Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леонардо да Винчийн нисдэг аппаратууд

Италийн сэргэн мандалтын үеийн суутнуудын нэг Леонардо да Винчийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш өргөн хүрээг хамарсан сонирхол нь үнэхээр гайхан биширмээр байдаг. Түүний нисдэг аппарат зохион бүтээх салбарт хийсэн судалгаа, туршилтууд маш ховор нандин бүтээлд зүй ёсоор тооцогдоно. Тэрээр шувуудын нислэгийн арга барил, тэдгээрийн далавчны бүтцийг нарийн нягт судалсны эцэст дэвдэг далавч бүхий нисдэг аппарат, шүхэр, эргэдэг сэнсний загвар зэрэг тухайн цаг үедээ гайхамшигтай хийцүүдийг бүтээж байв. Леонардогийн гар бичмэлүүдэд инженерийн маш сонирхолтой шийдэл бүхий хэдэн арван нисэх төхөөрөмжийн зургууд хадгалагдан үлджээ.

Далавч 

“Онгоц” бүтээх ажлаа Леонардо тэмээлзгэнэ агаарт хэрхэн тогтож, нисч байгаад хийсэн ажиглалтаас эхэлсэн байна. Дараа нь агаараас түлхэлт авах хэрэгсэл болох дэвдэг далавчийг бодож олжээ. Гэхдээ юуны түрүүнд багаар бодоход 90 кг жинтэй ачааг агаарт хөөргөхөд шаардлагатай хүний хүчин чадлыг маш нарийн тооцоолж үзэх шаардлагатай байсан юм.

Шувуудын нислэгийг анхааралтай судалж үзсэний дараа Леонардо сарьсан багваахайтай төстэй, дэвдэг далавч бүхий өөрийн анхны нисдэг аппаратын загварыг бүтээжээ. Гар болон хөлийн булчингийн хүчээр дэвэх далавч агаараас түлхэлт аван хүн ниснэ хэмээн тооцоолсон байна.

Далавч нь хүнийг зөвхөн агаарт хөөргөөд зогсохгүй элерон (далавчинд байх агаарын урсгалыг зохицуулагч), нугас гэх мэт тусгай эд ангиудын тусламжтайгаар агаарт тогтоон барьж байх ёстой аж. Энэхүү дэвдэг далавчны тусламжтай хүнийг нисгэж болно гэдэгт Леонардо тухайн үед ихэд итгэлтэй байжээ.  Хүний булчингийн хангалтгүй хүчийг тэрээр харвах  нумны механизмын хүчээр орлуулж болно гэж үзэж байв.

Он жил өнгөрч, хэсэг хугацаанд завсарласны дараа Леонардо нислэгийг судлах ажилдаа дахин орсон байна. Харин энэ удаа салхины тусламжтайгаар агаарт дүүлэн нисч болох тухай бодох болжээ. Энэ тохиолдолд нисдэг аппаратыг агаарт тогтоож, хөдөлгөхөд бага хүч шаардагдах болно гэдгийг мэдсэн байна.

Хэвтээ нисгэгч бүхий орнитоптер

(далавчны хүчээр нисдэг төхөөрөмж)

Ийм аппаратаар нисэх үед хүн хэвтээ байрлалд байж, гар болон хөлөөрөө дэвж буй далавчны механизмыг удирдан зална. Нэг хөл далавчийг өргөж, нөгөөх нь буулгаж байх дөрөөнд бэхлэгдэх бөгөөд далавчнууд олс болон хөшүүргийн тусламжтайгаар дэвэгдэж, хумигдаж байх аж.

Эгц  босоо хэлбэртэй нисдэг аппарат

Үүнийг одоогийн нисдэг тэрэгний “өвөг” гэж үздэг. Энэхүү аппаратдаа зохион бүтээгч ээлж дараалан дэвдэг хоёр хос далавчийг төлөвлөсөн. Нислэгийн үед хүн 12 метрийн диаметр бүхий аварга том аяган дотор зогсож байна. Далавчны нийт урт 24 метр, харин тэдгээрийн дэвэлтийн далайц ойролцоогоор таван метр байхаар тооцоолжээ. Аппаратын механизмыг удирдахад нисгэгчийн гар, хөл, бүр толгой хүртэл оролцох гэнэ. Далавч нь дээш доош, шувууны далавч шиг дэвж байх аж. Хэрвээ бүтээсэн бол яагаад ч нисэх боломжгүй тийм хүнд машин болох байсан юм. Леонардо ч үүнийг хүлээн зөвшөөрч, илүү хөнгөн материал ашиглан хүндийн жинг нь багасгах боломжийг эрэлхийлж байжээ.

Эгцээрээ нисдэг аппарат

Леонардо энэхүү төхөөрөмждөө өнөөгийн нисэх онгоцны хураагддаг дугуйтай адил эвхдэг шат суурилуулахыг хүссэн байна. Шатны хөлөнд бэхэлсэн хүнхэр хэлбэрийн шаантаг газардах үед хүчтэй доргилтоос хамгаалах, нэг ёсны автомашины  аммортизаторын үүрэг гүйцэтгэх аж.

Агаарын сэнс

Леонардо энд огт өөр төрлийн нисдэг аппарат дүрслэн харуулжээ. Агаарт хөөрөх чадвартай “агаарын сэнс”. Аппаратны сэнс эргэлдсээр нисэх ёстой. Сэнсний радиус 4.8 метр. Түүнийг төмөр хүрээнд цардуулдсан даавуу бэхлэн хийнэ. Нэлээд хэдэн хүн сэнсний голд бэхэлсэн хөшүүргийг түлхэн тойрч явснаар сэнс эргэлдэн агаарт хөөрнө гэж тооцоолжээ. 

Шүхэр

Харамсалтай нь Леонардогийн бүтээсэн иймэрхүү шүхрээр буух нь яаж ч бодсон хүний амь насанд халтай. Агаарын хүчтэй урсгалд энэ шүхэр зүгээр л хэдэн хэсэг болон задрах болно. Харин зохион бүтээгч өөрөө “Хэрвээ маш бат бэх даавуу байвал ямар ч өндрөөс аюулгүй буух боломжтой” гэж үзэж байв. Гэхдээ тэрээр энэхүү шүхрээ өөрөө туршиж үзээгүй юм.
Тэгээд ч агуу зохион бүтээгчийн бүх нисдэг төхөөрөмжүүд хэзээ ч агаарт хөөрөөгүй бөгөөд зөвхөн цаасан дээр л үлджээ.

500 жилийн дараа
Гэхдээ эцсийн эцэст Леонардо ди Винчийн зохион бүтээсэн нисдэг аппарат агаарт хөөржээ. Саяхан Английн Суррей гүнлэгийн тэнгэрт агуу эрдэмтний шугам зургийн дагуу бүтээсэн, орчин үеийн дельтаплантай төстэй  төхөөрөмжийг амжилттай туршсан байна. Түүгээр ч барахгүй аппаратыг бүтээхэд Леонардогийн үед хэрэглэж байсантай дүйхүйц материал ашиглажээ. Туршилтын үед “дельтаплан” 10 метрийн өндөрт гарч, агаарт 17 секунд тогтсон байна. Түүгээр дээд зэрэглэлийн нислэгийн үзүүлбэр үзүүлж болохгүй ч газраас амжилттай хөөрч, сайхан нисэж болно гэж туршилт явуулсан хүмүүс үзэж байна.

1 Сэтгэгдэл
Wow nice
Хамгийн их уншсан