Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн түгээмэл үг 175 нас хүрлээ

“ОК” буюу “окей” гэсэн үг өчигдөр 175 нас хүрлээ. Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа англи хэлний үгсийг бүртгэдэг “Global Language Monitor” байгууллагын гаргасан мэдээнээс үзвэл “ОК” нь дэлхий дээр хамгийн өргөн тархсан, хамгийн олон хүн хүлээн зөвшөөрч ашигладаг үг ажээ.

Энэ үгийг анх 1839 оны гуравдугаар сарын 23-нд тухайн үедээ Америкийн хамгийн алдартай сонинуудын нэг байсан Бостон хотын  “The Boston Morning Post” сонинд албан ёсоор хэвлэгдэн гарч байв.

“ОК” гэсэн үг хэрхэн үүссэн талаар маш олон янзын хувилбар байдаг. Тухайлбал, XIX зууны сүүлээр Америкт хүний анхаарал татахуйц элдэв товчлол моодонд ороход Бостоны сонины сэтгүүлч нар “all correct” буюу бүх зүйл зөв гэдгийн ярианы хувилбар болох “oll korreсt” гэж өөрчилснийг товчлон “ОК” гэж бичиж байхаар болсон гэдэг.

Анх гарч ирсэн цагаасаа хойш “ОК” нэлээд газар авч байснаа 1840 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр жинхэнэ утгаараа Америк даяар мэддэг түгээмэл үг болсон байна. Учир нь, тэр сонгуулиар ялах магадлал хамгийн өндөр нэр дэвшигчдийн нэг Мартин Ван Бюрен сонгуулийн сурталчилгааныхаа уриаг “Old Kinderhook is OK” гэж бичжээ. Тэрээр Нью-Йорк хотын Киндерхук хотод төрсөн байж. Сонгууль орон даяар явсан болохоор бүгд л энэ уриаг цээжлэн авч өргөн ашигладаг болсон ажээ.

Нэлээд газар авсан өөр нэг хувилбарын дагуу АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй нэгэн байсан бөгөөд төр, засгийн чухал бичиг баримт дээр “all correct” гэж цохолт хийхийн оронд өөрийн сонсож сурснаараа “оll кorrect” гэж бичдэг байснаас болж үүссэн ч гэдэг.
Зарим судлаач энэ үгийг англи хэлтэй огт хамаагүй өөр хэлнээс үүсэлтэй гэж улайран нотолдог. Жишээлэхэд, “окей” гэдгийг грек хэлний “ola kala” эсвэл франц хэлний “auх сayes” гэдгээс эсвэл бүр шотланд хэлний “och aye” гэдгээс үүсэлтэй гэх нь цөөнгүй.

Хамгийн сүүлд газар авсан хувилбарын дагуу энэ үг нь дайны үеэр үүссэх гэх. Дайны үеэр нэг ч хүн амь үрэгдэлгүй өнгөрсөн өдөр цэргийнхэн илтгэлдээ “0 killed” буюу “0 хүн үрэгдсэн” гэдэг байснаа сүүлдээ товчилж “ОК” гэх болсон гэнэ.
Үүссэн хувилбар нь ямар ч байлаа гэсэн “ОК” буюу “окей” гэдэг үг масс соёлоор дамжин дэлхий нийтээр түгж өнөөдөр АНУ-аас эхлээд Хятад, Монгол, Мозамбик хүртэл дэлхий даяар ашиглаж байна.

Дашрамд сонирхуулахад, “Окей” нэртэй хот АНУ-д байдаг. Энэ хот Окламхома мужид байдаг бөгөөд албан ёсны товчлол нь ОК юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан