардан сүрдүүлнэ. Ийм л загварын дагуу ажилладаг.
Тэгэхээр, дэлхийн зах зээл дээр зэс, нүүрс гэх мэт байгалийн баялгийн үнэ өндөр байсан цагт цөөврүүдтэй таарна гэж айх хэрэггүй. Гэтэл тав эсвэл арван жилийн дараа дэлхийн эдийн засагт ямар хямрал болоод зэсийн үнэ яаж унахыг мэдэж байгаа хүн байна уу?
2008 онд болсонтой адил нүсэр хямралд орвол тун ч таагүй байдал үүсэх нь гарцаагүй. Тиймээс бид бонд гаргахын өмнө урт хугацааны маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстойг энэ бүх таагүй түүх харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан