Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатартай ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гараад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар эерэг үр дүн гарч байна вэ?
-Энэ талаар хэлэхэд арай эрт байна. Хууль арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн гэхээр дөрвөн сар л өнгөрч. Бид хууль эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдсөнийг тусгайлсан хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдад танилцуулсан.
Хүнд суртлыг бууруулсан, зөвшөөрлийн тогтолцоог халсан, илүү хялбар ойлгомжтой байдлаар хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулсан гэдэг утгаараа хөрөнгө оруулагчид их эерэг дүн өгсөн.
-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалт эрс буурсан нь манай эдийн засагт таагүй нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн. Энэ жилийн хувьд байдал өөрчлөгдөж байна, тийм үү?
-Ер нь, хөрөнгө оруулалт өсч буурахад гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлдөг. Дотоод хүчин зүйлийн хувьд биднээс шалтгаалах ажлуудаа хийгээд явж байгаа. Харин гадаад орчинд зах зээлийн нөхцөл, хөрөнгө оруулагчдын ааш, өнгөрсөн жилийн байдал, ирээдүйн төсөөлөл, дэлхийн эдийн засаг голлон нөлөөлдөг. Ямар ч гэсэн Монголбанкны нэгдүгээр сарын статистик мэдээллээр хөрөнгө оруулалт 183 сая ам.доллар байна гэж гарсан. Энэ нь, өнгөрсөн сартай харьцуулахад өндөр. Арванхоёрдугаар сард 70 гаруй сая ам.доллар байсан гэхээр 100 гаруй сая ам.доллараар нэмэгдэж.
Мэдээж, 2012 оны нэгдүгээр сартай харьцуулахад харьцангуй тоо л доо. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, хөрөнгө оруулалтыг сар, сараар тооцох нь өрөөсгөл. Учир нь, мөнгөн урсгал орж ирэн төсөл хэрэгжүүллээ гэхэд урт хугацаанд хийгдэж, үр дүн нь аажимдаа гардаг. Дөрвөн сарын дараа огцом нэмэгдсэн гэж хэлэхэд хэцүү.
-Тэгвэл өнөөдийн байдлаар хөрөнгө оруулалт ямар төвшинд байна вэ?
-Монголбанкны статистикаар 2013 онд 2,3 тэрбум ам.доллар байсан. Мэдээж, 2011, 2012 онтой харьцуулахад бага. Учир нь, 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт таван тэрбум, 2012 онд 4,4 тэрбумд хүрсэн. 2010 оных нэг тэрбум байсан. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт жилийн 20-25 хувийн хэлбэлзэлтэй явж байгаад 2011, 2012 онд огцом өссөн хэрэг. Энэ нь, “Оюу толгой” төслийн оруулсан хувь нэмэртэй холбоотой. “Оюу толгой” шиг том төсөл хэрэгжүүлээд байвал хөрөнгө оруулалт маш хурдацтай өснө гэсэн үг. Нөгөө талаасаа, том төслүүдийг тооцохгүйгээр ажиглах юм бол хэвийн байдалд, огцом биш ч өсөөд л байгаа. 2,3 тэрбум ам.доллар бол чамлахааргүй тоо. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг валют авчирч буй гол суваг. Гол нь үүнийг тогтмол хангах бодлого явуулах ёстой.
-Хөрөнгө оруулагчид эерэг үнэлэлт, дүгнэлт өгч байгаа гэлээ. Хуулийг дагалдан эрсдэл үүсч болзошгүй харилцааг зохицуулсан журам гарна биз дээ?
-Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай хууль Ази номхон далайн бүс нутагтаа чөлөөт эдийн засгийн онолд суурилсан хууль болсон. Яагаад гэвэл, суурь төдийгүй хөрөнгө оруулалттай холбоотой харилцааг шууд зохицуулдаг байсан 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон 2012 оны стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь зах зээлийг хамгаалсан, байсныг шинэчилсэн хуулиар илүү чөлөөтэй, зах зээлийн зарчимд суурилсан болгосон юм. Нэг ёсондоо, шинж чанар, агуулгын хувьд либераль, чөлөөтэй гэсэн үг. Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулалтад манай бүх салбарын хууль хамаатай учраас дэмжлэг болж өгөх ёстой. Тиймээс энэ хууль эдийн засгийн олон харилцааг зохицуулсан учраас нэг л харилцааг нь журмаар зохицуулж, бусдыг нь ил тод байдлаар зохицуулан баталсан юм. Хуульд зааснаар 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах гэж байгаа хүн дэмжлэг, туслалцаа үзүүлээч гэж хүсвэл Засгийн газрын аль яам хүлээж авах, ямар арга замаар хийх, агуулга нь юу байх гэсэн бүхий л харилцааг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмаар зохицуулна гэсэн үг. Одоо хөрөнгө оруулалтын хуулийн дагуу хүлээгдсэн журмын ямар нэгэн баримт бичиг үлдээгүй. Хууль бүрэн утгаараа бүх харилцааг цаашдаа зохицуулаад явна.
-Эдийн засагч Жаргалсайхан гадаадын хөрөнгө оруулалт ямар салбарт орж байна гэдгийг хянах зөвлөл байх ёстой гэж ярьж байсан?
-Энэ талаар ярьсан, судалсан. Дэлхий олон улс оронд янз бүрийн л туршлага байна. Хөрөнгө оруулалтын зөвлөл гэдэг нь тухайн салбартаа 20-30 жил ажилласан эсвэл томоохон аж ахуйн нэгжүүдийн CEO хийсэн, туршлагатай хүмүүсээс бүрдсэн багийг хэлдэг. Нэг ёсондоо, төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахад тухайн асуудлаар нь зөвлөгөө өгдөг механизм л даа. Бид алхам, алхмаар оруулж ирэхээр эхний ээлжинд хөрөнгө оруулалтын газрын дэргэд мэргэжлийн дүгнэлт өгөх хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулсан. Сонгодог утгаараа биш ч, ерөнхийдөө зарчмын хувьд хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох механизмыг оруулж ирэхэд энэ зөвлөл хэрэгтэй. Анх удаа хийж байгаа болохоор янз бүрийн саад тогтгор, хүний нөөцийн асуудал тулгарах байх л даа.
-Тооноос илүүтэй чанарыг хөөцөлдөе гэж ярьдаг ч, харилцан адилгүй тоо нь хүмүүсийг будилуулахад хүргэдэг талтай?
-Нэгдсэн байдлаар мэдээлэл гаргадаг нь Монголбанк. Ихэнх улсад ч ийм байдаг. Ямар ч компанийн гадаадаас татан авчирч байгаа мөнгөн гүйлгээ арилжааны банкаар дамждаг. Энэ утгаараа төв банк л нэгдсэн тоог гаргана. Яахав, өмнөх хуулийн тогтолцоогоор ЭЗХЯ, манай агентлагаас гаргадаг байсан тоо нь гадаадын хөрөнгө оруулалттай хэдэн компани зөвшөөрөл авсан талаарх бүртгэл байлаа. Энэ нь, төв банкнаас гаргасан тоотой харьцуулахад бага. Нөгөө талаас, Монголбанкнаас гаргасан гадаадын хөрөнгө оруулалтын тоо нь цэвэр дансаар гүйлгээ хийгдэж байгаа мөнгө урсгалынх. Үүн дээр гаалиар орж гарч байгаа бараа бүтээгдэхүүний тоог бас нэмэх ёстой. Зарим хөрөнгө оруулалт бараа үйлчилгээгээр орж ирдэг учраас нийт хөрөнгө оруулалт нэмж тооцох ёстой л доо. Гааль дээрх статистик тоог сайжруулах ёстой. Ер нь, тооны хойноос хөөцөлдөх бус дансаар орж ирсэн мөнгөн хэмжээ Монгол Улсын эдийн засгийн харилцаанд ямар үйлдвэрлэл үйлчилгээ нэмж, юу бүтээгдэж байна вэ гэдгийг дүгнэж үзэх хэрэгтэй. Дансаар ороод маргааш нь гарчихаж байгааг хөрөнгө оруулалт гэж тооцоход хэцүү.
-Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэх нь ямар их эрсдэлд хүргэж болохыг 2013 оны үйл явдал харуулсан. Тэгэхээр бусад салбарт илүүтэй хөрөнгө оруулалт татахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Энэ бол эдийн засгийн хамгийн том зорилт. Аль болох хөрөнгө оруулалтыг өөр салбар руу оруулах, төрөлжүүлэх нь бидний гол ажил. Тэгэхдээ олон цогц ажиллагаа хийх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуульд энэ талаарх анхны тодорхой алхмыг хийж, бодит заалтууд суулгаж өгсөн. Юу вэ гэхээр тогтворжуулах гэрчилгээг ялгавартай олгох. Өөрөөр хэлбэл, бусад салбарт хөрөнгө оруулбал тухайн хөрөнгө оруулагчид хөнгөлөлт үзүүлэх, улсаас дэд бүтцийг нь хангах. Эсвэл урт хугацаанд үйл ажиллагааг нь тогтворжуулъя, бага мөнгө шаардана гэх ч юм уу. Яагаад гэвэл, Уул уурхай, аялал жуулчлалд оруулж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн дүн өөр л дөө. Уул уурхайд 30 тэрбум шаардлагатай гэхчихээд аялал жуулчлалын салбарынханд адилхан босго тавьж болохгүй.
-Сүүлийн үед хот, хөдөөг зэрэг хөгжүүлье гэж ярих болсон. Тэгэхээр ахиад л хөрөнгө оруулалт шаардагдах нь тодорхой. Хөдөө орон нутаг руу үүнийг чиглүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой юм бол?
-Хөрөнгө оруулагч хүний зорилго ашиг олох. Ер нь, салбарын төрөлжилтөөс гадна бүс нутгийн гэж байгаа. Чиний хэлсэнчлэн хот, хөдөөгийн ялгааг арилгах. Хөрөнгө оруулалтын тухай хуульд та хөдөөд хөрөнгө оруулбал хугацааг чинь харж үзье гэсэн механизм шигтгэж өгсөн. Бид бусад салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд технологи, шинэ ноухау оруулж ирсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл дэмжье гэж байгаа. Засгийн газар барилгын салбарыг дэмжих хүрээнд үйлдвэрлэлийг нь дэмжсэн тодорхой алхмууд хийсэн шиг гэсэн үг.
-Гэхдээ салбар хариуцсан яамд ямар ажил хийж байна. Олны хүч оломгүй далай гэдэгчлэн ганцхан агентлаг том зорилт хэрэгжүүлнэ гэдэг хүнд байх?
-Хөрөнгө оруулалт нэг яам, агентлагийн хийх ажил биш. Тиймээс Засгийн газраас хөрөнгө оруулалтад нэлээн ач холбогдол өгч байгаа. Цогц үйл ажиллагаа гээд хэлээд байгаа маань энэ. Салбар бүр хууль эрх зүйн орчноо төдийгүй өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Өнөөдөр ашигт малтмалын лицензийн тоог бууруулж байгаа нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд л хийгдэж байгаа ажил.
-Бид хэн хэзээ манай үйлдвэрлэлийг дэмжих бол гэж дээшээ харж суулгүйгээр бонд гаргаж дэлхийн зах зээлд арилжаалсан. Чингис бондын мөнгө хэр дэм болж байгаа вэ?
-Энэ бол миний хариуцах ажил биш л дээ.Чингис бонд шууд хөрөнгө оруулалттай холбоотой биш л дээ. Хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болох багцын хөрөнгө оруулалт. Мэдээж, том төсөл хэрэгжүүлэхэд эх үүсвэр хэрэгтэй. Тэр утгаараа зайлшгүй ямар нэгэн байдлаар хөрөнгө босгох ёстой. Бонд бол хамгийн амархан санхүүжих эх үүсвэр. Энэ эх үүсвэрийг шаардлагатай зүйлдээ 100 хувь зарцуулах эрхтэй байдаг бол хэн нэгний хөрөнгөөр та төсөл хэрэгжүүлэх бол тухайн хүний эрх ашгийг төсөлдөө илүү тусгасан байдаг. Ялгаа нь энэ.
-Тэгвэл бид гадаадын хөрөнгө оруулалтыг л түлхүү татах ёстой юм байна. Гэвч...?
-Томъёоллын хувьд хөрөнгө оруулалт бол ерөнхий ойлголт. Дотроо төсвийн, дотоод, гадаад, хувийн, төрийн өмчит, компанийн гээд хуваагдана. Чадвартай, чадамжтай нь өөрсдөө хөрөнгөө татаж босгох нь маш чухал. Бид яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татая гэж яриад байна вэ гэхээр нэмэлт валют эдийн засагт авчирдаг учраас. Жишээ нь, Монгол Улсыг А гэж бодъё. А+Б гэсэн гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл эдийн засаг томорно. Харин дотоодын хөрөнгө оруулагч зах зээлээс олсон ашгаараа аль нэг салбар, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийвэл А дотроо л байна. Тэгэхээр энэ бол валют авчрах суваг биш. Гол нь, хөрөнгө оруулалтаар ажлын байр бий болох нь эдийн засагт чухал. Өөрөөр хэлбэл, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нь валют татаж байна уу гэдгээрээ ялгаатай. Ер нь, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь бидэнд тустай.
-Таны хэлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулалт хэр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж байгаа бол. Энэ их хөрөнгө оруулалтын сүүдэрт мөнгө угаах эрсдэлтэй үйлдэл ч нуугдаж байдаг гэдэг шүү дээ?
-Ер нь, орж ирсэн урсгал шууд гараад байвал эдийн засагт хор хохиролтой. Б гэсэн юм орж ирээд Б чигээрээ гараад байвал хэцүү. Тиймээс зах зээлдээ хэр шингээх үү, аль болох яаж удаан байлгах уу гэдэг дэлхий нийтийн хамгийн чухал асуудал. Бид ч гэсэн энэ чиглэл рүү явж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг даган орж ирэх мөнгийг банк санхүүгийнхэн хянадаг. Хариуцсан хянах зөвлөл гэж бий л дээ. Ямар ч гэсэн энэ жил хууль эрх зүйн орчныг нь таатай болгосон учраас гадаадын хөрөнгө оруулалт өсөх байх аа.