Үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани энэ оны зургадугаар сарын 9-нөөс Улаанбаатар-Парис-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх болов.
Энэ талаар өнөөдөр БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайл Ив.Дэнулэ болон “Хүннү Эйр” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
“Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх захирал Б.Баяр, "Манай компани 2011 онд байгуулагдсанаас хойш 2020 он хүртэл иргэний нисэхийн хүрээнд баримтлах бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хонгконг, Бангконг, Шанхай , Хайлаар, Манжуур зэрэг олон улсын нислэг үйлдэж байна. Энэ жил шаргуу хөдөлмөрлөсний хүчинд Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Парис, Франц улсаас Парис-Улаанбаатар чиглэлийн нислэг хийх тусгай зөвшөөрөл авлаа. Энэ оны зургадугаар сарын 9-нөөс долоо хоногт 2 удаагийн давтамжтайгаар нислэг үйлдэх болсон. Уг нислэгийг 120 хүний суудалтай “Аэробус А319” онгоцоор нислэг үйлдэнэ. Нисэх замдаа ОХУ-ын Перм болон Екатринбург хотын аль нэгэнд нь түр зогсон шатахуунаа сэлбээд Парис хотын олон улсын нисэх буудалд бууна. Бид 2015 оноос уг нислэгийг сайжруулан “Аэробус А330” онгоцоор дундын зогсолтгүйгээр шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ингэснээр Монголын жуулчид зөвхөн Франц бус Баруун европ, Хойд Америк, Африк руу аялах боломжийг нээнэ” гэлээ.
БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайл Ив.Дэнулэ, “Сүүлийн жилүүдэд Франц болон Монгол Улсын харилцаа хурдацтай хөгжиж байгаа. Дээд түвшний улс төрийн солилцоогоо эрчимжүүлсэн. Тухайлбал, 2013 онд анх удаа Францын Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчилсан. Францын томоохон компаниуд Монголын уул уурхайгаас эхлээд хэд хэдэн салбарыг сонирхож байна. Мөн Монгол улсын зарим аж ахуйн нэгж манай улс руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотой өнгөрсөн долоо хоногт “Франц Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим” байгууллаа. Энэ үед Улаанбаатар-Парис-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж, 2 улсын иргэд харилцан зорчих боломжтой болж байгаа нь туйлын чухал. 2013 онд Монголд Францын 10 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ бол Баруун европын орнуудаас Монгол Улсад айлчилж байгаа жуулчдаараа дээгүүрт орно гэсэн үг. Мөн Монгол Улсаас манай улс руу зорчих иргэдийн тоо өссөн. Нөгөөтэйгүүр Франц Улс бол дэлхийн аялал жуучлалын бүс нутаг. Энэ оронд хүн бүр очиж үзэхийг хүсдэг. Парис нь жуулчдын хувьд домог болсон хот гэж болно. Тухайлбал, Эйфелийн цамхагийг мэдэхгүй хүн гэж үгүй. Саяхан Би Дорноговь аймгийн Сайншанд хотод очсон. Тэр хотын төвд Эйфелийн цамхагын жижиг хувилбарыг босгосон байна билээ. Тэгэхээр шууд нислэг хийх болсон нь маш чухал. Ингэснээр манай 2 улсын харилцааг хөгжүүлэхэд улам бүр дэмжлэг болох юм. Шууд нислэгтэй холбоотой визний мэдүүлэг авах журам өөрчлөгдөхгүй. 2013 онд манай 2 улсын байгуулсан гэрээний дагуу энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн, Монгол Улсын дипломат паспорттай иргэд визгүй зорчиж эхэлсэн. Цаашид иргэдийн визний мэдүүлгийг шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллана” гэв.
Уг нислэг нь Улаанбаатараас 07.00 цагт нисч Парис хотод 14.30 цагт бууна. Буцах нислэг бол Парисаас 14.30 цагт хөөрч Улаанбаатар хотод өглөөний 07.00 цагт буух аж. Мөн замдаа ОХУ-ын Перм болон Екатринбург хотын аль нэгэнд нь 20-40 минутын түр зогсолт хийж шатахуунаа сэлбэх юм. Энэ бол цаг хугацааг 5-24 цагаар хэмнэж байгаа аж. Уг нислэгийг 6 дугаар сарын 9-нөөс 9 дүгээр сарын 5-ны хооронд тогтмол үйлдэх аж. Харин намар, өвлийн улирлаас шалтгаалан нислэгийг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэх аж. Билетийн захиалгаа авч эхэлсэн. Тарифын хувьд Улаанбаатарааас нэг талын нислэг нь 1 сая 366 мянга 700 төгрөг байх бөгөөд 2 талдаа тиз авахад 2 сая 290 мянга 300 төгрөг байх аж. Харин Парисаас Улаанбаатар хүртэл нэг талдаа 692 евро, хоёр талдаа 1070 евро болох юм.