Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БОЛОН ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАРААР 28 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

Улаанбаатар хотын автозамыг зам биш там гэж шүүмжилдэг байсан нь саяхан. Энд тэндгүй нүхтэй, хотгор гүдгэр нарийн замаар түгжрэн явах амаргүй. Жолоо мушгидаг бүхний бухимдлыг бардаг “там” өнөөдөр зам төрхтэй болсон. Сүүлийн хоёр жилд хийсэн зам засварын ажилд иргэд ч ам сайтай байгаа. Тэгвэл энэ үеийг ашиглая гэсэн үү эсвэл үнэхээр замаа улам сайжруулъя гэв үү хотын удирдлагууд энэ жилээс зам ашигласны төлбөр авахаар болжээ.
Хаврын хаварт үзлэг оношилгоонд орж, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, жолоочийн хариуцлагын даатгал гээд чамгүй мөнгө төлдөг жолооч нар дахин нэг төлөөс нуруун дээрээ үүрэх нь. Ингэж онцолсны учир нь, зам ашигласны төлбөр нэг, хоёр мянгаар хэмжигдэхгүй нэлээд хэдэн төгрөг байх гэнэ. Тодруулбал, хамгийн бага  хураамжтай гэгдэх мотоцикль 10 мянган төгрөг төлөх бол 10–аас дээш тоннын даацтай тээврийн хэрэгсэл 75 мянган төгрөг төлөх юм байна.
Гэхдээ, зарим нэгний ундууцал төрүүлж мэдэх энэ арга хэмжээг сайшаах хүн илүү олон байгаа бололтой. Толь шиг дардан замаар сүнгэнэтэл давхидаг болохын тулд автозам ашиглагч бүхэн хувь нэмрээ оруулж, түүнийхээ төлбөр гээд хэдэн төгрөг жилдээ нэг удаа төлөхөд буруудах зүйлгүй гэх.
Автозам ашигласны төлбөрийг энэ жил тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр­тэй хамт авахаар зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, энэ сарын 20-ноос тавдугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураалтын ажил явах юм байна.
Зөвхөн зам ашигласны хураамжаас гэхэд есөн тэрбум төгрөгийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоо ч гарчээ. Үүнийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд бүрэн зарцуулна гэдгээ албаныхан хэлж байна.
Энэ онд нийслэлд 54.9 километр замыг өргөтгөн шинэчилж, 40.4 километр автозамыг шинээр барих бол 243.2 урт метр гүүр, есөн байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарц, явган хүний хоёр гүүрэн гарц, 1.84 километр байгалийн чулуун автозам барих ажил төлөвлөгджээ. Эдгээрийг гүйцэтгэхэд нийт­дээ 73 тэрбум 130 сая төгрөг шаардлагатай гэнэ.
Авто замын санд хуримтлах мөнгөөр Соёолжийн төмөр зам доогуур,  Их Монголын замтай холбогдох 0.5 километр автозам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 километр автозамын шинэч­лэлт, Чойдогийн гу­дамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас нэгдүгээр эмнэлэг хүртэлх 0.54 километр замын өргөтгөл, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 километр автозамын өргөт­гөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх юм байна.

ОРОН НУТГИЙНХАН НИЙСЛЭЛИЙН ЗАМЫГ 1000-5000 ТӨГРӨГӨӨР АШИГЛАНА

Нийслэлийн татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Жолооч нараас тат­вар, төлбөрийг хамтад нь авна гэсэн. Нийтдээ хэдий хэмжээний мөнгө төвлөрөхөөр байгаа вэ?
-Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн татвараар 19 тэрбум, шинээр тог­тоогдсон автозам  ашиглас­ны төлбөрөөр есөн тэрбум  буюу нийтдээ 28 тэрбум төгрөг зургадугаар сарын 1-нээс өмнө хурааж, нийслэлийн автозамын санд төвлөрүүлэхээр бол­сон. Үүнийг есөн дүүр­гийн татварын хэлтэс, Оно­шилгооны гурван цэг, Автотээврийн газрын бүртгэл болон шилжилт хөдөлгөөний бүртгэл гэсэн 14 цэгээр хурааж байгаа. Энэ мөнгө татварын дансаар дамжин бүгд замын санд төвлөрнө. Өөрөөр хэлбэл, Тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр ч бай бүгд замын ажилд зарцуулагдана гэсэн үг. Бусад төрлийн татвар улс, нийслэлийн төсөвт төвлөрсөнийхөө дараа хуваарилагддаг бол энэ татвар нь зориулалтын дагуу зарцуулагдах юм.
-Өнгөрсөн жил тээврийн хэрэгслийн татвар хураалтаас хэр хэмжээний мөнгө төвлөрсөн юм бэ. Зам засварын ажилд нэмэр болж чадсан уу?
-250 мянган тээврийн хэрэгслээс нийт 19 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Бүгд замын ажилд зарцуулагдсан. Энэ жил 300 мянган тээврийн хэрэгсэл хамрагдахаар байгаа. Нийслэлийн автозамын санд төвлөрсөн мөнгөөр л зам засвар, шинэчлэлтийн ажил хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд улсын төсөв, нийслэлийн өөрийн хөрөнгө гэхчлэн олон эх үүсвэрийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Хотын замын сүлжээг улам сайжруулахын тулд иргэд татвар төлбөрөө цаг тухайд нь төлөх хэрэгтэй.
-Товчоод дээр хот руу орж ирж байгаа тээврийн хэрэгслээс 500 төгрөг авдаг. Үүнийг болиулна гэсэн үг үү?
-Энэ их учир дутагдалтай байсан юм аа. Жишээ нь, Баянзүрхийн товчоо гэхэд дүүрэг дотроо ороод ирчихсэн. Цаана нь амьдардаг хүн орж, гарах тоолондоо 500 төгрөгийг зам ашигласны мөнгө гэж төлдөг. Тэгвэл энэ жилээс эхлэн Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслүүд хот руу орж гарахдаа мөнгө төлөхгүй. Яагаад гэвэл, жилдээ нэг удаа зам ашигласны төлбөр төлчих учраас. Харин орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдээс нийслэлийн автозамыг ашигласны төлбөр гэж 1000-5000 төгрөг авах зохицуулалт хийсэн. Энэ мөнгө мөн л авто замын санд төвлөрч замд зарцуулагдах юм.
-Дугаарын хязгаар­лалтаас болж долоо хоногийн нэг өдөр хөдөл­гөөнд оролцохгүй байгаа. Үүнийг хураах дүндээ тооцсон уу?
-Хүмүүс их асууж байна. Төлбөрөө төлчихөөд хөдөлгөөнд оролцдоггүй өдрийнхөө мөнгийг буцааж авах юм уу гэж. Дугаарын хязгаарлалттай, хөдөлгөөнд оролцдоггүй  өдрийг нь хасч тооцсон. Тэгэхээр тогтоосон мөнгийг л төлөх ёстой. Зам ашиглаагүй нэг, хоёр өдрийн мөнгийг буцааж олгоно гэсэн зүйл байхгүй.
-Зам ашигласны төл­бөр өндөр сонсогдож байна. Жолооч нар бас нэг татварын дарамт гэж хүлээж авах байх. Энэ тухайд?
-Би өөрөө ч машин барьдаг. Бидний хүсэл бол сайн замаар саадгүй зорьсон газартаа хүрэх шүү дээ. Сайн замтай байх тусам машины эвдрэл элэгдэл багасна. Үүний төлөө төлж байгаа зүйл. Зам ашигласны мөнгө замдаа л зарцуулагдана гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

60 САЯАР ХЭВЛЭГДДЭГ ГУРВАЛЖИН НААЛТ ЦАХИМЖАВ

Жил бүрийн автотээврийн үзлэг оношилгооны дараа автомашины салхины шилний дээд хэсэг дэх гурвалжин наалт нэгээр нэмэгддэг уламжлалтай. Энэ гурвалжин наалт нь тухайн жолооч үзлэг оношилгоонд хамрагдсан эсэх, татвараа төлсөн үү, үгүй юү гэдгийг таниулдаг нэг ёсны таних тэмдэг, хошигнож хэлбэл машины “гангараа” байсаар ирсэн. Хэрэв наалтаа наагаагүй бол цагдаа зогсоогоод амар заяа үзүүлдэггүйсэн. Иймд дуртай ч дургүй ч гурвалжин эрээн цаасаар машинаа “гоёх”-оос өөр аргагүй.   Тэгвэл энэ жилээс жолооч нарыг үнэгүй “гангараа”-гаар хангахгүй болсноо албаныхан дуулгалаа.  Учир нь, автомашины тоо эрс нэмэгдсэн тул цагдаа машин бүрийн салхины шил рүү хараад хяналт тавих боломжгүй. Тиймээс энэ үргүй зардлыг одооноос зогсоох нь зөв гэж үзсэн аж. Авто тээврийн татвар хураалтын үеэр нийтдээ 60 гаруй сая төгрөгийг зөвхөн гурвалжин наалт хэвлэхэд зарцуулдаг байжээ. Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайханаас тодрууллаа.
-Жолооч тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг замын цагдаа нар яаж мэдэх вэ. Эсвэл хяналт тавихаа больж байгаа юм уу?
-2000 оноос өмнө нийслэлд 50 орчим мянган автомашин байсан. Тэгвэл одоо жилдээ л 50 мянган машин нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 300 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцдог гэсэн тооцоо байдаг. Бид 50 мянган машинтай байхад салхины шил рүү нь хараад наалтгүй бол зогсоож шалган арга хэмжээ авдаг байсан. Харин 300 мянган машинтай болчихсон үед ингэж хянах боломж байхгүй.
-Тэгвэл хяналтаа яаж тавих юм бэ. Татвар  хураалтын хоёрдугаар шат нь хяналтын үзлэг шалгалт гэсэн биз дээ?
-Замын цагдаа нар бүртгэлийн төхөөрөмжтэй болсон. Татвар төлөлтийн талаарх мэдээлэл нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд орох юм. Тэгэхээр цагдаа тухайн төхөөрөмжөөрөө татвар төлсөн эсэхийг нь шалгаад арга хэмжээ аваад явна. Энэ нь ч дээр.
-Татвар төлөөгүй автомашинд ямар арга хэмжээ авах вэ?
-Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Г.Болортунгалаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан