Дэлхий нийтээр хүрэн нүүрсийг шатааж эрчим хүч, дулаан үйлдвэрлэхээс татгалзаж буй билээ. Харин шингэрүүлж шатахуун, хийжүүлж эрчим хүч дулаан ялгаруулах технологи хөгжүүлэх болсон байна. Ялангуяа, урд хөрш зүүн хойд бүс нутагтаа нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр л нэмэгдэж буй. Тухайлбал 2020 он гэхэд жилдээ газрын тосны 3-4 сая тонн бүтээгдэхүүн хэрэглэх төсөөлөл гарсан. Энэ нь дунджаар 4-5 тэрбум ам.доллар болно. Судалгаанаас үзвэл манай улсын дизелийн түлшний хэрэглээ жилд дунджаар 12, хувиар өсч байгаа.
Гэтэл манай улс хэрэгцээнийхээ шатахууныг импортоор авч хангадаг. Хэрэглээ ингэж өсч импортоос хангана гэдэг давшгүй даваа юм. Иймд Дархан хотод жилд нэг сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийг нь хийж судалгааны ажил ид өрнөж байгаа. Уул уурхайн яамны мэдээллээр 2016 он гэхэд барилга байгууламжаа бараг бариад дуусна гэсэн. Үүнээс гадна нүүрс шингэрүүлэх, хий гарган авах талаар ч хэд хэдэн үйлдвэрийн сураг гарч судалгаа хийж буй юм. Нүүрснээс ялган авч буй шатахуун байгальд хор бага, чанар сайтай хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Жишээлбэл ердийн дизель түлшнээс тоосонцор 40, нүүрс устөрөгчийн нэгдэл 60 хувиар байгаа байдаг ажээ.
Манай улс нүүрсний 180 тэрбум тонн нөөцтэй. Үүний дийлэнх нь хүрэн нүүрс гэдэг. Одоо дулааны цахилгаан станцууд нэг тонн нүүрсээ 19-25 мянган төгрөгийн хооронд авч байгаа. Тэгэхээр үнэ хямд хүрэн нүүрсээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргавал илүү үнэд хүрэхээс гадна шатахуун, хийн импортын хэмжээ буурах нь тодорхой. Судлаачдын үзэж буйгаар хүрэн нүүрс боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт өндөр, бүтээгдэхүүн гарах өртөг хямд аж. Жишээ нь Адуунчулууны уурхайг түшиглэж нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах судалгаа хийж буй юм. Уг үйлдвэр 2019 онд ашиглалтад орох төлөвлөгөө бий. Одоогоор “МАК” компани Адуунчулууны уурхайг түшиглэж цахилгаан станц барих, нүүрснээс бензин гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нь Эрчим хүч болон Уул уурхайн яаманд хэлэлцүүлж батлуулаад байгаа ажээ. Тус компани дээрх уурхайн орчимд 450 сая тонны нөөцтэй хүрэн нүүрсний ордтой. Нүүрсний илчлэг нь 2500 ккал юм. Үйлдвэрлэлд хэрэглэх усаа Хэрлэн гол болон уурхайн шүүрлээс хангана. Үйлдвэрлэлийн явцад шингэн хаягдал гаргахгүй аж. Уг үйлдвэр жилд бензин 400, хий 17, хүхэр 23 мянган тонн гаргах хүчин чадалтай. Хоногт 10 мянган тонн нүүрс боловсруулах тооцоо бий. Энэ үйлдвэрийг барих хөрөнгө оруулалт нь 2.7 тэрбум ам.доллар бөгөөд зургаан жилийн хугацаанд үүнийгээ нөхөх төлөвлөгөө гарчээ. Цахилгаан станц нь 300 мВт бөгөөд 150 мВт-ийг нь дотоод хэрэгцээнд үлдсэнийг нь үндэсний цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлнэ.
Эндээс үзвэл жилд 3-4 сая тонн шатахуун импортлох өртгөөр нүүрс боловсруулах хоёр, гурван төсөл хэрэгжүүлж нийт хэрэгцээнийхээ 50 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо бий. Нүүрс боловсруулах үйлдвэрээс нэг тонн шингэн түлш гарах өөрийн өртөг нь 500 ам.доллар бол нефтийнх 1000 ам.доллар гэсэн судалгаа гарчээ. Нэг тонн бүтээгдэхүүний түүхий эдийн зарцуулалтыг авч үзвэл нүүрс тав, газрын тос 1.3 тонн шаардлагатай аж.
Багануурын уурхайг түшиглэж “Багануур энержи корпорейшн” компани нүүрснээс бензин, хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум ам.доллар. Жилд дизелийн түлш 456, бензин 90, хий 100 мянган тонныг үйлдвэрлэнэ. Ингээд улсын төсөвт жилд 100 орчим сая ам.долларын татвар төлөх тооцоо гарчээ. Тус үйлдвэр жилд Багануурын 4.5, Ухаа худагаас гурван сая тонн нүүрс авч ашиглана гэдэг. Одоогоор уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нь хийгээд байна.
Багануураас Шивээ-Овоо хүртэлх газрыг Чойр-Нялгын сав газар хэмээн нэрлэдэг. Энд хүрэн нүүрсний асар их нөөц бий. Тухайлбал, Төгрөгнуур, Цайдам нуурын бүлэг орд нийт 10 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэдэг. Төгрөг нуурын нүүрсний ордод лиценз эзэмшигч “Төгрөг нуур-Энержи” компани өөрийн талбайдаа 2005-2008 онд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж 68 сая тонн нүүрсний нөөц тогтоож Эрдэс баялгийн санд бүртгүүлсэн байдаг. Одоогоор тус компани нүүрсээ борлуулах зах зээлгүй байна. Гэвч нүүрс баяжуулах, шингэрүүлэх, шахмал түлш үйлдвэрлэх талаар судалгаа шинжилгээ хийж байгаа аж.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2012-2016 онд нүүрснээс хий, шингэн түлш гарган авах судалгааны ажлыг эрчимжүүлж шатахуун үйлдвэрлэх дотоодын эх үүсвэртэй болно хэмээн тусгасан. Ингээд нүүрснээс шингэн түлш, хий гаргах бодлогын хүрээнд 2018 он хүртэл уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн билээ. Тэгэхээр ирэх гурав дөрвөн жилд монголчууд нүүрсний асар их нөөцийнхөө үр шимийг хүртэж, чанар сайтай, үндэсний үйлдвэрийн шатахуун хэрэглэх боломж байгаа ажээ.