Солонгосын SBS телевизээр цацагддаг “Хос” хэмээх реалити шоунд оролцож байсан бүсгүй амиа хорложээ. Түүнийг реалити шоуны үеэр амьдарч байсан байрныхаа ариун цэврийн өрөөнд үсний сэнснийхээ утсаар өөрийгөө дүүжилж амиа егүүтгэсэн байхыг олсон байна. Энэ явдлаас үүдэн тус реалити шоуг цацахыг түр хориглоод байгаа аж. Өмнөд Солонгосын Жежү аралд “Хайрын тосгон” хэмээн нэрлэсэн байранд таван бүсгүй, долоон залууг нэг дор амьдруулж, тэдэн дундаас хос төрөх эсэхийг алхам алхмаар харуулдаг уг телевизийн шоунд Жеон хэмээх бүсгүй оролцохдоо эхний хэдэн сар сэтгэл өөдрөг байсан ч сүүлийн үед сэтгэлээр их унаж, ганцаардаж, шоуг орхихын хүслэн болж байжээ. Тэрээр амиа хорлохын өмнөхөн ээж рүүгээ яриад “Хэрэв шоуг телевизээр цацаж эхлэх юм бол Солонгост үлдсэнээс гадаадад гарсан нь дээр” хэмээн ярьж байж. Мөн найзуудтайгаа интернэт чатаар ярилцахдаа ч сэтгэлийн их дарамттай байгаагаа хэлж байжээ. Хосоо олох ёстой энэ шоунд Жёон сүүлийн үед байнга ганцаараа, сэтгэл дундуур байх болж, түүнийг нь телевизийн камераар маш их авч байсан учраас бүсгүй бусдадаа тоогдохгүй байгаа энэ ичгүүртэй байдал нь улс даяар цацагдах вий гэж эмээж байсан бололтой.
Шоуны продюсерууд бүсгүйн үхэлд шууд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, нэвтрүүлгийн зүгээс ямар нэг дарамт үзүүлээгүй гэсэн боловч гэр бүлийнхнээс нь уучлал гуйж, эмгэнэл илэрхийлсэн байна. Энэ реалити шоуг цаашид цацах нь зөв эсэх талаар Өмнөд Солонгос даяар томоохон хэлэлцүүлэг, маргаан өрнөж байгаа бөгөөд, интернэтээр бүсгүйн тухай янз бүрийн мэдээлэл гарч байгаа учраас гэр бүлийнхэн нь дараа хэвлэлийнхэнд үнэн зөв мэдээлэл хүргэнэ хэмээн мэдэгдсэн байна.
“Хос” хэмээх реалити шоунд оролцох эрчүүд нь баян чинээлэг амьдралтай, боловсрол өндөртэй, харин эмэгтэйчүүд нь хөөрхөн, царайлаг байх ёстой гэсэн шалгуур тавьдаг нь энэ хэргийн дуулианаар бүр ч олны дургүйцлийг төрүүлж, шоуг хаах хэрэгтэй гэсэн онлайн уриалга ч гараад байна.
Өмнөд Солонгос нь амиа хорлосон тохиолдлын тоогоор өндөр хөгжилтэй орнууд дундаа нэгдүгээр ордог юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ тоо бүр ч өсч, 100 мянган хүн тутамд 28 тохиолдол гарах болсон байна.