Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар Баялгийн сангийн хэлтсийн дарга Б.Төгөлдөртэй Баялгийн сангийн ажлын явцын талаар ярилцлаа.
-Уул уурхайн хөгжлөөс хамааралтай манай улсын эдийн засгийг Баялгийн сан тогтворжуулна гэдэг. Өнгөрсөн жилээс яригдсан энэ сан хэзээ нээж ажил хэргээ явуулах вэ?
-Баялгийн сан бол эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хадгалах бодлогын нэг хэрэгсэл. Тэр ч утгаараа тогтворжуулалтын болон хуримтлалын сантай байна. Тогтворжуулалтын сангийн хувьд Засгийн газрын төсвийн орлогын хэлбэлзлийг багасгах, үндэсний эдийн засаг болон төсвийн зарлагын циклээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулах, тэнцвэржүүлэх зорилготой. 2013 оны байдлаар тогтворжуулалтын сан 384 тэрбум төгрөгийн хуримтлалтай байна. Харин ирээдүйн өв сангийн хуулийн төсөл батлагдвал эхний ээлжинд Хүний хөгжил сангийн өр төлбөрийг барагдуулсныхаа дараа Баялгийн сан анхныхаа хуримтлалыг хийх юм.
-Бид баялгийн сан байгуулах нь эдийн засгийг тогтворжуулахаас гадна ирээдүйгээ харсан зөв алхам гэж ойлгосон. Гэхдээ энэ сангийн хөрөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ?
-Баялгийн сан бидний хувьд цоо шинэ зүйл. Норвеги, Чили гэх мэт оронд Сангийн яам нь Баялгийн сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгслүүдэд хэрхэн байршуулах зааварчилгааг нь боловсруулан батлуулдаг. Манай улсын хувьд энэ зарчмаар ажиллана. Өмнө нь, гадаадын зээл, тусламж авч байсан учраас өөрсдөө хуримтлал үүсгэж, түүгээрээ гадаадын орнуудын Засгийн газрын бонд худалдан авах эсвэл олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанд байршуулах замаар хөрөнгийнхөө урт хугацааны үр ашгийг хамгийн өндөр байлгах боломжтой болох юм. Энэ бүх ажиллагаанд манай хэлтсээс гадна хяналт тавих субъект нь олон.
-Гадаадынхан тэгдэг гэж даган дуурайхаасаа илүүтэй монголчлох ёстой байх. Нэг ёсондоо, өөрсдийнхөө нөхцөл байдлаа бодолцсон сан байгуулах ёстой?
-Тийм. Ер нь, дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч нь улс орнуудын байгуулсан баялгийн сан байдаг. Баялгийн сан ихэвчлэн төрийн өмчит хуулийн этгээд хэлбэрээр буюу олон улсын зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, өөрийн хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй, урт хугацаанд хамгийн үр ашигтай ажиллах зорилт тавин ажилладаг. Улс орнууд баялгийн сандаа түүхий эдийн экспортын орлого, төлбөрийн тэнцлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьчлалын орлогоо хийх замаар сангаа бүрдүүлдэг.
Нийт сангуудын гуравны хоёр нь буюу 70 орчим хувь нь байгалийн баялгийн орлогоос Баялгийн сангаа байгуулсан байдаг. Тэгэхээр бид 100 хувь гадныхныг дуурайгаагүй. Харин ч маш их судалгаа, тооцоонд үндэслэсэн гэсэн үг.
-Баялгийн сан маань хэр нээлттэй ажиллах бол. Засгийн газрын олон сан байхад нэмэх шаардлага байна уу гэсэн шүүмжлэл гарч л байсан шүү дээ?
-Энэ бол хамгийн чухал асуудал. Үндэсний баялаг, ард түмний өмч болсон баялгийн сангийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Үйл ажиллагаа нь ил тод байхаас гадна хөрөнгийн удирдлага нь улс төрөөс хараат бус байх ёстой. Тэр байтугай сангийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах эрх Сангийн сайд, Ерөнхий сайдад ч байхгүй.
-Тэгэхээр захиран зарцуулах эрхгүй гэхээр ирээдүйд яаж хөрөнгө оруулалт хийх вэ?
-Мэдээж, олон жилийн дараа ямарваа нэгэн байдлаар маш том санхүүгийн асуудал үүсвэл хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ мөнгө гаргах эсэхийг шийднэ. Гэхдээ сангаас зарлага гаргахгүй ч, хүүгээр нь гадаадын өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэжлээр оюутан залуусыг сургах тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн заалтыг Ирээдүйн өв сангийн хуулийн төсөлд заачихсан байгаа. Энэ маань ирээдүй рүүгээ чиглэсэн бодлого баримталж байна гэсэн үг. Бусдаар бол зарцуулахгүй.
-Хуулийн төсөл хэзээ батлагдах вэ?
-Засгийн газарт өргөн барьсан. Холбогдох яамд саналаа өгчихсөн. Ерөнхийдөө, хүлээлтийн байдалтай байна гэсэн үг. Хаврын чуулганаар хэлэлцчих байх. Хууль батлагдвал өндөр мэргэшлийн санхүүгийн хөрөнгө оруулалтын чадвартай мэргэжилтнүүдийг авчран Төрийн өмчит бие даасан корпорац байгуулснаар бидний ажил эхлэх юм.