Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ДАВААЦЭРЭН: 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАЙДВАРГҮЙ АВЛАГЫГ 20 ТЭРБУМААР БУУРУУЛЛАА

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар  Ц.Даваацэрэн томилогдоод нэг жил боллоо. Тус үйлдвэрийн захирлууд өнгөрсөн баасан гарагт ажилчиддаа болон иргэдэд нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа анх удаа нээлттэй тайлагнасан юм. Үүний дараа сэтгүүлчидтэй уулзаж сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн:

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллахын тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Дэлхийн зах зээл хямралтай байна. Үнэт металлын үнэ энэ жил санасан хэмжээнд хүрч чадахгүй нь тодорхой. Тухайлбал, зэсийн үнэ өнгөрсөн онд 1000 гаруй ам.доллараар буурсан. Бидний хувьд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг тохируулж чадахгүй тул үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах ёстой. Тиймээс хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж буй юм. Аль болох бага зардлаар үйлдвэрийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахыг хичээж ажиллаж байна.
-Улсын төсөвт өнгөрсөн онд хэдэн төгрөг төвлөрүүлэв. Төлөх татварын тань хувь хэмжээ ямар байдаг вэ?
-Улсын болон орон нутгийн төсөвт өнгөрсөн онд 520 тэрбум төгрөг  оруулсан. Төрийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх татвараа  дунджаар 18 хувиар төлдөг. Энэ бол харьцангуй өндөр татвар юм. Гэвч бид үүнийг татварын дарамт гэж хардаггүй. Үүрэг даалгавар хүлээсэн хариуцлагаа биелүүлээд ажиллаж байна. Хамгийн гол нь дахин хэлэхэд зардлаа хэмнэж ажиллах нь чухал. Манай үйлдвэр 35 жил тасралтгүй ажиллахдаа дөрвөн сая гаруй тонн цэвэр зэстэй баяжмал үйлдвэрлэж экспортолсон. Мөн дөрвөн их наяд гаруй төгрөг улсын төсөвт оруулаад байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Алтанхуяг:

-Эрдэнэт үйлдвэрийн агуу­лахад өдөр бүр хэрэглэсэн ч 10 жилдээ барахгүй бээлий бий гэсэн яриа гарсан. Хэдий хэмжээний бараа материал нөөцөлдөг юм бэ?
-Эрдэнэт бол маш том үйлдвэр. Тасралтгүй ажилладаг үйлдвэр хоног, сар, жилд хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгааг  хүмүүс гадарладаггүй.
Эрдэнэт үйлдвэрт 6000 гаруй хүн ажилладаг. Манай үйлдвэрийн агуулах бол дэлгүүрийн агуулах биш. Гэхдээ ороод харахад их хэмжээний бараа бий. Үйлдвэрийн хажууд  оёдлын цех байгаа. Бид ажлын бээлийгээ энэ цехээс авдаг. Түүнээс биш Эрээнээс авч ирсэн бараа биш. Өөрсдөө зардал гаргаад ажлын бээлийгээ хийж байгаа тул их хэмжээгээр үйлдвэрлэж хураах шаардлага байхгүй. Агуулахад байгаа бээлий дээд тал нь нэг сарын л хэрэглээ. Дэлгүүрийн агуулах биш тул  элдэв янзын их хэмжээний бараа юм шиг харагдах байх. Үүнийг үзсэн зарим хүн өөрийнхөө төсөөллөөр буруу тайлбарладаг юм.
-Тэгэхээр үйлдвэрийн агуулахад хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн байгаа вэ гээд лавлаад асууж болох уу?
-Манай агуулахад 120 орчим тэрбум төгрөгийн барааны үлдэгдэл бий. Энэ нь төсвийн байгууллага, жирийн дундаж  аж ахуйн нэгжийн хувьд том дүн сонсогдох байх. Зогсолтгүй ажилладаг том үйлдвэрийн хувьд энэ бол бага байна гэсэн үг. Тухайлбал, өдөрт 10 вагон нүүрс  хэрэглэнэ. Үүний мөнгөн дүн их л гарна.  Ган бөмбөлөг 24 цаг хэрэглэж байна. Үнийг нь бодоод үзвэл бас л өндөр дүн гарна. Тэгэхээр бид нэг сарын нөөцөө л бэлдэж чадвал их юм. Бид ингэж бэлтгэж чаддаггүй. Хэрэгцээт барааныхаа 80 орчим хувийг гадаадаас импортолдог. Хэрэгцээт бараагаа бид хангалттай нөөцөлж чадахгүй бол тасралтгүй ажилладаг том үйлдвэрт нөхөж барашгүй эрсдэл үүсч болзошгүйг тооцох ёстой.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн:

-Шахааны бизнес гэдэг зүйл “Эрдэнэт” үйлдвэрт байсан гэдгийг үгүйсгэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэлээд бичиж, ярьдаг байсан. Хардаж сэрддэг байлаа. Бид тодорхой бодлого хэрэгжүүлж ийм зүйл байхгүй байлгахыг хичээж байна. Энэ нь нэг талаасаа үйлдвэрийн өртөг зардалд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр зах зээлийн бодит үнээр хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ үнэлж авахыг зорьдог. Агуулахад байгаа барааны талаар сая ярьлаа.  Норомчилсон үлдэгдэл гэж агуулахад баримталдаг бодлого бий. Өөрөөр хэлбэл гурав, зургаан сар, эсвэл жилийн нөөц хадгалж байх хэрэгтэй юу гэдэг асуудал. Тасралтгүй үйл ажиллагаа явуулах, аюулгүйн үүднээс бараа бүтээгдэхүүн материалын төрөл тус бүр дээр нөөц бүрдүүлэх учиртай. Агуулахад хэрэгцээнээс хэтэрсэн  бараа материал байгаа гэсэн ойлголт буруу юм. Ер нь, агуулахад байсан бараа материалд он удаан жил хадгалагдсан хэрэглээний шаардлага хангахаа байсан зүйл бий. Үнийн дүн нь найм орчим тэрбум төгрөг гэж тооцсон. Үүнийг  бид өнгөрсөн онд тоолж үнэлгээ тогтоосон. Тэгээд шаардлагатай газарт нь борлуулах, хэрэггүй болсныг нь устгасан. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт бараа материал өндөр үнээр нийлүүлсэн гэсэн мэдээлэл олон таа гардаг. Шахааны бизнес гэдэг зүйлийг яаж зогсоох ёстой вэ?
-Бид бараа, материалаа зах зээлийн бодит үнээр авдаг болвол шахааны бизнес гэдэг зүйл алга болно. Өнгөрсөн оноос эхлээд маркетинг болон эдийн засгийн  бодлогоо уялдуулж өглөө. Ингэснээр зах зээлийн бодит үнийн судалгаа хийж байна. Иймд хангамжаар нийлүүлэгдэж байгаа бараа материалын үнэ зах зээлийн судалгаагаар тогтоогдох болсон. Тэгэхээр шахааны бизнес гэдэг зүйл устсан гэсэн үг.
-Эрдэнэт үйлдвэрт бараа, материал нийлүүлнэ гэж гэрээ хэлцэл хийж урьдчилгаа мөнгө аваад алга болсон найдваргүй компаниудын жагсаалт гаргасан гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгөөч?
-Найдваргүй компаниудын жагсаалтыг гаргаад олон нийтэд зарласан. Энэ “хар дансанд” 105 компани орсон. Эдгээр компани цаг хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараа, материалаа нийлүүлээгүй. Зарим нь урьдчилгаа мөнгө аваад алга болсон. Мөн энэ жагсаалт гаргаж зарласнаас хойш тухайн хугацаандаа амжаагүй ч хүлээсэн үүргээ биелүүлсэн  компани ч бий. Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн компани ч байгаа. Өнгөрсөн оны байдлаар 37 тэрбум төгрөгийн найдваргүй авлагатай байсан.  Ингээд Өр барагдуулах алба тусад нь байгуулан ажиллаж буй. Үүний хүчинд найдваргүй авлага 20 орчим тэрбум төгрөгөөр буурлаа. Гэвч бараа материал нийлүүлэх гэрээ хийж  урьдчилгаа мөнгө аваад хил гараад зугтаасан нөхөд ч бий. Хууль хяналтын байгууллага тэдгээр нөхдийг  шалгаж байна.    
-“Жаст групп”-д зээл авахад нь өмнөх удирдлагууд нь баталгаа гаргаж өгсөн гэсэн хэрэг өнгөрсөн онд гарсан.  Яг юу болсон талаар нь тодорхой мэдээлэл өгөх боломж бий юу?
-Тийм.  “Жаст гурпп”-д “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн гэдэг асуудал гарч ирсэн. Лондон хотод шүүх хурал нь болж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудын гарын үсгийг  хуулбарлаж, хуурамч баталгаа хийгээд ӨАБНУ-д байдаг “Стандарт” банкны салбараас 109 сая ам.доллар авсан хэрэг гарсан. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаад “Жаст групп”-ийн захирал хуурамч бичиг баримт үйлдсэн байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр энэ хэрэгт холбоогүй нь батлагдсан гэсэн үг юм.
-Үйлдвэрийн мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Манай үйлдвэр Шинжлэх ухаан технологийн их сургуультай. Үүний дэргэд Мэргэжил сургалтын төвтэй. Тэндээ ажилтнаа бэлтгэдэг. Мөн “Оюу толгой”,  “Энержи ресурс” компаниудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж өгсөн.
-Том үйлдвэрүүдэд хог хаягдлын зайлшгүй асуудал тулгардаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд цагаан тоос дэгдээхгүй байх ажил гардаг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Үйлдвэрт ашигласан усаа хиймэл нуурт хадгалдаг. Энэ нуураас хуурайшилт их, салхитай үед цагаан тоос дэгдэж байна гэдэг асуудал хөндөгддөг юм. Уг нуур эрдэс баялгийн агуулагатай тул үүсмэл орд. Ашигт малтмалын хуульд үндсэн бас үүсмэл орд гэж тусгасан байдаг.  Үүсмэл орд гэдэг нь уулын үйлдвэрээс гардаг дахиад ашиглаж болох эрдэс баялгийн агуулагатай овоолого, хиймэл нуурыг  хэлнэ.  Эдийн засгийн хувьд ашигтай гэж тооцогдсон, технологи сайжирсан үед эргээд ашиглаж болно. Гэтэл зарим хүн үүнийг хаягдал гэж ойлгоод булшлах тухай ярьдаг. Хамгийн гол нь энэ хиймэл нуураас цагаан тоос дэгдэхгүй байх арга хэмжээ авах учиртай. Хур бороо их, чийгтэй үед цагаан тоос дэгддэггүй. Өнгөрсөн жил хур бороо их байсан тул цагаан тоосны асуудал гараагүй. Бид цагаан тоос үүсгэхгүйн тулд чийглэх, хучих   ургамалжуулах талаар судалгаа шинжилгээ хийж тодорхой арга хэмжээ авч байгаа. Хиймэл нуурыг хамаагүй оролдож болдоггүй зүйл. Учир нь далан нь сэтэрч ус алдаад байгаль орчинд хор хөнөөл учруулж магадгүй юм. Иймд хиймэл нуур өндөр хяналтанд байдаг.
-Ойрын хугацаанд үйлд­вэр­лэлээ нэмэгдүүлэхээс гадна ямар ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө байгаа вэ?
-Хийх ажил их байна. Энэ онд үйлдвэрийн өргөтгөлийн хоёр төслийн ажил хийж дуусгахаар төлөвлөсөн. Тухайлбал баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг  дуусгана. Үүнээс гадна Эрдэнэт хотод үйлдвэрийнхээ дэргэд Эмчилгээ  оношлогооны төвийн ажил хийх ёстой. Үүнд 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгээд хөнгөлөлтэй зээл авах судалгаа хийж байгаа. Урт хугацаатай бага хүүтэй зээл олох шаардлага бий. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлтээ дандаа зээлийн хөрөнгөөр хийж ирсэн байна. Иймд өр нэлээд хуримтлагдсан юм. Энэ өрөө ойрын хугацаанд багасгах, барагдуулах бодит ажил бас хийх учиртай. Богино хугацаатай зээл үйлдвэрийн эдийн засагт хүндрэл учруулдаг. Гэвч бид өргөтгөлөө энэ онд хийж дуусгана. Цаашид цахилгаан станцад  48-50 Мегаваттын өргөтгөл хийнэ. Ил уурхайн авто тээврийг багасгаж конвейр нэвтрүүлнэ. Төслийг боловсруулж байгаа. Мөн баяжуулах үйлдвэрийн бутлуурыг сайжруулах ёстой. Төрөөс дэмжих гол асуудал гэвэл жилийн  ногдол ашгаа өргөтгөл шинэчлэлийн эх үүсвэрт зарцуул гэж үлдээвэл манай үйлдвэрийн санхүүгийн байдал болон үйл ажиллагаа жигдэрнэ.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу:

-Нэг тонн хүдэр дэх зэсийн агууллага буурч буй гэдэг. Тэгэхээр жилийн үйлдвэрлэлийн хэмжээгээ хэвийн барихын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Анх Эрдэнэтийн овоо далайн түвшнээс дээш  1606 метр байсан. Уурхай нээгдсэнээс хойш өнөөдөр 1265 метр боллоо. Уурхай нээгдэх үед нэг тонн хүдэр дэх зэсийн агуулага нэг орчим хувьтай байсан. Ингээд 35 жилийн хугацаанд хүдэр дэх зэсийн агуулага багассан юм. Манай баяжуулах үйлдвэр жилд 26.5 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Нэг тоннд нь 23-24 хувийн зэсийн агуулагтай 550 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байна. Зэсийн агуулага буурч буй тул  боловсруулах хүдрийнхээ хэмжээг нэмэгдүүлэх өргөтөл хийж эхэлсэн. Манай баяжуулах үйлдвэрийн хүчин чадал өсч жилд 36 сая тонн хүдэр боловсруулдаг болно. Ингэж байж жилд 118 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэнэ. Урд өмнө нь дандаа зээл авч гол ажлаа хийж ирсэн. Иймд өргөтгөл шинэчлэлт хийх сан бүрдүүлж амжаагүй. Өнөөгийн тооцоогоор өргөтгөлийн ажилд 51 сая ам.доллар шаардлагатай байгаа. Одоогоор 73 сая ам.доллар зарцуулж тоног төхөөрөмжийнхөө 90 хувийг худалдаж авсан юм. Энэ онд амжуулах гол ажил үйлдвэрийн өргөтгөл.  
-“Эрдэнэт” үйлдвэр ашиглал­тад орсон үеэс л цэвэр зэс гаргах тухай ярьж ирсэн. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Эцсийн бүтээгдэхүүн гаргах бол бидний гол мөрөөдөл. Зэс хайлах үйлдвэр барихын тулд олон төрлийн судалгаа хийж байна. Бор-Өндөрийн уурхай хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэдэг. Үүнийг гаргахад хүхрийн хүчил ашигладаг. Тэгэхээр зэс хайлахад гарсан хүхрийн хүчлээ уг үйлдвэрт нийлүүлж болно. Хоёр үйлдвэрийн мэргэжилтнүүд уулзаж судалгаа шинжилгээ хийж байгаа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Найдваргүй авлага тийм хурдан буурсан бол найдваргүй ибш байжээ. зүгээр л авлагыг 20, тэрбумаар бууруулсан гээд хэлчихээч.
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас 99084179
Хамгийн их уншсан