Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл энэ хэрэглээг тус салбар дааж чадахгүйд хүрсэн. Үүнийг эрчим хүчний салбарынхан л хүлээн зөвшөөрдөг. Ийм ч учраас шинээр дулааны цахилгаан станц барих асуудал босч ирсэн. Шинэ цахилгаан станц барих хооронд ч одоо ашиглаж байгаа үйлдвэрүүдээ өргөтгөж буй билээ. Эрчим хүчний салбар энэ онд бүтээн байгуулалтын чиглэлээр улсын төсөв, Хөгжлийн банк, олон улсын зээл тусламжаар хэд, хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр 147.4 тэрбум төгрөгийн ажил хийнэ. Мөн Чингис бондоос 50 сая ам.доллар “ТЭЦ-5”-д зарцуулахаар болсон. Хөгжлийн банкаар дамжуулж 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөө олон нийтэд зарласан Жишээ нь “ДЦС”-ыг 100 мВт-аар өргөтгөх ажил энэ оны арваннэгдүгээр сарын 14 ашиглалтад орох юм. Ингэснээр 123 мВт цахилгаан, 188 Гкал дулаан нэмж үйлдвэрлэнэ. Төвийн бүсийн бусад цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөж буй билээ. Мөн Даланзадгадын цахилгаан станцыг есөн мВт-аар өргөх юм. Ингэснээр эрчим хүчний нүүрсний хэрэглээ 387 мянган тонноор нэмэгдэх тооцоо бий.
Гэтэл эрчим хүчний нүүрсний уурхайнууд алдагдалтай ажиллаж байгаа тул нэг тонн нүүрсний үнийг нэмэх санал байнга тавьдаг. Төвийн бүсийн эрчим хүчний станцыг түлшээр хангагч хамгийн том “Багануур”-ын уурхайгаар жишээ татахад, нэг тонн нүүрс олборлож буй зардал нь 23 мянган төгрөг. Харин нэг тонн нүүрсээ 20 мянган төгрөгөөр нийлүүлж буй. Одоогоор монголчууд сард 739 мВт эрчим хүч өөрсдөө үйлдвэрлэдэг судалгаа бий. Гэтэл өнгөрсөн өвөл сард 875 мВт цахилгаан хэрэглэж, эрчим хүчний үйлдвэрлэлээ давсан юм. Судалгаагаар ч ирэх өвөл 960 мВт эрчим хүч хэрэглэх төлөв бий. Тэгэхээр цахилгаан импортлохоос өөр арга алга. Ийм ч учраас хойд хөршөөс импортлох цахилгааны хэмжээ жил бүр нэмэгдсээр билээ.
Төрөөс эрчим хүчний салбарыг нэгдсэн сүлжээнд холбох бодлого баримталж буй. Одоогоор Баруун бүс нутагт 60, Улаанбаатарт 450, Багануурт 700, Таван толгойд 450, Шивээ-Овоод 270 мВтын дулааны цахилгаан станц, Завхан аймгийн Тэлмэн суманд Могойн голын 100 мВт цахилгаан станц, Эгийн голд 220 мВт усан цахилгаан станц барих юм.
Баруун бүсийн ДЦС-ыг Хотгор шанага, Хар Тарвагатайн нүүрсний уурхай жилд 200 мянган тонн нүүрсээр хангах тооцоо хийжээ. Нийслэлд барих “ДЦС-5”-ыг Багануур, Шивээ-Овоо уурхай жилд 2.6 сая тонн нүүрсээр хангана. Багануурын цахилгаан станцад Багануурын уурхай жилд гурван сая тонн нүүрс нийлүүлнэ. Эндээс үзэхэд Багануурын уурхайн жилд олборлох хүчин чадал хоёр дахин илүү нэмэгдэх төлөв байна. Монгол Улсыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбоход шинээр нийт 110-330 кВт цахилгаан дамжуулах шугам барих ёстой. Одоогоор ТЭЗҮ-ийг нь хийж буй. Тэгээд цахилгаан дамжуулах дэд станцууд 30 мВт нөөцтэй болж, 2030 он хүртэл эрчим хүчээр найдвартай хангах боломж бүрдэх юм.
Эрчим хүчний үйлдвэрлэлд түлш хамгийн чухал. Өнөөдөр дэлхий нийтэд уран, хүрэн нүүрс, байгалийн хий, газрын тос зэргээс дулаан цахилгаан гарган авч байна. Одоогоор дэлхийн 110 орон жилд 2721 сая тонн байгалийн хий хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 21.4 хувийг эзэлж байгаа. Цаашид хэрэглээ нэмэгдэж, 2035 он гэхэд 4000 орчим сая тонноор нэмэгдэх судалгааг Дэлхийн эрчим хүчний конгресс гаргасан байдаг. Манай улсад нүүрсний давхаргын метан хийн нөөц чамгүй бий. Үүнийгээ эрчим хүч гарган авахад ашиглах технологийн судалгаа хийж буй билээ. Одоогоор манай улсын нүүрсний ордуудад 70 тэрбум тонн метан хийн нөөц бий гэж тогтоожээ. Нэг судалгаагаар 5-10 их наяд шоо метр метан хийн нөөцтэй гэсэн таамаглал байдаг. Таван толгой, Нарийнсухайт, Налайх, Хархираа, Хар Тарвагтай, Төгрөг нуур, Цайдам нуурын нүүрсний ордуудад хийж буй юм. Үүнээс гадна занарын хайгуул судалгаа хийж байна. Өнөөдөр таван аймгийн нутгийн 10 байршилд занарын хайгуул хийж илэрц тогтоосон мэдээлэл бий. Эдгээр илэрцийн хий, тосны агууламж маш өндөр гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн газрын тосны 1.6 тэрбум тонн нөөцийн таамаг гарсан. Мөн ураны нөөцөөр дэлхийд 14-т ордог. Нүүрсний нөөц 170 тэрбум гэсэн тооцоо бий. Нөгөө талаар нарны эрчим хүчний нөөц 13 терраватт бөгөөд Ази тивийг бүхэлд нь цахилгаанаар хангаж чадна гэдэг. Гэтэл бид гадаадаас цахилгаан импортолж суугаа нь ёстой “инээдтэй бөгөөд эмгэнэлтэй хэрэг” билээ. Ингээд бодохоор манай улс эрчим хүчний том тоглогч бий. Гагцхүү үүнийгээ хэрхэн зөв ашиглахаас хамаарна. Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоонынхон “Манай улс эрчим хүчний өлсөглөнд нэрвэгдэж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жилд ганц хаягдаж хоцрогдсон салбар. Эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж буй өнөө үед шинэ цахилгаан станцаа томоохон нүүрсний ордуудаа түшиглэж барих ёстой. Тэгэхдээ цахилгааны үнийг алдагдалгүй тогтоох учиртай. Хамгийн гол нь хэрэглээний эрчим хүчинд болгоомжтой хандаж үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхайн компаниуд зэрэг байгууллагын эрчим хүчний үнийг нэмэх талаар судалгаа хийх ёстой” хэмээдэг.
Тус холбооноос хийсэн судалгаагаар нэг киловатт цахилгааны үнийг 8-10 центэд хүргэвэл цахилгаан станцууд алдагдалгүй ажиллах ёстой аж. Гэвч цахилгааны үнийг ингэж огцом нэмэх нь манай улсын эдийн засаг ард түмний амьжиргаанд том цохилт болно. Тэгэхээр үнэ нэмнэ гэхээс илүү хэрэглээнд хяналт, хэмнэлт хэрхэн хийх гарц олох нь чухал. Нөгөө талаар, барих гээд байгаа шинэ цахилгаан станцуудын төслөө цааснаас амьдралд ойрын хугацаанд буулгах нь чухал. Товчхондоо, жилээс жил бүдгэрч буй эрчим хүчний гэрлийг унтархаас нь өмнө хүчин чадлыг нь нэмэх, ярих бус барьж эхлэхийг өнөө цаг үе шаардаж буй. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбарыг чийдэнгийн чадлыг нь нэмэх учиртай.