Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одонхүү: Хаврын тариалалтад улсын үрийн нөөц хүрэлцэхгүй

ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй тариалалтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.  

-Хаврын тариалалт эхлэх дөхөж байна. Бэлтгэл ажлаа хэр базааж байна вэ?
-2014 онд 315 мянган га-д үр тариа, 304 мянга орчим га-д буудай, 10 мянган га-д тэжээлийн ургамал,  24 мянган га-д тосны ургамал, 15.4 га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна. УИХ-аас хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор 20 мянган тонн хүртэлх үрийн буудайг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хүрээнд бид сонгон шалгаруулалт хийж, үр оруулж ирэх аж ахуйн нэгжүүдэд квот олгосон. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 8.8 мянган тонн үр оруулж ирэх ёстой. Гэрээ хэлцэл нь хийгдэн түрүүчээсээ орж ирж байна. Үүнээс гадна гурилын үйлдвэрүүдэд үрийн буудай оруулж ирэх квот өгсөн. Гурил үйлдвэрлэгчид тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй намар ургац авахаар тохиролцож, үр олгох ёстой юм.

-Манай улсын үрийн нөөц гэж хэр хэмжээний юм байна?
-Орон нутгаас авсан судалгаагаар аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаасаа 25-26 мянган тонн үр нөөцөлсөн гэсэн. Дээр нь, Тариалан эрхлэлтийг дэмжих санд өнгөрсөн жилийн ургацаас авсан 3-4 мянган тонн үрийн нөөц бий. Үр авч нөөцлөх зориулалттай байгууллага болох ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт мөн 3-4 мянган тонн үр байгаа. Тэгэхээр хаврын тариалалтад нийтдээ 47 мянган тонн үр шаардлагатай гэж үзвэл 20 мянга тонн орчим үр дутахаар байна гэсэн үг. Тиймээс шаардлагатай үрийн нөөцийг бүрдүүлэхийн тулд  20 мянга хүртэл тонн үр импортоор авахаар дээрх ажлыг зохион байгуулсан хэрэг л дээ.

-Гадаадаас авах үр элит сортынх байх ёстой гэсэн шаард­лага тавьж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Ер нь, гаднаас авах үр элит, Монгол оронд нутагшсан буюу нутагшсан сортуудтай нэг омгийнх байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ дагуу Алтайн хязгаар, ОХУ-ын Буриадаас ч үр орж ирж байгаа.

-Гэхдээ гадаадаас авсан сайн үр манай нөөцийн үртэй холилдохоор элит гэсэн мөн чанараа алдчих юм биш биз дээ?
-Ер нь, буудайн үрийг таван жил тутамд шинэчилдэг. Үр ерөнхий шинж чанараа хадгалж чадахгүй болонгуут нь худалдаанд шилжүүлдэг. Энэ хугацаанд тухайн аж ахуйн нэгж  үрийн шинэчлэлээ хийгээд явах ёстой л доо. Манай томоохон аж ахуйн нэгжүүд ч нөөцөө бүрдүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран үрийн шинэчлэлээ хийж явдаг. Тэгээд ч гадаадаас авсан элит үр аж ахуйн нэгжийн сортын үртэй холилдон алга болно гэж байхгүй,  тус тусад нь тарьдаг юм. Харин нарийн, эмх цэгц, хяналт хэрэгтэй.

-Тариалалт хэзээ эхлэх бол?
-Дулааны улирлын ерөнхий төлөвтэйгөө уялдуулна. Цаг уурын хүрээлэн дөрөвдүгээр сарын 20-ноос зуны улирлын ерөнхий төлөв гаргадаг. Энэ төлөв гарсны дараа  хөрсний чийг хэр байна, зургаа, долдугаар сард хэр халуун байх вэ гэдгийг тооцож, эрдэм шинжилгээний байгууллагаас зөвлөмж гаргадаг. Гэхдээ дундаж хугацаа нь тавдугаар сарын дунд арав хоногт эхлээд таван сардаа багтаж тариалалтаа дуусгахаар зохион байгуулдаг. 

-Ирэх намар гаднаас буудай авахгүйгээр ургацтай байх боломж байна уу?
-Хаврын тариалалтаас бүх зүйл шалтгаална. Хэрэв бид тариалалтаа 315 мянган га-д хүргэж чадвал дотоодын хэрэгцээг хангах хэмжээний буюу 460-аад мянган тонн ургац хураах боломж байгаа. Гагцхүү хаврын тариалалт ямархуу байдалтай, хэдэн га-д тариалалт хийх вэ гэдэг л асуудал. Энэ жилийн тухайд гурил үйлдвэрлэлд 100 мянган тонн орчим буудайг нөөц бүрдүүлэх зорилгоор импортоор авч байна. Аж ахуйн нэгжүүд квотоо авчихсан, импортын буудай түрүүчээсээ гурилын үйлдвэрүүдэд орж ирж байгаа юм билээ.

-Техник тоног төхөөрөмжүүд ажилдаа гарахад бэлэн үү?
-Хаврын тариалалтад ажиллах машин механизмын засвар үйлчилгээ эхэлсэн. Өөрийн гэсэн засварын баазтай аж ахуйн нэгжүүд техник тоног төхөөрөмжөө засаад эхэлчихсэн. Хөдөө аж ахуйн машинуудын засварыг ихэвчлэн гадаа талбайд хийдэг болохоор энэ сарын 20-ноос хойш заримынх нь засвар эхлэх байх. Ерөнхийдөө, дөрөвдүгээр сарын сүүл гэхэд засварын ажлыг бүрэн дуусган ажиллахад бэлэн болчихдог юм.

-Нэг үеэ бодвол газар тариалангийн техник хэрэгсэл сайжир­сан ч хангалттай хэм­жээнд хүрээгүй. Техник, тоног төхөө­рөмжийн дутагдалтай байдлаас болж хаврын тариалалтад ямар нэг хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй?
-400 га-аас дээш талбайд тариалалт хийдэг томоохон компаниуд өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй, техникийн шинэчлэлээ ч хийчихсэн. Харьцангуй бага засвар үйлчилгээ шаарддаг. Харин 200 хүртэл га-д тариалалт хийдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд үндсэндээ өөрийн техник хэрэгсэл муутай. Хэн нэгнээс түрээслэх байдлаар хэрэглэдэг болохоор тариалалтын үеэр хүндрэл гарч болох юм. Тариаланчдад туслах зорилгоор техник хэрэгслийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Гэхдээ хаврын тариалалтад ашиглаж амжихгүй.

-Тариалалтын үеэр төрөөс шатахууны зээл олгодог. Энэ жил өгөх үү ?
-Сүүлийн жилүүдэд тариалангийн салбар тэр дундаа улаан буудайн үйлдвэрлэлийг төр тодорхой хэмжээгээр дэмжиж ирсэн. Энэ уламжлал хэвээр хадгалагдана. Хамгийн гол нь, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх ёстой юм. Богино хугацаанд хийгддэг нь тариалангийн ажлын онцлог. Тэр богинохон хугацаанд ажлаа амжуулахад нь учрах хөрөнгө санхүүгийн ачааллыг нь багасгах зорилгоор үр, шатахуун, ургамал хамгаалах бодисыг хөнгөлөлттэй нөхцөл буюу зээлээр олгож байна. Шатахууныг гэхэд 30-50 хувийн урьдчилгаатайгаар олгож, намар ургац хураалтын үед үлдсэнийг нь авдаг журамтай.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан