ОХУ-ын “Роснефть” компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзлаа. Энэ үеэр Уул уурхайн сайд “Олон жилийн хугацаанд “Роснефть” компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархал илэрхийлээд, өнгөрсөн жил болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ОХУ-аас жилд нэг сая тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн Монголд нийлүүлэх болсон талаар онцолжээ. Мөн ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна.
“Роснефть” компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин “Манай хоёр улс уламжлалт найрсаг ах дүүгийн харилцаатай. Цаашид стратегийн чанартай томоохон төслүүдийг харилцан ашигтай, хүндэтгэх зарчмуудыг баримтлан хамтран ажиллах бүрэн боломжтой” гэжээ. Мөн тэрээр “Роснефть” компанийн газрын тосны нөөц, олборлож буй хэмжээ, дэлхийд дээгүүрт орж байгаа талаар танилцууллаа.
Тэгээд олборлож буй түүхий тосны нэгж өртөг нь бусад орны компаниас хамгийн бага байгаа гэв. Мөн төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Энэ асуудлыг талууд харилцан мэдээлэл солилцож судлах шаардлагатай гэж үзсэн байна. Одоогоор ОХУ-ын тал Монгол Улсад баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг гурван улс хоорондын солилцооны зарчмаар нийлүүлэх боломжийг судалж байгаа юм.