Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Уг хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээг тогтоосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг мөн ам.доллараар тогтоосон. Үүнээс үүдэн ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг. Харин ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хууль санаачлагч хэллээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ.
Ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцын түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримтлан боловсруулсан гэнэ.