Засгийн газраас 2014 оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаж, тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь оны эхээр үйлдвэржилтийг дэмжих төслүүдийг хүлээн авч, шалгаруулан санхүүжилт хийхээр болсон билээ. Эдгээр төслийн талаар өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр товч мэдээлэл өглөө. Иргэд, байгууллагаас боловсруулсан төслүүдийг өнгөрсөн нэгдүгээр сарын 14 хүртэл хүлээн авсан. Нийтдээ 1151 төсөл ирснээс 61 нь давхардсан байж. Хэт өндөр дүн тавьсан хоёр төсөл байсан нь долоон их наяд төгрөгийн өртөгтэй иржээ. Эдгээр 1088 төслөөс экспортыг дэмжих 131, импортыг орлох нь 757. Экспортыг дэмжих, импортыг орлох боломжгүй буюу энэ чиглэлд хамааралгүй 200 төслийг шалгаруулалтын баг шалгаж үзээд хассан гэнэ. Ингээд нийтдээ 888 төсөл шалгарч үлджээ. Санхүүжилтэд нийтдээ 7.3 их наяд төгрөг шаардлагатай болж байгаа юм. Үүнээс зээлээр 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт хүссэн байна. Төсөл санаачлагчид өөрсдөө санхүүжилтийнхээ 40 гаруй хувийг гаргах боломжтой гэжээ.
Экспортыг дэмжих долоон чиглэлийн, импортыг орлох найман чиглэлийн төслүүд ирсэн байна. Нийт 4.2 их наяд төгрөгийн нэг их наяд нь экспортыг дэмжих төсөл. Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр нийтдээ 40 орчим мянган ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргажээ. Төслүүд хөрөнгө оруулалтын өртгөө нөхөх хугацаа нь 55 сар. Шалгуур хангасан төслүүдээс 778-д нь зах зээлийн судалгааг хийсэн гэв. Ашигт малтмалын үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд боловсруулах, хүнсний үйлдвэрийн төслүүд экспортыг дэмжих төсөлд ирсэн байна. Импортыг орлох төслүүд дийлэнх хувийг нь эзэлж байгаа төдийгүй барилгын материалын үйлдвэрийн чиглэлийнх зонхилжээ.
Хамгийн багадаа таван сая төгрөг, ихдээ 285 тэрбум төгрөгийн зээл хүссэнийг ЭЗХ-ийн сайд хэллээ. Нийт төслийн 524 нь Улаанбаатарт хэрэгжихээр саналдаа тусгасан бол дараа нь Дорноговь аймагт хэрэгжүүлэх цементийн үйлдвэрлэлийн төслүүд, Дархан-Уул, Орхон, Төв аймгийг иргэд сонгожээ. Харин байршил тодорхой заагаагүй 53 төсөл бий аж.
Зээлийг төгрөгөөр, таван жил хүртэлх хугацаагаар, хүү нь жилд есөн хувиас илүүгүй, арилжааны банкуудаар дамжуулан олгох юм байна. Эхний жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлөөр хангасан гэлээ. Арилжааны банк өөрсдөө сонгож, төслөө өгөхөд Хөгжлийн банкинд саналаа ирүүлж, санхүүжүүлнэ. 888 төсөл дунд ижил төстэй нь олон байгаа учир салбарын яамнаас нь тухайн бүтээгдэхүүний талаархи судалгаа, тооцоо бодлогын дагуу хамруулах аж. Монголбанк, Хөгжлийн банк арилжааны банк хамтран гэрээ байгуулах юм. Монголбанк хяналт тавин ажиллах юм байна. 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт хүссэнийг арилжааны банкуудтай Хөгжлийн банкныхан ярилцаад үүний 50 орчим хувийг санхүүжүүлэх бололцоотой гэж үзжээ. Нэмэлт эх үүсвэр гаргах асуудлыг тухайн төслийн явцыг харж байж шийдэх гэнэ.
Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн судалж, шалгаруулсан бэ?
-Санхүүгийн эх үүсвэрийг Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудын хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Экспортыг дэмжих, импортыг орлох чиглэлийн төслүүдийг судалж, 888 төсөл хэрэгжүүлэхэд есөн их наяд төгрөгийн эерэг нөлөө эдийн засагт өгнө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Энэ 888 төсөл нэг жилийн дотор хэрэгжинэ гэж байхгүй ч боломжтой, үр өгөөжөө өгөх бололцоотой төслүүдийг шалгарууллаа.
-Ямар төслүүд шалгарсныг хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан өнөөдрөөс эхлэн бүх мэдээллийг цацна. Төслүүдтэй холбоотой болон шалгаруулалтын талаар болон бүх мэдээлэл цахим хуудаст байгаа.
-Санхүүжилтийг хэрхэн зохицуулж байгаа вэ. “Чингис”, “Самурай” бондоос төслүүдийг санхүүжүүлнэ гэж байсан?
-Нийт төслүүдэд хэрэгтэй санхүүжилтийн гуравны нэг хүртэлх хэмжээг Засгийн газрын эх үүсвэрээс гаргана. Үүнд “Самурай” болон “Чингис” бонд орсон. Мөн Монголбанк арилжааны банкуудтай хамтран нэмэлт санхүүжилтийг гаргах боломжтой болох байх. Бүх зүйлийг тодорхой болохоор мэдээллийг олон нийтэд өгнө.
-Гуравдугаар сарын 15-нд санхүүжилтийг олгож эхлэнэ гэсэн ч хойшилсон. Эхний ээлжийн төслүүдийг хэзээнээс санхүүжүүлэх вэ?
-Тавдугаар сард багтааж санхүүжилтээ олгоно гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. 1151 төсөл тус бүрт ажиллаж, нэг төсөлд нь 100 гаруй төрлийн мэдээлэл гаргасны үр дүнд одоо нэлээн ул суурьтай мэдээлэлтэй болсон. Энэ мэдээлэлдээ тулгуурлаад цаашдаа санхүүжилтээ цаг алдалгүй хийнэ.
-Зээлд хамрагдаж чадаагүй бол өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой юу?
-Засгийн газраас 2013 онд экспортыг дэмжих хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөр 2017 он хүртэл нийт таван жил хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд төслүүдийн тоо, чанарыг нэмэгдүүлж, санхүүжүүлэх боломжтой.
-“Чингис” болон “Самурай” бонд ам.долларын зээл учир хүү нь ханшийн хэлбэлзлээс шалтгаалж өсч байгаа. Шалгарсан төслүүдэд ес хүртэлх хувийн хүүтэй зээл олгоно. Төгрөгийн зээл нь бондын төлбөрийг эргүүлэн төлөхөд асуудал болохгүй юу?
-“Самурай” болон “Чингис” бондыг эргэн төлөхөд хангалттай хүрэлцэх хэмжээний нөхцөл тавьж байгаа. Алдагдал гарахгүй, зээл авсан хүмүүст ч хүндрэл гарахгүй байхаар зохицуулна.