Дэлхийн хамгийн том банк гэгддэг Америкийн “Ситибанк” саяхан сонирхолтой судалгаа хийжээ. Тус банкны мэргэжилтнүүд Хонконгийн иргэдийн хөрөнгө, хуримтлалын хэмжээг судалсан байна. Судалгаагаанаас үзвэл өнгөрсөн жилийн байдлаар Хонконгт сая ба түүнээс дээш гонконг долларын хуримтлалтай 732 мянган хүн амьдарч байна. Энэ нь 2012 оныхоос даруй 22 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ бол Хонконгийн арван хүн тутмын нэг нь саятан гэсэн үг.
Өнгөрсөн оны арванэгдүгээр сараас эхлэн энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд Хонконгийн их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны төв “Ситибанк”-ны захиалгаар 21-79 насны 4046 хүнийг хамруулж утсаар асуулга явуулаад саятнуудын нас ба хөрөнгийн дундаж хэмжээг тогтоожээ. Ингэхэд Хонконг саятнуудын дундаж нас 50. Тэд дунджаар 12 сая хонконг долларын хөрөнгөтэй, 3,1 сая хонконг ам.долларын бэлэн мөнгөтэй.
Өнгөрсөн жил хонконгчууд хувьцааны үнийн хэлбэлзэл, үл хөдлөх хөрөнгийн наймаа болон хөрөнгө оруулалтаа арвижуулжээ.
Сая хонконг доллар нь ойролцоогоор 126 мянган ам.доллар болдог.
Өдгөө дэлхий дээр сая ам.долларын хөрөнгөтэй 11,97 сая хүн байдаг. Энэ бол 2008 онд Америкийг хамарсан үл хөдлөх зээлийн хямралын дараах хамгийн өндөр үзүүлэлт. 2008 онд энэ хямрал эхлэхээс өмнө дэлхий дээр сая ам.долларын хөрөнгөтэй 8,56 сая хүн байжээ. Хямралаас хойш саятнуудын тоо даруй 40 хувиар өссөн хэрэг.
Одоогоор хамгийн олон саятантай улс нь АНУ. Тэнд 3,73 сая саятан амьдардаг бол манай урд хөршид 3,68 сая байдаг. Европт сая ам.долларын хөрөнгөтэй 3,41 сая хүн бий. Латин Америкт 520 мянга, Ойрх Дорнодод 490 мянга, Африкт 140 мянган саятан амьдардаг.
Хүмүүс ямар замаар сая ам.доллартай болж байгаа талаар мэргэжилтнүүд судалгаа явуулж үзжээ. Ингэхэд саятан болох хамгийн найдвартай арга нь өөрийн гэсэн бизнес эрхлэх гэдгийг тогтоож.
Одоогийн саятнуудын 37 хувь нь өөрсдийн байгуулсан том үйлдвэр эсвэл компанийн эзэд. Эд үйл ажиллагаа явуулахын тулд ажилчид, мэргэжилтнүүд хөлслөн ажиллуулдаг гэсэн үг. 24 хувь нь хувиараа бизнес эрхлээд саятан болсон. Өөрөөр хэлбэл, хөлсний ажилтан, ажилчидгүйгээр дангаараа, “бор зүрхээрээ” зүтгэсээр саятан болсон хэрэг.
18 хувь нь азтанууд. Яагаад гэвэл, зөв гэр бүлд төрсөн өв залгамжлагчид юм. Тэд хөрөнгө мөнгө цуглуулах, баяжих гэж хуруугаа ч хөдөлгөөгүй. Хувь тавилангийн эрхээр саятан айлд төрсөн хэрэг.
Саятнуудын 10 хувь нь хөрөнгө оруулалт хийх замаар бэлжсэн.
Есөн хувь нь ашигтай хувьцаа худалдан авч саятан болсон, одоо хүүгээр нь буюу хувьцааны ногдол ашгаар нь амьдардаг.
Хоёр хувь нь өөр бусад аргаар хөрөнгөтэй болжээ.
Их хөрөнгө цуглуулна гэдэг нэг хэрэг, цуглуулсан бүхнээ алдчихалгүй хадгалж, бүр арвижуулна гэдэг бас нэг өөр. “Тамирын голын мөсийг долоох шахаж олсон” хэдээ дэлхийн саятнууд янз бүрээр хадгалдаг, хамгаалдаг.
Судалгаанаас үзвэл саятнуудын 29 хувь нь мөнгөө засгийн газар эсвэл компаниудын гаргасан бонд худалдан авах замаар хадгалахыг илүү эрхэмлэдэг. Ингэснээр бондын хүү гэж баталгаатай, тогтмол орлоготой болдог бөгөөд түүнээ өөр бизнест хөрөнгө оруулалт хийх эсвэл өөрийн дураар үрэх боломжтой.
25 хувь нь хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа хувийн компаниудын хувьцаа худалдан авч хөрөнгөө хадгалдаг. Ингэснээр тэд бусдын бизнест хөрөнгө оруулалт хийх замаар өөрсдийн бизнесээ үргэлжлүүлэх боломжтой болдог.
21 хувь нь мөнгөө гэртээ бэлнээр хадгалдаг эсвэл банкинд хугацаат хадгаламж нээдэг байна.
Долоон хувь нь өндөр эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа хийх замаар мөнгөө хадгалах, арвижуулахыг дээрд үздэг. Гэхдээ эрсдэл өндөртэй болохоор эвгүйтлээ гэхэд олсон хэдээ бүгдийг нь алдаад дуусч магадгүй. Харин аз таарвал гаргасан мөнгөө богино хугацаанд санаанд оромгүй ихээр үржүүлэх боломжтой.