Сиамын ихэр гэдэг өнөө цагт урьд цагийг бодвол улам элбэгшсэн мэт харагдаж болно. Нийт хүн ам өссөн болохоор үүнийгээ дагаад тоо нь өссөн байж болох, нөгөө талаар шинжлэх ухаан хөгжиж урагш ахисантай холбоотойгоор ийм ихрүүд амьд төрөх магадлал өссөнтэй ч холбоотой. Сиамын ихэр л гээд байдаг ч үнэндээ ийм ихэр бүр өөр хоорондоо ялгаатай. Сиамын олон ихрийг мэс заслын аргаар салгадаг ч нэг хэсэг нь насан туршдаа хамт амьдрахаас аргагүй болдог.
Өнгөрсөн цагт бол ийм ихрийг салгах мэс засал тун ховор байсан болохоор хамгийн ихэд алдаршиж хамт амьдарсан ихрүүдийг энд дурдаж байна.
1. Византын ихрүүд
Бүр Х зуунд амьарч байсан энэ багачуудын тухай түүхийн хэд хэдэн баримтад дурдаж бичсэн байдаг. Арван зууны тэртээ ийм ихэр ховор байсан, ийм гажиг амьд төрөх нь ч ховор байж. Энэ хоёр хүү Армянд төрж насанд хүрсэн хойноо Константинопольд иржээ. Тэд эхлээд эзэн хааны ордонд байснаа дараа нь хөдөөгүүр хэсч өөрсдийгөө үзүүлэн амь зууж байсан гэнэ. 900-гаад оны дундуур тэд Константинопольд эргэн ирсэн ч нэг нь нас барсан гэнэ. Эмч нар нөгөөг нь үхлээс аврах гэж мэс засал хийсэн нь ийм төрлийн анхны мэс засал гэж түүхэнд үлджээ. Харамсалтай нь ихрийн нөгөө нь ердөө гурав хоноод нас барсан байна.
2. Унгарын эгч дүүс
Эгч дүү Хелен, Жудит хоёр 1701 онд Унгарт өөр хоорондоо гурван цагийн зайтай төрсөн байна. Нуруу нуруугаараа харж таазаараа нийлсэн эгч дүүс 2-9 насандаа бүхий л европоор явж өөрсдийгөө үзүүлдэг очсон орон бүрт нь эмч нар үздэг байсан гэнэ. Тэд олон хэлтэй, хоршин дуулдаг байсан байна. Сүүлд нь төрсөн Жудит биеэр арай сул, зургаан насандаа зүрхний шигдээс болж биеийн зүүн хэсэг нь ажиллагаагүй болсон болохоор явахдаа эрүүл хүчтэй Хеленийхээ дэмжлэгээр явдаг байжээ. Охид есөн нас хүрээд сүмд очиж 22 нас хүртлээ амьдраад нэг өдөр зэрэг нас барсан гэнэ.
3. Чанг болон Энг Бункер
Ах дүү Бункер 1811 онд Тайландад төрсөн. Тэр үед улсыг нь ч Сиам гэдэг байсан. Сиамын эзэн хаан хөвгүүдийг алахыг тушаасан ч эх нь хүүхдээ өгөхөөс татгалзсанаар тэд амьд үлджээ. Ингээд л хэдэн жилийн дараа тэднийг улсынх нь нэрээр сиамын ихэр хэмээн нэрийдэх болж. Британийн худалдаачин Роберт Хантер тэднийг Англид аваачихаар шийдэж Энг Чанг хоёр англи, АНУ-гаар явж бие галбир, ур чадвараа үзүүлдэг болжээ. 1839 онд тэд үзүүлбэрийн бизнесээ орхиж Умард Каролинд ферм худалдан авсан байна. Тэд эгч дүү хоёртой гэрлэж нийт 21 хүүхэдтэй болж. Тэр хоёр нэг биш удаа өөрсдийг нь салгаж өгөхийг эмч нараас хүссэн ч эмч нар татгалзаж байсан гэдэг. 1874 онд тэд 63 насандаа нэг нь нас барахад нөгөө нь гурван цагийн дараа өөд болжээ.
4. Милли болон Кристина Маккой
Америкийн Умард Каролина мужид Жебезу Маккейн нэг боолын гэрт 1851 онд энэ хоёр эгч дүү төржээ. Тэднийг найман сартай байхад эзэн нь ээжтэй нь хамт Жон Первист худалдсан байна. Первис ч бас тэднийг дамжуулан худалдаад байтал охидыг хулгайлан Англид аваачсаныг гурван жилийн дараа олж буцаан авчирчээ.
Охид өсөөд хоршин дуулдаг болж байтал эзэн нь нас барж ихрүүд бага хүүгийн нь мэдэлд очсон байна. Шинэ эзэн Жозеф нь шинэ домог зохиож тэднийг сиамын ихэр биш, харин хоёр толгой, дөрвөн гар, дөрвөн хөлтэй нэг бүсгүй гэж сурталчлан олонд үзүүлэх болсон байна. Ингээд тэд нэг даашинз өмсөн гарч дуулж бүжиглэн, хөгжим тоглодог байсан гэнэ. Ингэж байтал боолчлолыг халж тэд өөрсдөө энэ ажлаа үргэлжлүүлэн их мөнгөтэй болжээ. Тэд 1912 онд 61 насандаа өөр хоорондоо 17 цагийн зайтай нас барсан байна.
5. Жованни болон Жакомо Точчи
Италийнэ Локанд 1875 оны орчим төрсөн байна. Тэдний эцэг ихрүүдээ хараад ухаан алдаж солиорсноос сарын дараа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очсон гэдэг. Ихрүүд хоёр цээжтэй, нэг бөгс, хоёр хөлтэй байсан байна. Европын эмч нар үзээд цээж тус бүр нь зөвхөн нэг хөлөө удирддаг болохоор хөл дээрээ явж чадахгүй, ганцхан мөлхөж л чадна гэж оношилжээ. Тэд 1891 онд Америкт очиж тэнд таван жил болоод эргэж ирэн Венецид үзүүлбэрт оролцдог болсон байна. Тэдний цаашдын амьдралын талаар бүдэг, ганцхан 1912 онд нас барсан гэсэн нь бий.
6. Роза болон Жозефа Блажек
Чехэд 1878 онд төрсөн энэ эгч дүүс нэгдсэн нэг таазтай, учраас салгах ямар ч боломжгүй байсан гэнэ. Олон жилийн турш энэ хоёр хүмүүст үзмэр болж явсан гэдэг. 1909 онд Розаг жирэмсэн гээд л хэвлэлүүд шуугилаа. Үнэхээр 1910 онд тэр хүү төрүүлж Франц гэж нэрлэлээ. Хэвлэлүүд эцгийг нь хэн бэ хэмээн баахан сонирхож ганцхан Розатай гэрлэх боломжгүй, хоёулантай нь гэр бүл байсан байх, үнэхээр тэр нөхөртэй байсан тэр нь дайнд нас барсан гэж бичицгээж байлаа. Роза харин энэ талаар ам ангайсангүй, жаал хүүгээ дагуулан үзүүлбэрээ үзүүлсээр л байлаа. 1922 онд эгч дүү хоёр хоёулаа өвчилж дүүгийнхээ асрамжинд орсон байна. Ихрүүд нэгэн зэрэг нас баржээ.
7. Ориссын эгч дүүс
Радик болон Дудик Нейк хоёр 1888 онд Энэтхэгийн Орисс хотноо төрсөн байна. Нутгийнхан энэ муугийн ёс хэмээн бодож, эцэг нь ч гэсэн өөрөө салгачих гэж байсан ч тэд яг л Чанг Энг хоёр шиг нийлмэл цээжтэй байсан байна. Тэр жил нь охидыг Капитан Колман гэдэг шоучин эр худалдлан авч Европт авчран үзүүлбэр болгодог байжээ. Тэд ид алдаршиж байтал 1902 онд Дудик охин сүрьеэ тусч Радикийг аврахын тулд Парисын доктор Эжен-Луй Дойен салгах мэс засал хийжээ.
Мэс засал амжилттай болсон ч Дудик маргааш нь нас барсан байна. Шинжилгээгээр сүрьегээс болж нас барснаас биш мэс заслаас болоогүй гэжээ. Радик ч бас л сүрьегээр нэг жилийн дараа Парсын эмнэлэгт нас барсан байна. Доктор Дойены мэс заслыг кино болгож олон нийтэд үзүүлсэн байна.
8. Виолетта болон Дейзи Хилтон
Их Британид 1908 онд төрсөн энэ хоёр мөн л таазаар нийлсэн ч нэгдсэн нэг эрхтэнгүй байсан гэнэ. Эх нь буфетны худалдагч байснаас тэр хоёрыг Мэри Хилтон гэгчид худалдаж гурван настай байхаас нь л олны өмнө үзүүлдэг болж охид дуулж бүжиглэж, хөгжим тоглон Европ, Америкаар явж байж. Мэри Хилтон нас барахад тэр хоёрыг түүний охин хүргэн хоёр авсан ч 1931 онд ихэр хоёр эзнээ шүүхэд өгснөөр шүүх тэднийг эрх чөлөөтэй болгож эзнээс нь 100 мянган доллар гаргуулж тэдэнд өгүүлжээ. Тэгээд тэд өөрсдийн театрчилсан үзүүлбэр үзүүлдэг болон өтөлтлөө үргэлжлүүлжээ. Тэд 1932 онд “Фрики” кинонд тоглосон бол 1951 онд өөрсдийн намтарчилсан “Амьдралын хүлээс” гэдэг кино гаргажээ. Эцэст нь тэднийг менежер нь Умард Каролинд орхисноос хүнсний дэлгүүрт ажиллах болж 1969 онд ханиадаар нас барах хүртлээ тэндээ ажиллажээ. Эмнэлгийн шинжилгээгээр Дейзиг нас барсны дараа Виолетта хоёроос дөрвөн өдөр амьд байсан ч эмч дуудах ямар ч боломжгүйгээс нас барсан гэж гарсан гэнэ.
9. Симплисио болон Лусио Година
1908 онд Филиппины Самар хотноо төрсөн таазаараа нийлсэн хоёр хүү хаа очиж уян хатан өөд өөдөөсөө харах боломжтой байсан гэнэ. Тэднийг үзүүлбэр үзүүлж байхыг нь харсан тэрбумтан Теодор Янгео эхлээд Манилд авчирч сайн халамжлан бүр боловсрол олгожээ. 1928 онд тэр хоёр ихэр Нативидад болон Викторинатай гэр бүл болж хөгжим тоглож эхнэрүүдтэйгээ бүжиглэх болсон байна. 1936 онд Лусио нь уушигны өвчнөөр өвдөж салгах мэс засал хийсэн ч Лусио нь тэр дороо нас барж, Симплисио нь 12 хоногийн дараа нурууны менингитээр нас баржээ.
10. Маргарет болон Мэри Гибб
Маргарет болон Мэри хоёр америкийн Массачусетс мужийн Холиоке хотод 1912 онд төржээ. Сиамын бусад ихрийг бодвол эцэг эх нь тэднийг олонд үзүүлэх, худалдах санаа төрсөнгүй. Тэр бүү хэл охидоо салгах мэс засал хийлгэхийг ч хүсэхгүй байсан гэдэг. Тэднийг гэрт нь сургаж боловсрол олгосон ч 14 насандаа ихрүүд нэр алдартай жүжигчид болохоор шийдэн өөрсдөө Нью-Йорк руу явсан байна. Ингээд хэдэн арван жилийн туршид жижиг театр, циркт тоглож байжээ.
Холиоктоо тэд 1942 онд эргэн ирж дэлгүүр нээгээд 1949 онд ажил хөдөлмөрөөс холдон нам гүмхэн амьдарч байгаад 1966 онд Маргарет нь хавдар туссан байна. Гэсэн ч Гибб нь мэс засал хийлгэхээс татгалзсанаар 1967 онд хэдхэн минутын зайтай нас баржээ.