Амьд барби нэрээрээ сүүлийн жилүүдэд олны танил болоод байгаа украйн бүсгүй Валерия Лукянова хоол идэхээ больсон гэнэ. Тэрээр бүр шингэн зүйл уухаа ч болиод, зөвхөн агаар, гэрлээр "хооллох" туршилтыг алгуураар хийж эхэлжээ.
Үнэхээр барбинаас ялгарахааргүй дүр төрх, бие галбирыг бий болгож чадсан түүнийг мэс засал, фотошопын ачаар өөрийгөө хүүхэлдэй шиг харагдуулж чаддаг гэлцдэг. Гэвч тэрээр барби шиг нарийхан бэлхүүс нь маш бага иддэгтэй холбоотой гэдэг. Үүнийгээ ч батлан харуулж, мөн бие галбираа энэ хэвээр нь хадгалахын тулд огт хоол хүнс идэхээ больж байгаа нь энэ аж. Тэрээр сүүлийн хэдэн долоо хоногт огт юм идээгүй атал огтхон ч өлсөхгүй байгаа гэдгээ яриад яваандаа нарны гэрэл, агаараар хооллох нь дадал болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Валерия Лукянова хүний санаанд багтамгүй этгээд зүйл ярьж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрээр өөрийгөө гэрлээр дамжуулан нөгөө ертөнцийнхөнтэй харилцдаг хэмээн ярьдаг.