Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн бүсгүйчүүдийн гоо сайхны шалгуур


Бүсгүй хүн гэдэг үргэлж сайхан харагдахыг хүсдэг. Гоо сайхан, үзэсгэлэнт төрх гэдгийг дэлхийн улс орон бүр өөр өөр шалгуураар дүгнэдэг болохоор францад хамгийн үзэсгэлэнтэй гэж тооцож буй эмэгтэйг америкт төдийлэн хүлээж авахгүй ч байж болох. Тэгвэл дэлхийн зарим орны гоо сайхны шалгуурын талаар энэ удаад сонирхуулья.

1. Өндөр хүзүү

Энэхүү омгийнхон ямар ч гоо сайхан заавал золиос шаарддаг гэж үздэг. Охидыг таван настайгаас нь эхлэн нэг см зузаантай хүнд цагираг хүзүүнд нь зүүлгэнэ. Нас нэмэгдэх тусам цагираг ч нэмэгдэж, насанд хүрэхэд 30 хүртэл см цагирагтай болно. Гэхдээ энэхүү гаж гэж хэлж болмоор уламжлалыг охидоо хамгаалах зорилгоос үүдэн бий болсон гэж үздэг. Эрчүүд нь анд явсан хойгуур бүсгүйчүүд барны хоол болох нь их байсан учраас  тэднийг зэрлэг амьтны хоол болгохгүйн тулд төмөр бөгж хоолойд  нь хийгээд үлдээдэг байсан гэнэ. Хэдийгээр өнөөдөр бар, зэрлэг амьтад тийм ч элбэг биш ч Мьянмар, Тайландын зарим тосгонд энэ уламжлал хэвээр хадгалагдан үлджээ. Харин энэхүү хамгаалах арга нь эмэгтэй хүний хувьд сүй өндөртэй нөхөрт гарах боломж болон өөрчлөгдсөн байна. Хүзүү нь өндөр бүсгүйчүүд эрчүүдэд илүү таалагддаг учраас охидоо өндөр сүйн бэлэгтэй бэр оруулах боломж хэмээн эцэг эх нь үздэг болж.

2. Урт уруул

Эфиопийн мурси омгийн эмэгтэйчүүд ихэвчлэн энэхүү гоёлыг зүүдэг. Охидыг 15-18 нас хүрмэгц ээж нь эсвэл тухайн омгийн нэг эмэгтэй уруулыг нь хутгаар зүсэн эхлээд савхан мод хийдэг байна. Дараа нь үүнийгээ тавган хэлбэрт зүйлээр орлуулж хийсээр сар жилээр томруулдаг аж. Энэхүү гоёлынх нь диаметр дунджаар 12-15 см байдаг. Гоёлоо унтахдаа, хоол идэхдээ тайлж болдог гэнэ. Таваг нь том байх тусам эмэгтэйчүүдийн нэр хүнд өсдөг бөгөөд энэ ч хуримын нэг шалгуур  гэж үздэг. Мурси омгийн эмэгтэйчүүдийн хувьд тавагны хэмжээ нь насыг нь тодорхойлдог. Мөн зарим тосгонд нь тэрхүү тавгаар нь гарал үүслийг нь тодорхойлдог гэнэ. Гэхдээ энэ ёс заншил нь тэдний мухар сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой. Хар муу хорон санаа, муу муухай бүхэн хүний амаар дамжин ордог учраас үүнээс уруулын гоёл нь хамгаалж чаддаг гэнэ. Сонирхолтой нь эрэгтэйчүүдэд нь энэ хамгаалалт хэрэггүй бололтой.  Өөр нэг уламжлалт зүйлс нь омгийнхоо цусыг цэвэр байлгах арга ч гэдэг. Учир нь ийм уруултай эмэгтэйчүүдийг бусад омгийн эрчүүд эхнэр болгон авах нь юу л бол...

3. Сунасан чих

Ээмэг гэдэг бүсгүй хүн бүрийн чухал гоёл чимэглэлийн нэг. Тэгвэл Кенийн масаи омгийн эмэгтэйчүүд ээмэгнээс илүү чихээ сунгахыг чухалд тооцдог аж. Охидыг бага байхад нь чихийг нь цоолон амьтны эвэр хийдэг. Дараа нь хүнд гэгч нь  гоёл чимэглэл зүүсээр чихнийх нь нүхийг томруулдаг. Хэн урт сунгаж чадсан байна , тэр бүхний хүндлэл хүлээж, илүү сайхан гоё гэсэн үнэлгээг авдаг. Чихнийхээ цоолсон нүхийг урт болгохын тулд эмэгтэйчүүд элдэв зүйл зүүдэг гэнэ. Хамгийн хачирхалтай нь зөвхөн ингээд сайхан эмэгтэйн тодотголд хүрчихгүй. Масаи эрчүүддээ таалагдахын тулд доод талынхаа урд хоёр шүдээ  авч хаядаг төдийгүй байнга үсээ хусдаг гэнэ.

4. Улаан үс арьс

Намибийн химба үндэсний эмэгтэйчүүд тун хачин гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэр өөрсдийнхөө хөлнөөс толгойн оройг хүртэл охраар буддаг. Үүний тулд мэдээж элдэв төрлийн тос ашиглана. Хийсэн улаан будгаараа арьс, үс гээд бүх зүйлээ буддаг. Энэ бүсгүйчүүдийн эрчүүдэд нь сайхан харагдуулаад зогсохгүй нарны хурц гэрлээс хамгаалдаг гэж үздэг. Тиймээс энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг нь заримдаа эрчүүд хүүхдүүд нь ашигладаг. Ийн гоёсон бүсгүйчүүд хадамд гарахын тулд доод үүдэн дөрвөн шүдээ авч хаядаг гэнэ.

5. Нүүрэн дээрх шивээс

Шинэ Зеландын Маори омгийн бүсгүйчүүд эртнээс шивээсээр гоёдог байжээ. Эрчүүд өөрийн биен дээр шивээс хийлгэдэг бол бүсгүйчүүд нүүрэн дээрээ хийлгэдэг байж. Тэд амаа тойруулан шивээс хийлгэх нь элбэг гэнэ. Энэ нь эрчүүдэд таалагдах хамгийн шилдэг арга гэж үздэг. Маори эмэгтэйчүүдийн шивээс нь тэдний хувьд элдэв муу бүхнээс хамгаалах хамгаалалт, мөн өөрийнх тухай мэдээлэл өгөх зүйл ч болдог.Өмнө нь шивээс хийлгэх нь зөвхөн омгийн ахлагч эрх мэдэлтнүүдийн л гоёл байсан гэнэ. Тэд охидоо ийн шивээсээр гоёсноор сайн эр нөхөртэй суулгаж чаддаг гэж үздэг байж. Түүнээс гадна шивээс нь нь залуу нас гоо сайхныг нь хадгалж үлддэг гэж итгэдэг байлаа. Харин 19 дүгээр зуунаас энэхүү уламжлалт ойлголт халагдсан юм. Өнөөдөр ийн шивээс хийлгэдэг маоричууд нь өөрийнхөө уламжлалт хүндэтгэл үзүүлж буй юм хэмээн тайлбарладаг.

6. Хамрын гоёл

Энэтхэгийн зүүн зүгт орших апатани омгийн эмэгтэйчүүд хамраа цоолон том дугуй ээмэг зүүдэг.Үүнийгээ Yaping Hullo гэж нэрлэнэ. Ийн цоолох болсон гол шалтгаан нь энэ омгийн эмэгтэйчүүд хамгийн үзэсгэлэнтэй нь байсан учраас өөр омог аймгийнхан бүсгүйчүүдийг нь олзлох гэж энэ ард түмнийг маш ихээр зовоож байсантай холбоотой гэдэг. Тиймээс эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд энэхүү гоёлыг сэдэж олсон гэдэг. Түүнээс гадна бүсгүйчүүд хамрынхаа үзүүрээс үсээ хүртэл шивээс хийлгэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү гоёл нь тус омгийнхныг бусдаас ялгаруулах нэг л онцлог нь болж хувирчээ. Сүүлийн жилүүдэд энэ омгийн залуусын хувьд арай өөрөөр гоёхыг хүсдэг болсон гэдэг.

7. Жижигхэн хөл

Гоо сайхны төлөө хамгийн аймшигтай золиос төлж байсан эмэгтэйчүүд бол хятадууд. Тэд “давсалсан” хэмээгддэг жижиг хөлөөрөө алдартай. Дөрвөн настайгаас нь охидынхоо хөлийг  дөрвөн хурууг нь дарж боосоор дөнгөж тогтож явах төдий жижигхэн болгодог байж. Лянхуа хөл хэмээн нэрлэдэг байсан өсөлт нь зогсч гэмтсэн жижигхэн хөлнийхөө ачаар сурвалжит ойлын бэр болно. Жижигхэн байх тусам дур булаам гэж үздэг байсан аж. Эмэгтэй хүн нөхрөө хаян зугатахгүй нэг шалтгаан нь ч гэдэг. Азаар 20 дугаар зуунаас эхлэн энэхүү бурангуй уламжлалыг халж, эмэгтэйчүүд ялангуяа охид үүний улмаас зовж шаналахгүй болсон юм.


8.Сорви

Африкийн сурма омгийн эмэгтэйчүүд бие дээрх сорвиороо гоёдог. Биен дээр нь товгор сорви олон байх тусам эмэгтэй хүн үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг гэж үздэг. Сорви олон байх  нь эрчүүдийг өөртөө татах төдийгүй, түүний төлөө тэмцсэн эр хүн бүрийн тоогоор хоёр гартаа сорви тогтоодог гэнэ. Биедээ ийм гөвдрүүн сорвитой болох нь амар биш. Эхлээд зүснэ дараа нь гөвдрүү болгохын тулд элдэв төрлийн жимсний шүүс, тосоор харшлуулна. Тэгж гэмээнэ хүссэн сорвитойгоо болж, сайхан бүсгүйн шалгуурт тэнцэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан