Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.ЭРХЭМБУЛГАН: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ЗӨВХӨН СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР САНХҮҮЖИХ ЁСГҮЙ

БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга бөгөөд Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулгантай дээд боловсролын салбарын олон асуудлаар ярилцлаа.

-Дээд боловсролын салбарт хамгийн сүүлд яригдаж байгаа сэдвээс яриагаа эхэлье. Оюутнуудад олгодог тэтгэлэгийн журамд өөрчлөлт оруулжээ?
-Их дээд сургуульд суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль гэж байгаа. Тэнд үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг хязгаартайгаар олгоё гэж тусгаад байгаа. Анх магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын өдрийн ангийн оюутнуудын голч дүнг харгалзан олгоно гэж заасан. Одоо бол тухайн сургуулийн төгсөгчдийн 30 хувиас доошгүй нь ажлын байртай болсон бол олгодог болъё гэсэн шинэ тогтоол гаргаад Засгийн газар баталчихсан.
-Оюутанд олгодог тэтгэлгийг заавал сургуультай нь уялдуулах шаардлага байна уу гээд л хэл ам гарах байх даа?
-Оюутнуудын сурлагын амжилтыг харахаас гадна сургуульд нь хязгаар тогтоож байгаа нь мөнгө олохын тулд хэрэггүй мэргэжлээр их элсэлт авдаг байдлыг л цэгцлэх бодлого юм л даа. Инженер олдохгүй байна гэсэн мөртлөө сургуулиуд энэ чиглэлийн элсэлт авахгүй байна. Яагаад гэхээр сургалтад нь их өртөг шаарддаг. Тухайлбал, сэтгүүлч гээд аваад үзэхээр харьцангуй лаборатор шаардахгүй, танхимын сургалтаар мэдлэг олгох боломжтой. Гэтэл инженерийн сургууль нь нөгөө төлөвлөсөн зардлаасаа илүү гарчихдаг учраас богино хугацаанд, хямд өртөгөөр, цөөхөн багш ажиллуулах гээд байдаг. Иймэрхүү сургуулиудыг цэгцэлж, илүү хэрэгтэй мэргэжлээр оюутан бэлтгэдэг болох гээд байгаа. Улс оронд хэрэгтэй мэргэжлээр бэлтгээд ирэхээр хүссэн хүсээгүй төгсөгчид нь ажлын байртай болчихно.
-Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг тодорхой хугацаанд шинэчлэн баталдаг. Тэгэхээр тэр жагсаалтыг мөрдөнө гэсэн үг үү?
-Энэ жилийн хувьд эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг шинэчилж дуусаагүй байгаа. Гэхдээ инженер технологийн, байгалийн ухааны, хөдөө аж ахуйн зэрэг салбар орж байгаа. Бизнесийн удирдлага хасагдсан. Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа энэ жагсаалтыг шинэчилдэг байсан. Одоо бол жил бүр шинэчлэхээр болж байна. Энэ нь зарим тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, гадаадын шилдэг 100 сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн санаачилгад багтсан эхний 20 сургуульд элссэн бол мэргэжил харгалзахгүй сургалтын тэтгэлэг олгоно. Хэрэв 21-100-д бичигдсэн сургуульд элссэн бол манай улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдэд л тэтгэлэг олгохоор заасан. Ингэхээр жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг шинэчлэхгүй бол хэрэгцээгүй мэргэжлээр сургах, хэрэгцээтэй мэргэжлээ дэмжихгүй орхигдуулж магадгүй болчихно.
-Энэ тэтгэлэг хэзээнээс хэрэгжих вэ?
-Өнгөрсөн онд тогтоолыг хэрэгжүүлэхэд арай л хугацаа нь тулсан байсан. Энэ сардаа багтаж материал хүлээн аваад, шаардлагад тэнцэж байвал Сургалтын төрийн сангаас тэтгэлгийг нь олгоно. Хаврын элсэлтээр сургуульдаа тэнцчихсэн хүүхдүүд урилгаа барьчихсан яваад байгаа.
-Сүүлийн үед их ярьж байгаа асуудал бол их, дээд сургуулиудад хийх бүтцийн шинэчлэл. Үүнийг дэмжих хэсэг байхад эсэргүүцэх нь ч байна. Мөн өмнө нь сургуулиудын тоог цөөлөхөөр зарим сургуулийг нэгтгэчихсэн. Тэдгээр сургууль энэ шинэчлэлд хамаарах юм болов уу гээд л олон асуудал байна?
-2010 онд МУИС дээр Засгийн газрын нэг тогтоол гарсан байдаг юм билээ. Тэр тогтоолоор тоог нь цөөлөхөөр тусдаа байсан сургуулиудыг нэгтгэсэн. Одоогийн нэрээрээ Улаанбаатар сургууль, Худалдааны сургууль хоёр Монгол Улсын их сургуулийн харьяа болсон учраас Удирдах зөвлөлөөр хэлэлцээд шийдсэн шинэчлэлд нэгэнт хамрагдахаас өөр аргагүй болж байгаа юм. Шинэчлэлийн ажил хийгдээд явж байна. Яамны зүгээс ийм бүтцээр ажилла гэсэн чиглэл өгөөгүй. Сургуулийн бүтэц зохион байгуулалтаа оновчтой болгож, томдсон тогтолцоогоо цэгцэл гэсэн зөвлөмжийг л өгсөн. Хамгийн гол нь оюутнууд руугаа чиглэсэн оновчтой үйлчилгээ л чухал. Нэг жишээ хэлэхэд эрхзүйн мэргэжил гэхэд бакалаврын түвшиндээ олон улсын, цэргийн гээд олон төрлөөр задраад явчихдаг. Ийм дипломтой хүн зах зээлд очоод хөрвөх чадваргүй болчихож байгаа юм. Тухайн хүнийг ажил олгогч нь хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр ажиллуулах хүсэлтэй байхад нөгөө хүн нь олон улсын эрхзүйн мэргэжилтэй байхаар ажиллах боломжгүй болчихож байгаа юм. Тиймээс бакалаврын түвшиндээ эрхзүйч мэргэжлээр төгсөөд дараагийн түвшиндээ мэргэшээд явах ёстой. Хэт нарийсчихсан байдал нь сургуулиуд санхүүжилтээ сургалтын төлбөрөөсөө бүрдүүлдэг болчихсонтой шууд хамааралтай. Зарим сургууль орлогынхоо 90 хүртэлх хувийг оюутны төлбөрөөс олдог. Ингэхээр аль болох олон мэргэжлээр олон оюутан элсүүлэх ёстой болж байгаа юм. Эргээд БШУЯ-наас оюутан элсүүлэх квот авахдаа нэг мэргэжилд таван хүүхэд гээд тооцуулдаг. Ингэхэд ч гэсэн аль болох олон мэргэжил байх ёстой болж байгаа биз дээ. МУИС дээр бол энэ асуудал нэлээн их харагдаж байгаа. Өөр өөр хөтөлбөртэй, өөр багштай мөртлөө мэргэжлийн давхардал их байна. Тэгээд бас удирдлагын нүсэр бүтэц, зардлыг багасгах ёстой. Салбар сургуулиудын удирдлагыг аль болох төвлөрүүлж хэмнэсэн зардлаараа багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм.
-Улсын өмчийн их дээд сургуулиуд бүгд шинээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэг үү. Саяхан ШУТИС энэ талаар ярилцаж байгаа сонсогдсон. ЭМШУИС бүтцээ ч тэр, нэрээ ч бас өөрчилсөн байна билээ?
-МУИС-ийн хувьд шинэчлэл хийхээр батлагдсан. Сургууль дотроо жаахан үл ойлголцол байгааг эс тооцвол. Бусад сургуулийн хувьд асуудал гарсан зүйл алга. ШУТИС-ийн хувьд хараахан батлаагүй байна. ЭМШУИС баталчихсан. Нэрээ ч гэсэн өөрчилсөн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нэртэй болоод бүрэлдэхүүн сургуулийнхаа тоог хоёроор цөөлсөн. Зарим сургуулийг нь нэгтгэсэн. Бидний зүгээс өгсөн чиглэл нь болохоор илүү анагаах талынхаа сургалтыг бариач гэсэн юм. Өмнө нь эдийн засгийн анги, нийгмийн ажилтны анги гэж байдаг байсан. Тэр бол заавал анагаахын сургуульд байх шаардлагагүй учраас эдийн засгийн сургуулиудад өгье, зөвхөн анагаахын чиглэлийн мэргэжлүүдээрээ л элсэлт авъя гэж байгаа юм. Элсүүлэх мэргэжил нь цөөрч байна гэсэн үг л дээ.
-Та дээр их дээд сургуулиуд санхүүжилтийнхээ 90 хүртэлх хувийг оюутны сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг гэлээ. Яамны зүгээс оюутнуудын судалгааны бүтээлийг инновац болговол тэдэнд ирдэг төлбөрийн ачаа буурна гэж байсан. Ингэхийн тулд хуулийн зохицуулалт хэрэгтэй. Энэ ажил маань юу болж байна вэ?
-Сургалтын төлбөр дээр зөвхөн санхүүжилтээ тооцдог арга замыг халж, өөр олон эх үүсвэрээс санхүүжилт босгодог замыг л бий болгох гээд байгаа юм. Сургалтын төлбөр бол байна. Гэхдээ тухайн сургууль санхүүжилтийн 50 хүртэлх хувиа л эндээс бүрдүүл, үлдсэнийг  нь өөр газраас ол гэж байгаа. Нэг эмч бэлтгэлээ гэхэд жилийн төлбөр нь гурван сая орчим төгрөг, зургаан жилээр тооцохоор 18 сая төгрөг болж байна. Үүнийхээ тал буюу есөн саяыг нь сургалтын төлбөрөөс, үлдсэн есөн саяаа сургууль өөрөө олдог тогтолцоо руу л оруулах гээд байгаа юм. Их, дээд сургууль мэдлэг олгохоос гадна бүтээдэг байгууллага. Шинэ мэдлэг бүр их дээд сургууль дээр л бий болж байна. Тэр мэдлэгийг эхний шатнаас нь авахуулаад бойжуулж бий болгох үе шат аль ч сургууль дээр явагддаг. Тухайлбал, Стэнфордын их сургуулийг түшиглээд технологийн маш олон компани бий болчихсон байна. Тэд бүгд мөнгө үйлдвэрлэгч машин болтлоо хөгжчихсөн. Тэр технологийг бойжуулаад явж байгаа нь байхад зарим нь шинэ компани байгуулаад лицензээр баталгаажуулаад зарж байна. Тэгэхээр хамгийн гол нь сургуулиудад шинэ мэдлэг бий болгохын тулд судалгаа, шинжилгээний ажил хийх хэрэгтэй.
-Хуульд их, дээд сургууль судалгааны болон эрдэм шинжилгээний ажлаас ашиг олж болохгүй гээд заачихсан учраас эрхзүйн орчинг өөрчлөх хэрэгтэй биш үү?
-Одоо бол сургууль өөрөө компани байгуулаад ашиг олох эсэх нь ойлгомжгүй байгаа. Ашиг болон орлого олох гэдэг хоёр ойлголтыг ялгаж салгаж хуульд оруулаагүйгээс тэр л дээ. Ашиг олно гэдэг нь хувь эзэмшигчдээ ногдол ашиг хуваарилахыг хэлж байна. Харин орлого олох нь нэмэх бланстай үйл ажиллагааг хийгээд мөнгө олох. Тэндээс хувь хүн ашиг олохгүй байхыг хэлж байгаа юм. Тэгэхээр сургуулийн орлого нэмэгдэж л байвал сургуулийн орчин сайжраад л, оюутны төлбөр багасана гэсэн үг. Тэр зохицуулалт нь л ойлгомжгүй болохоор жаахан орлого олоод ирэхээр ашиг олж байна, татвар авна гээд л асуудал үүсээд байгаа юм. Боловсролын тухай хуульд шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлэн болсон. УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Ялангуяа Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орно.
-Дээд боловсролын тухай хуульд их дээд сургуулиуд санхүүгийн өөр эх үүсвэртэй болохоос гадна өөр ямар зүйлсийг нэмж байгаа бол?
-Тусгай зөвшөөрлүүд, оюутны хяналтын тоо гээд яамны хариуцдаг байсан зарим нэг асуудлыг илүү мэргэжлийн байгууллагуудад нь хэлэлцэж шийддэг тогтолцоо руу шилжих гэж байгаа. Одоо сэтгүүлч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхэд ямар хичээлээр сургалт явуулахыг яаман дээр нэг мэргэжилтнээр батлуулдаг. Тухайн мэргэжилтэн бол ерөнхий кредит цагтаа сургалт нь багтаж байна уу, байх ёстой зүйлүүд нь байна уу гэдгийг л харахаас мэргэжил бүрийн нарийн зүйлийг ялгаж салгаж чадахгүй. Тэгэхээр сургалтын төлөвлөгөөг тухайн сургууль өөрийн Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцээд баталчихдаг тогтолцоонд шилжих гээд байгаа юм. Мөн магадлан итгэмжлэлийг илүү олон улсын түвшинд хүргэхээр зорьж байна.
-Магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд хүргэнэ гэхээр сургуулиудад тавьдаг шаардлага арай нарийн болох байх?
-Тийм. Олон улсын магадлан итгэмжлэл гээд байгаа нь гадаадын улс орныг шүтээд байгаа юм биш олон улс хүлээн зөвшөөрсөн, харьцангуй боломжийн шалгууртай тогтолцоог бий болгох гээд байгаа юм. Манайх тэр түвшинд хүрч чадвал магадгүй гадаадын байгууллагууд уриад магадлан итгэмжлэл хийлгэхийг үгүйсгэхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоогоор манайд бизнесийн хэд хэдэн сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн байгаа. Энэ тоог нэмнэ. Магадлан итгэмжлэл бол шалгалт биш. Тэнцсэн, тэнцээгүй байна гэхээсээ илүү тухайн сургууль очих цэгээ буюу тодорхой шалгуурыг онилчихоод горилогч маягаар тодорхой хугацаанд бүх боломжоо сайжруулдаг. Хугацаа дуусахад тухайн байгууллагаас мэргэжилтнүүд ирээд нийтлэг шалгуурт хүрсэн эсэхийг нь баталгаажуулж өгдөг процесс.
-Нэг хэсэг олон хувийн сургууль хаагдсан. Магадлан итгэмжлэгдээд хэдхэн жил болоод дахиж шалгууртаа тэнцэхээ больсон гэсэн үг үү?
-Үүнд дээр хоёр зүйл байгаа юм. Хүмүүс тэрийг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Сургуулийн чанарын шалгалттай холбоотой хоёр процесс Монголд байгаа. Зарим талаараа давхардсан. Нэг нь магадлан итгэмжлэлийн үндэсний комиссоор дамжиж хэрэгждэг, нөгөөх нь БШУ-ы сайдын мэдэлд байдаг аттестатчлалын процесс. Сүүлийнх нь болохоор тухайн сургууль өөрсдөө хүсэлт гаргаад сайд баг томилж, тэр нь тодорхой аргачлалын дагуу шалгалт явуулж дүгнээд босго оноондоо хүрч байвал гэрчилгээ олгодог. Магадлан итгэмжлэл зарим талаараа үүнтэй төстэй. Тиймээс хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хоёрыг нэг талд нь багтаах гэсэн бодлого барьж байна. Ер нь бол нэг хэсэг аттестатчлалаар нэлээн олон сургууль хаагдсан. Сургалтын байгууллагад тавьдаг нийтлэг үндэслэлд нийцэхгүй байна гэж. Нэг хэсэг их дээд сургуулийн тоо 200 руу дөхсөн. Харин одоо бол 100 орчим байна. Хамгийн сүүлд Засгийн газрын бодлогоор Германы Засгийн газартай гэрээ хийгээд уул уурхайн инженер бэлтгэх зорилгоор Герман-Монголын хамтарсан технологийн дээд сургуулийг байгуулсан.
-Энэ сургууль хэдийгээр хоёр орны Засгийн газрын хэлэл­цээрийн дагуу байгуулагдсан ч гэсэн төлбөр нь арай л өндөр гэсэн шүүмжлэлд өртөж байгаа?
-Энэ яах аргагүй үнэн л дээ. Монгол-Германы технологийн дээд сургууль герман багш нарын оролцоотой, Германы сургалтаар боссон сургууль. Ингэхээр тэнд ажиллах багш нарын цалин өндөр, элсэх босго өндөр, сургалтад ашиглах хэрэглэгдэхүүн илүү өртөг шингэсэн байгаа. Тэр өртгүүдийг оруулаад тооцохоор одоогоос ч илүү өндөр төлбөртэй болно. Хэдийгээр төлбөрийг нь өндөр зарласан ч сурч байгаа хүүхдүүдийн ихэнх нь тэтгэлэгтэй. 100 хувийн тэтгэлэгтэй хүүхэд ч байгаа. Энэ нь эргээд амжилттай сурах хөшүүрэг болж байгаа. Дэлхийн аль ч газар ийм практик байдаг. АНУ-ын сургуулиудын дундаж төлбөр нь 50 мянган ам.доллар байя гэж үзье. Тэгвэл тэр чинь америкчууддаа ч хүндхэн ачаа болно. Үнэхээр амжилттай сурдаг оюутнуудаа 100 хувийн тэтгэлэгээр сургачихаар нөгөө оюутан төгсөөд хаашдаа л сургуулийнхаа нэрийг өргөөд явдаг. Төлбөрөө төлөөд сурдаг оюутан Стэнфордод л гэхэд нийт оюутны 10 хүрэхгүй хувийг эзэлдэг гэсэн. Тэдний аав ээж нь боломжтой ч юм уу, өөрсдөө боломжтой байдаг.
-Таны ярианаас цаа­шид их, дээд сургуулийн тоог цөө­лөх тал дээр анхаарна гэж ойл­голоо?
-Ер нь бол 100 сургууль гэдэг бол Монгол Улсын хүн амын тоотой харьцуулахад их. Гэхдээ учиргүй сургуулиудыг хаахгүй ч дахин шинээр байгуулах тал дээр хязгаарлана.
-Энэ жилээс шинээр мэргэж­лийн индексийг бий болгохоор ажил­лаж байгаа гэсэн. Ажлын явц ямар байгаа вэ?
-Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлээр сургалт эрхлэх зөвшөөрөл олгодог. Тэр индексийн дугаар, нэрийг өөрийн тушаалаараа баталдаг. Тэр нь ЮНЕСКО-гоос гардаг индексийн жагсаалттай уялдаж явдаг. 2013 онд ЮНЕСКО хөтөлбөрийн индексийг шинэчилсэн. Тэрэнтэй уялдуулаад манайх ч гэсэн зохицуулалт хийсэн. Гэтэл манайд хэтэрхий их буюу 700 орчим мэргэжлийн индекс байгааг 200-гаас дотогш оруулж байгаа. Дээр хэлсэнчлэн бакалаврын түвшинд мэргэжлүүд нарийсдагийг болиулж байгаа хэрэг л дээ.
-Тусгай хэрэгцээт мэргэжлүүд гэж байгаа. Тухайлбал согогзүйч мэргэжилтэй хүмүүс бэлтгэлгүй нэг хэсэг тасарсан гэх зэрэг асуудал байгаа. Тэгэхээр тусгай хэрэгцээт мэргэжилтэн бэлтгэхийн тулд Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Тусгай хэрэгцээт мэргэжилтэн бэлтгэх дээр анхаарч байгаа. Хоёр улсын Засгийн газар хооронд зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тусгай хэрэгцээт мэргэжлийг оруулаад явж байна. Хамгийн сүүлд Унгар руу тэтгэлгээр суралцах оюутнуудын тоонд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хоёр хүний хуваарийг жил бүр тусгахаар болсон. Мөн МУБИС дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж багш бэлтгэх тусгай зөвшөөрлийг олгох гэж байгаа зэрэг ажлууд хийж эхлээд байна.
-Их дээд сургуулиудын хотхоны ажил зогсчихлоо. Зарим хүн үүнийг хийхээ больсон гэж ойлгоод байна л даа?
-Хотхон гэж хэлэхэд бүтэц нь арай томдоод байгаа. Их дээд сургуулиудын оюутны хот гэж нэрлэгдэхээр тийм нүсэр төлөвлөгөө гарчихаад санхүүжилт олох ажил явагдаж байгаа. Энэ хотыг байгуулахад шаардлагатай санхүүжилт нь урьдчилсан байдлаар 11.7 их наяд төгрөг гэсэн тооцоо гарсан. Эхний ээлжинд дөрвөн их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ их мөнгийг дан ганц төсвөөс гаргах аргагүй. Хувийн байгууллагууд болох Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдана. Шинжлэх ухааны паркийн санхүүжилтийг Хятадын тал гаргахаар нааштай хариу өгсөн. Хэрэв санхүүжилт олдохгүй бол ажил удааширсаар л байна.
-Сүүлийн асуулт. Дунд сургуулиудын хувьд олон сургуулийн барилгыг ашиглах боломжгүй болоод нурааж эхэлсэн. Их сургуулиудад ч гэсэн ийм асуудал удахгүй тулгарах байх. Үүн дээр урьдчилж арга хэмжээ авах уу?
-Хэрэв байшинг ашиглаж болохгүй гээд дүгнэлт гаргачихвал ашиглах боломжгүй. Байшин барилгын асуудал их дээд сургууль дээр одоо ч яригдаад эхэлсэн. Нэгдүгээрт, чиний хэлснээр ашиглах хугацаа дууссанаас, хоёрдугаарт хүрэлцээ муу байна. Тиймээс МУИС өргөтгөл, АУҮИС номын сангийн өргөтгөл барихаар яригдаж байна. Эм зүйн сургууль дээр өргөтгөл баригдаад ашиглалтад орсон. ШУТИС, ХААИС-ийн өргөтгөл баригдаад эхэлсэн гэх мэтчилэн байшингууд шинэчлэгдэх процесс явагдаж байгаа. СУИС-ийнхан ч гэсэн сургуулиа шинэчлэхээр зураг төсөл гаргачихсан байгаа. Хөгжим бүжгийн коллежийн дэргэд циркийн сургалт явуулах зориулалттай сургууль барих гэж байгаа. Одоо циркийн хичээл нь хуучин циркт явдаг. Тэр нь хуучны барилга учраас муудчихсан Циркийн сургуулийн зураг төсөл нь гарчихсан. Энэ мэтчилэн барилгын шинэчлэл хийж байгаа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Bagshlah BOLOVSON huchin gej ug heleed bna vbe
Хамгийн их уншсан