Өнгөрсөн оны сүүлчээр Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1674 төгрөг байсан бол нэгдүгээр сард 1714 төгрөг болсон. Одоо нэг ам.доллар 1783 төгрөгтэй тэнцэж байна. Ханшийн энэ өсөлт гэнэт нэг өдөр гараад ирсэн зүйл биш. Сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд эх орон ард түмэн хэмээн цээжээ дэлдэгсдийн балаг гэж хэлж болно. Учир нь гэнэтийн ашгийн 68 хувийн, “урт нэртэй”, Стратегийн салбарт хөрөнгө оруулагчдыг хязгаарлах тухай гээд олон хууль тогтоомж ар араасаа батлагдсантай холбоотой. Эдгээр хууль тогтоомжийн “ачаар” төв банкинд жилд тушаагдсан алтны хэмжээ огцом буурсан, орж ирэх хөрөнгө оруулалт татарсан билээ. Тодруулбал, 2012 оны хагас жилээс хойш манайд орж ирэх хөрөнгө оруулалт буурч эхэлсэн байдаг. Нөгөө талаар гадаад валютын урсгал нэмэгдэж улсын төсвийн орлого халгиж цалгиж байх үед орж ирсэн хэдийгээ баруун солгойгүй цацчихсан популист амлалт ч бас үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлах нэг л гарц байгаа. Тэр нь Монгол руу орж ирэх гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх юм. Иймд Монголбанк арилжааны банкууд олон улсын зах зээлээс гурав болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр татсан гадаад валютыг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийд гаргасан. Ингээд арилжааны банкуудтай спов хэлцэл хийж эрсдлийг нь хуваалцах юм. Өөрөөр хэлбэл, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж зээлийн хүү, ханшийн эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үзжээ.
Үүнээс гадна манай эдийн засагт гэрэл гийх эерэг үзүүлэлт ажиглагдав. Тэр нь он гарснаас хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт 52 сая ам.доллараар нэмэгдсэн мэдээлэл бий. Энэ бол гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр байсан үетэй харьцуулбал бага тоо. Гэхдээ л чамлахаар чанга атга гэдэг дээ. Манай улсад жилд 4-5 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирдэг байв. Гэтэл өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хэмжээ 50-60 орчим хувиар буурсан. Тодруулбал, 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тасарсан судалгаа гарсан юм.
Гадаад худалдааны алдагдал 13 дахин буурлаа
Манай улсын гадаад валютын албан нөөц нэгдүгээр сарын байдлаар 2.4 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас 8.8 хувиар өссөн үзүүлэлт. Гэвч өнгөрсөн оны нэгдүгээр сарынхаас 40.1 хувиар буурчээ.
Гадаад валютын өсөлт импортын барааны үнийг өсгөдөг ч дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг сайн талтай. Дотоодын үйлдвэрлэл хэдий чинээ өснө манай улсын эдийн засаг тэр хэмжээгээр бэхжиж бидний хүссэн хүсээгүй ч цалин хөлс нэмэгдэнэ. Тэгэхээр ам.долларын ханш өслөө гэж ойрыг харж, өрөөлийг дуурайн уурлаж бухимдах нь илүүц юм. Ханшийн энэ өсөлт ам.долларын зээл авсан, импортын бараа борлуулагчдад л хүнд цохилт болж буй нь мэдээж. Түүнээс биш ёстой нөгөө Долоон буудлын Должин эмээ, Дэнжийн мянгын Даш хоёрт падлийгүй. Жижиг дунд үйлдвэрлэгчид маань өнөөдөр бор зүрхээрээ боломжийн хэрээрээ оймс, гутал, цамц хийж байна. Гэтэл төрөөс жижиг дунд үйлдвэрлэгчдээ харж үзээд байгаа гэдэг ч олигтой дэмжлэг үзүүлж орлогыг нь нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлт хийх, эргэлтийн хөрөнгийн гачаалаас гаргаж чаддаггүй билээ. Харин гадаад валютын ханшийн энэ өсөлт төрийн үзүүлж чадаагүй хайр ивээлийг тэдэнд өгнө гэсэн үг. Монгол Улсын гадаад худалдаа байнга л алдагдалтай явж ирсэн. Энэ алдагдлаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын ашигт малтмалын орлогоос нөхөж байлаа. Жишээлбэл, 2011-2013 онд гадаад худалдааны алдагдал дунджаар 204 сая ам.долларт хүрсэн. Өнгөрсөн сарын байдлаар энэ алдагдал 13 дахин буурч, 16 сая ам.доллар болжээ. Тэгэхээр онцын шаардлагатай бус, өргөн хэрэглээний биш импортын бараа буурч, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгаа бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь дэмжих эрүүл өнцөг гарч ирж буйг илтгэж байна.
Төлөвлөсөн экспортоо хийж байж ам.долларын урсгал нэмэгдэнэ
Гадаад валют орж ирэх нэг урсгал нь ашигт малтмалын экспорт. Ингээд экспортын ашигт малтмалын талаар дор өгүүлье. Нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрс, алт, молибденийн экспортоос улсын төсөвт 5.3 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлжээ.
Өнөөдөр нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл унаад буй. Нэгдүгээр сард 1.4 сая тонн нүүрс экспортолсон тоо бий. Энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно гэж улсын төсөвт тусгасан. Уг нүүрсний үнийн дүн нь 2.7 сая ам.доллар болох тооцоотой.
Зэсийн баяжмал 85.1 мянган тонныг экспортолжээ. Улсын төсөвт тусгаснаар 1.2 сая тонн зэсийн баяжмал борлуулж 391.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө бий. Экспортод гарах уг баяжмалын үнийг хоёр сая гаруй ам.доллар гэж тооцож байна. Одоогоор 397 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэжээ. 2014 онд 13.6 сая ам.долларын үнэ бүхий 2.9 мянган тонн молибденийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн. Алтны нөөц ашигласны төлбөр 2.5хувь болсон. Тэгэхдээ олборлосон алтаа Монголбанкинд тушаавал тэр шүү дээ. Үүний ачаар алт тушаалт нэмэгдэж эхэлжээ. Он гарснаас хойш өнөөг хүртэл Монголбанкинд 1320 кг алт тушаасан аж. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Цаашид ч энэ эрчээ алдахгүй гэж төв банк болон Уул уурхайн яамны мэргэжилтнүүд үзжээ. Энэ онд 31.4 тонн алт олборлож улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Тэгвэл оны эхний сард 420 кг алт олборлосон байна. Төлөвлөгөөгөөр бол 1.2 сая ам.долларын 26.3 тонн алт экспортлох юм.
Төмрийн экспорт жил бүр нэмэгдэж байгаа. Уг ашигт малмалын олборлолтоос улсын төсөвт 146.2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Ингээд 7.8 сая тонн төмөр экспортолж 844.1 сая ам.доллар олох тооцоо хийжээ. Жоншны үйлдвэрлэл буурсан тал бий. Гэвч дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийн савалгаа нь бага байна. Жоншны үйлдвэрлэлээс энэ онд улсын төсөвт 18.8 тэрбум төгрөг оруулна. Тэгэхээр 84 сая ам.долларын үнэтэй 315 мянган тонн жонш экспортлоно гэсэн үг.
Энэ бүгдээс үзвэл ам.долларын ханшийн өсөлтийг хазаарлаж чадах нөөц бололцоо манай эдийн засагт байна. Гагцхүү төлөвлөсөн экспортоо хийж чадах эсэхээс л бүх зүйл хамаарах нь. Хамгийн ээдрээтэй экспорт бол нүүрснийх. Яагаад гэвэл нэг тонн нүүрсний үнэ өсөх магадлал тун бага. Судлаачдын хэлж буйгаар манай экспортын нүүрс одоогоор нэг тонн нь 40-50 ам.доллар байгаа. Ийм үнээр нүүрсээ борлуулбал ашиг бараг гарахгүй гэдэг. Ашиг гаргахын тулд компаниуд үйлдвэрлэл, тээвэрийн гээд бүх зардлаа танах шаардлага бий юм. Харин төр засгаас 24 төрлийн татвар хураамжаа цөөлөх, хувь хэмжээг нь бууруулж өгөх нь зүйтэй ажээ. Эцэст нь хэлэхэд, улсын гадаад валютын орлого нэмэгдэж байж ханш буурна. Энэ мөнгийг эдийн засагтаа зөв шингээж байж иргэдийн халаасанд буй хэдэн төгрөгийн худалдан авах чадвар хэвийн байх юм.