Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буулгаснаа бариагүй ч дахиад л буулгах нь

-Монгол гуравдугаар сургуулийн түүх 14 дээр давтагдах вий-

Нэг зүйлийг олон давтаж ярихаар улиг болдог. Гэхдээ хэчнээн давтсан ч хэзээ ч улиг болох ёсгүй зүйл гэж байна. Тэр бол бидний ирээдүй болсон хүүхдүүдийн сурах орчин. Тиймээс энэ талаар дахиад нэг удаа сануулах гэсэн юм.

2012 онд нийслэлийн боловсролын салбарт 45,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүү­лэхээр болсноо сал­барын сайд нь дуулгаж, тухайн үедээ олон хүний магнайг тэнийлгэж байлаа. Энэ дөрвөн сургуулийн нэг нь манай ууган сургуулийн нэг Монгол гуравдугаар сургуулийн барилга байв. 1958 онд хятад ажилчдаар бариулсан тус сургуулийн барилгын ашиглалтын хуга­цаа дуусч, Мэргэжлийн хяналтын газраас хүүхэд сурал­­цах боломжгүй гэ­сэн дүгнэлт гарснаар 2012 оны есдүгээр сараас эхлэн султган чөлөөлсөн билээ. Харин сургуулийнх нь 1740 хүүхэд, 100 гаруй багш ойролцоох дөрөв болон 16 дугаар сургуульд хуваагдан хичээллэсээр хоёр хичээлийн жилийн нүүр үзэж буй. Зургаахан сарын дараа дахиад л дараагийн хичээлийн жил эхлэх нь. Энэ хугацаанд сургуулийг буулгасан хогийг зөөж дуусаа ч үгүй, буурин дээрээ байхад шинээр сургуулийн барилгыг барьж дуусгах тухай яриад ч хэрэггүй болов уу. Ингэж их цаг алдсан нь дээр дурдсан барилгын ажилд хэрэглэх 45,7 тэрбумыг төсөвт суулгаснаас биш нураах өртгийг нь оруулаагүй гэнэ. Ингээд 2013 оны төсөвт сургуулийн барилгыг нураах зардлыг суулгасан ч тендерт оролцох байгууллага олдоогүйгээс ажил нь удааширч, 2013 оны аравдугаар сард сургуулийн барилгыг нураасан.

Гэхдээ сургуульгүй, айлын хаяанд хорогдож байгаа нь зөвхөн Монгол гурвынхан биш. 11, 38 дугаар сургуулийн барилгын асуудал ч яг л үүнтэй адил өрнөсөн. 38 дугаар сургуулийн газрыг чөлөөлсөн ч, барилгын ажлаа эхлүүлээгүйгээс газраа алдах шахаж, сургуулийн багш нар хоосон газар дээрээ жижүүрлэн хонож, хэвлэл мэдээлэлд хандаж байж хамгаалан үлдэж чадсан юм.

Сургуулийн барилгын асуудал ийн дуулиантайгаар өрнөж байтал 1957 онд ашиглалтад орсон 14 дүгээр сургуулийн барилгын нэг давхрын тааз нурсан нь гал дээр тос асгасан үйл явдал болсон билээ. Хамгийн гол нь сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсэхгүй болсон гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа мэдэгдэж байжээ. Гэтэл 2700 гаруй хүүхдийн сурах эрхийн талаарх асуудал учраас тааз нурах хүртэл эс тоож явсаар ийм зүйл болсон юм. Актлагдсан сургуулийн тоо ингээд дуусахгүй. 38, 32, 73 дугаар сургуулийн үйл ажиллагааг ч зогсоосон. Мөн дээрх сургуулиудтай нас чацуу 40 гаруй сургуулийн барилга нийслэлд бий. Ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлттэй.

Гэтэл саяхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/118 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг гарган баталж. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, олон жил ашигласан Баянгол дүүргийн 38, 73 дугаар сургууль, тус дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгахад шаардагдах 906,6 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахаар болсон гэнэ.

Уншигч та анзаарсан уу. Өнгөрсөн онд тааз нь нурсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр суруулийг буулгах зардал төсөвт суугдаагүйг. Уг нь, сургуулийг аль хэдийнэ чөлөөлчихсөн. Гэтэл буулгах зардал нь энэ удаа төлөвлөгдөөгүй. Монгол гурвын түүх 14-т давтагдах вий дээ.

Гэхдээ ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хаашдаа л ойролцоо хугацаанд баригдсан сургуулиудын ашиглалтын хугацаа дуусч байгааг эртхэн ухаарсан бол урьдчилж арга хэмжээ авах л байж. Ямартай ч, ирэх хичээлийн жилд хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгийнхэн түр орогнох байрны эрэлд гарах нь.

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхайн дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.

 Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
Энэ Бат-Үүл өмнөх ажлаа дуусгаагүй байж хөхөө өвлийн хүйтэнд цэцэрлэг барих захирамж гаргалаа ч гэх шиг.. Энэ засаг нэг л биш ээ. Баатар нь ингэж балайрч байхад бусад нь яаж ч өөдтэй байхав дээ. Сайхан сайхан хоолний нэр хэлваа гэгч л болоод байна. Одоо хэсэг ядарсан жижүүр манаач нярав гэх мэт ажилчид цалин ч үгүй болсон байгаа. Татан буугдаж байгаа газрын ажилтнуудыг яаж цалинжуулах гэж байнаа. ЧД-н 18-р цэцэрлэг халаалт ч үгүй. цалин ч үгүй. цахилгаан ч үгүй төсөв ч үгүй байна. Ард нь хэдэн зуун хүүхэд, эцэг эхчүүд, ажилтнууд гээд маш их хүн хохирч байна шүү
Хамгийн их уншсан