Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАДААД ХУДАЛДАА 19 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ БАЙНА

Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн сарын байдлаар 1.208 сая ам.доллар байв. Энэ нь өнгөрсөн оныхоос 8.3 хувь буюу 108 сая ам.доллараар буурсан ажээ. Үүнд экспорт 88.5 сая ам.доллараар өссөн хэдий импорт 197 сая ам.доллараар буурсан явдал нөлөөлжээ. Валютын ханшид гадаад валютын орох,  гарах урсгал шууд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь. Өнгөрсөн сард манай улсын гадаад худалдааны алдагдал  19  сая ам.доллар болж буурав. Гадаад худалдааны алдагдал ингэж огцом доошилсон  нь импорт буурсантай холбоотой. Үүнийг Гаалийн ерөнхий газраас гаргадаг статистикаас харж болох юм. Тэгвэл  сүүлийн гурван жилийн хоёрдугаар сард хэд  байсныг сонирхоё.  Тухайлбал,  2011 онд 200, 2012 онд 413, өнгөрсөн жил 305 сая ам.долларын алдагдалтай  гарч байлаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хоёрдугаар сар бүрийн  гадаад худалдааны алдагдлын дундаж дүн  170 сая ам.доллар байсан  тооцоо бий.
Манай улс сард 83-85 мянга, жилд нэг сая орчим тонн шатахуун хэрэглэдэг.  Тэгэхээр үйлдвэрлэлийн орц гэхээсээ илүү шатахуунд хамгийн их гадаад валют зарцуулдаг гэдэг. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн шатахууны дундаж үнэ 1500 орчим ам.доллар байжээ.  
Харин үйлдвэрлэлийн орцод  хүнд машин механизмын тоног төхөөрөмж 57, суудлаас бусад авто машин 27, төмөр хийц, металл бэлдэц дөрвөн, бусад бүтээгдэхүүн 11 хувийг эзэлж буй юм. Он гарснаас хойш хүн механизмын сэлбэг хэрэгсэл, төмөр хийцийн импорт 10-20 хувиар буурсан бол үйлдвэрлэлийн бусад орцын бүтээгдэхүүний хэмжээ 0.7 хувиар бага байна. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэгчид оймс, гутал хувцаснаас өгсүүлээд олон төрлийн бүтээгдэхүүн гаргах болсон. Дээрх тоо баримтаас үзвэл жижиг дунд үйлдвэрлэгчдэд валютын ханшийн өсөлт цохилт болоогүй харин ч импортын бүтээгдэхүүний хэмжээ буурч эерэг нөлөөлж буй ажээ.
Нийт импортын  15 хувийг өргөн хэрэглээ, дөрвөн хувийг хүнсний бараа, үлдсэн 37 хувь нь бусад төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. Өргөн хэрэглээний барааны импортод суудлын авто машин, бүх төрлийн эм, цахилгаан бараа, бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн ордог. Үүнээс хамгийн их жин дардаг нь суудлын авто машин, цахилгаан бараа билээ. Валютын ханш сүүлийн саруудад  чангарч эхэлсэн тул дээрх бараа, бүтээгдэхүүний импорт огцом буурсан үзүүлэлт бий. Харин хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.
       Манай эдийн засагт  гэрэл гийж эхэлсэн таатай мэдээлэл бий. Тэр нь орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэж буй явдал юм. Тухайлбал, орж ирж буй гадаад валютын хэмжээг  өнгөрсөн оны хоёрдугаар сарынхтай  харьцуулбал 21 хувиар өсчээ.  Нэгдүгээр сарын байдлаар 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тооцоо бий. Энэ нь хөрөнгө оруулалт өндөр байсан жилүүдийнхээс бага хэмжээ ч нааштай хүлээлт байна гэдгийг илтгэж буй ажээ. Гэвч орж ирэх ам.долларын урсгал, хөрөнгө оруулалтын хэмжээг сар сараар нь бус улирал, хагас жилээр нь тооцож үзэх нь зүйтэй гэж эдийн засагчид хэлдэг. Импортын хэмжээ буурсан тул  гадагшаа урсан гарч буй валютын урсгал нэг хувиар буурсан статистик гарсан.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл нийт бараа эргэлтийн 54 хувь буюу 647.4 сая ам.долларын  бараа бүтээгдэхүүн урд хөршөөс авчээ. Хойд хөрштэй 15 хувь буюу 181.5 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Харин Хятадтай хийсэн худалдаа 11 хувиар өссөн бол Оростой  хийсэн худалдаа 37 хувиар буурсан үзүүлэлт гарлаа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан