МАХН болон МАН нь Монголын шинэ цагийн түүхийн хэдий үед үүсч хөгжсөн, энэхүү нам нь уугуул нэрээ сэргээх нь зөв, буруу гэдэг тал дээр хүмүүс маргалдсаар байна. Түүхийг хэзээ ч зохиож болдоггүй.Тэр тусмаа шүүхээр түүхийн үнэнийг тогтоодоггүй. Цаг хугацаа л түүхийн үнэнийг бичиж, тогтоодог билээ. 1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг болох Солийн Данзангийн (1885 -1924) тухай Түүхт хүн булангаар хүргэе. Тэрээр Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм.
1919 онд Гаалийн хорооны түшмэл байхдаа Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулж улмаар Ноёдын бүлгэм, Консулын дэнжийн нууц бүлгэмтэй нэгдэн 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж намын анхны даргаар 1921 оны гуравдугаар сард сонгогдон ажиллаж байжээ. С.Данзан 1921 оны намраас Сангийн сайдын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Улмаар 1923 онд Дамдины Сүхбаатарыг нас барсны дараа Бүх цэргийн жанжин болсон байдаг.
С.Данзан нь 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Оросын Москва хотод айлчилсан Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн Ленинтэй уулзаж ЗХУ-тай найрамдлын гэрээ байгуулсан анхны хүн юм.. С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан аж. Тэрээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг “Монгол доллар” (Данзангийн доллар гэж алдаршсан) болгох саналаа ч илэрхийлж байжээ. Мөн түүний гол баримтладаг зүйл нь Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн үзэлтэй байлаа. Энэ нь түүнийг коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц болсон юм.
С.Данзан нарын хувьсгалчид 1920 оны зургадугаар сарын 25-ны өдөр Нийслэл Хүрээнд МАН-ыг байгуулсан байна. Энэ намын анхны “Соёмбу” хэмээх тамгыг Бодоо зандан модоор сийлэн хийсэн байдаг. Гэтэл 1921 оны есдүгээр сарын 21-ний өдөр коминтерний төлөөлөгчийн зааварчлагаар ардын намыг бүртгэхдээ “Соёмбу” тамгыг шинэчилэн “Хас” тамгаар сольж МАН болон МАХН гэсэн хоёр нэрийг нэг өдөр авч тамгандаа сийлэн бичжээ. Ийнхүү 1920 онд Хүрээнд байгуулсан МАН-ыг “Соёмбу” тамгыг татан буулгаж, Хиагт хотод оросын большевикуудын нөлөөгөөр байгуулсан МАХН-ыг МАН-тай нэгтгэсэн байна.
Шинээр байгуулсан МАХН-ын тамганд хуучин монгол босоо бичгээр “Монгол Ардын Намын үндсэн гишүүний тэмдэг” гэж мөн крилл буюу орос үсгээр М.Н.Р.П гэсэн бичсэн байдаг. Энэхүү крилл үсгийн товчлол үгийг задалвал “Монгольская Народная Революцианная Партия” гэсэн орос нэр болно. Үүнийг орчуулвал МАХН гэж уншигдана. Ийнхүү одоогийн маргааны бай болоод байгаа МАН нь Орос, Монгол хоёртой болсон түүх нь ийм учиртай ажээ.
Элбэгдорж Ренчино коминтерний дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын 1924 онд болсон III бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн өчигггүйгээр буудуулах ажлыг гардан явуулсан байдаг.