Жүжигчин Сандра Баллок "Татах хүч" киногоороо Оскарын шагнал хүртэж чадаагүй ч харамсахааргүй цалин хөлс авчээ. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон энэ кинонд тоглоод тэрээр 70 сая ам.долларын цалин авсан байна. Өнөө үед Холливудын өндөр зэрэглэлийн одод нэг кинонд тоглоод 20-30 сая ам.долларын чек авдаг ч түүн шиг хоёр нугалсан цалин авсан жүжигчин одоогоор алга байна. Өчигдөр болсон Оскарын наадмаас долоон шагнал хүртсэн "Татах хүч" кинонд Сандра Баллокоос гадна Жорж Клуни тоглосноос өөр ямар ч жүжигчин энэ кинонд оролцон тоглоогүй юм. Тийм ч учраас гол дүрийн жүжигчнийн үнэлгээ өндрөөр тогтоогдсон бололтой.
Холливудын түүхэнд хамгийн өндөр цалинтайгаар кинонд тоглосон жүжигчдийн тоонд "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны сүүлчийн ангид 56 сая ам.доллараар тоглосон Жонни Депп, бүр 1994 онд "Форест Гамп" кинонд 25 сая ам.доллараар тоглосон Том Хэнкс нар багтдаг. Гэхдээ жүжигчид цуврал кинонд тоглохдоо ердийн ханшаас хэд дахин өндөр үнээр тоглодог. Тухайлбал, жүжигчин Кеану Ривз "Матрикс" киноны гурван ангид бараг 250 сая ам.доллараар тоглосон гэдэг бол Том Круз "Биелэгдэшгүй даалгавар" киноны гурван ангид 100 сая орчим ам.доллараар тоглож байжээ.