Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сая заан, цагаан шүхрийн орноор аялсан тэмдэглэл



"Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялал"-ын
тэмдэглэл №3



Лаосын нийслэл Вьентьян хот
------------------------------------
Өчигдөр орой ярьж тохиролцсныхоо дагуу бид энэ өдрийг 6,8 сая хүн амтай 82 ялгагдах хэл бүхий 160 гаруй угсаатан ястны өлгий болсон Лан Санг Хом Кхао буюу Сая заан, цагаан шүхрийн орны нийслэл Вьентьян хотоор аялаж өнгөрүүлхээр шийдсэн юм.

Үүргэвчтэй аялалын алтан дүрэм гэж хэлж болох хамгийн хямд төсөр унаагаар бид Монгол оюутнуудынхаа моторт хөлөг болох мотоциклүүдийг сонголоо. Оюутнуудын амралт эхэлсэн байсан нь бидэнд зол болж бидэнд газарчлах, туслах Тэнүүн, Пүүжээ дүү нар маань завтай байлаа. Бид оюутны байрнаас хөдлөөд хамгийн эхний шатахуун түгээгүүрээс 50000 кипд \1USD=8006 LAK, 1 MNT = 4,7 LAK\ банкаа дүүргэж аваад хөдөллөө. Суудлыг нь сөхөж байж шатахуун хийдэг энэ жижиг мотоциклууд бидний найдвартай хөлгүүд юм шүү.

Бид эхлээд Францчууд Лаосыг клониосоо гаргахдаа бэлэглэсэн гэж ярьдаг одоогийн тэдний ялалт, тусгаар тогтнолын бэлгэдэл болон сүндэрлэх Патуксайг очиж сонирохлоо. 1957-1968 оны хооронд баригдсан энэхүү нүсэр байгууламжийн оройн болон ханын чимэглэлүүд нь үнэхээр уран хийцтэй бөгөөд олон төрлийн шашны бурхадын дүрийг оршоосон байна. Байгууламжийн ерөнхий төрх нь европжуу хийц маягтай боловч нарийн чимэглэлүүд нь Сиамын болон бусад дорно дахины онцлогийг агуулсан нь үнэхээр гайхалтай. Та 3 орчим мянган төгрөг төлөөд энэхүү байгууламжийн оройд гарснаар Вьентян хотыг тэр чигээр нь тольдон харах боломжтой.

Энд тэндгүй Сиамын барилгын гайхамшигтай хийцийг харуулсан олон сүм дуганууд харагдахаас гадна. Миконг мөрнийг дагасан жуулчид буудаллах өндөр зэрэглэлийн өндөр байшинтай ресортуудыг ч харж болно. Ерөнхийдөө Вьентьян хот өндөр биш хот. Мөн замын хөдөлгөөн нь тийм ч нягтралтай биш боловч хөнгөн мотоцикл унасан хүмүүс маш ихээр холхилдон давхилддаг. Гайхалтай цэвэрхэн цэцэрлэгжүүлсэн гудамжнуудаас гадна халуун орны дал мод болон гадилын том далбагар навч бүхий моднууд ч энэ хотын бас нэг өнгө төрх болдог.
Патуксай хаалганы хажууд шинээр баригдсан засгийн газрын ордон нь байралдаг. Харин яг арын талбайг нь усан оргилуур болон халуун орны моддоор донжийг нь олон чимэглэсэн нь үзэсгэлэнтэй.

Дараагийн очиж үзсэн нэгэн гайхамшигтай цогцолбор бол Лаосын ард түмний ариун шүтээн алтан суварга юм. 140 Фүүтийн өндөртэй That Luang буюу Анхны суварга гэх энэхүү архитекторын болон оюуны үнэт байгууламжийг анх Лаосын тухайн үеийн хаан Sethathirath 1566 онд байгуулжээ. Гэвч 1828 онд энэ бүс нутгийн хамгийн нөлөө бүхий эзэнт гүрнийхэн буюу Сиамчууд нэг удаа энэхүү ариун шүтээнийг тонож байсан бөгөөд 1900 онд Францчууд 1935 онд Лаосчууд өөрөсдөө сэргээн засварласан түүхтэй ажээ.
Жил бүрийн 11 сард энэхүү суваргыг тахих баяр болдог бөгөөд Лаосын өнцөг булан бүрээс мөргөлчид ирж хувь заяагаа даатган өргөл өргөдөг уламжлалтай юм билээ.

Энэхүү суваргын өмнө анх бариулсан Ситхатират хааны хөшөө байх бөгөөд эргэн тойронд нь Буддын шашны гайхалтай бурхад бүхий сүм, дугануудыг байрлуулсан нь нэг тийм ихэмсэг орчныг бүрдүүлж чадсан байгаа юм.
Та байнга нээлттэй байх сүм хийдүүдээр үнэгүй тэгэхдээ гутлаа тайлж орон мөргөж болох бөгөөд суваргын зүүн хойд талд байрлах асар том хэвтэж байгаа Буддагийн барималд ч мөргөж, зургаа авахуулах боломжтой.
Суваргын арын талбайд жуулчдад зориулсан гар урлалын болон мөнгөн эдлэлийн жижиг зах ажилладаг тул та өөрийн дурсамжид зориулан тодорхой зүйлсийг худалдан авах боломжтой.

Үүний дараа бид жуулчдын гудамж хэмээн нэрлэгддэг Самсонайт гудамжруу очиж дараагийн аялалын тасалбараа авахаар явлаа. Уг гудамж нь Миконг мөрний эргээс эхлэх бөгөөд дугуйрсан тойрог маягийн хэд хэдэн жижиг гудамжнаас тогтдог юм байна. Та энэ гудамжинд хэнтэй нь ч Англи хэлээр ярих боломжтой бөгөөд Лаосд болон хөрш орнуудруу аялах аялалын бүх л үйлчилгээг авах боломжтой. Гэвч яаралгүйгээр хооронд нь харьцуулж байж сонгохгүй бол зэргэлдээ хоёр хаалганд ч үнийн зөрүү байхыг үгүйсгэхгүй.

Аль ч газрын жуулчдын гудамжинд байдгийн адил энд ч бас гар урлал, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, арт галерей, гудамжны үзэсгэлэн, аялал жуулчлалын агентуудаас гадна тохилог бар, кафе, кофе шоп, ресторанууд ч хааа сайгүй. Мөн өмнө дурьдаж байсанчлан өндөр зэрэглэлийн ресорт, зочид буудлуудаас эхлээд хамгийн хямд дэн буудлууд ч энэ бүсд байгаа.
Бид хугацаагаа сайн тооцоолсны эцэст VangVieng хэмээх шинээр хөгжиж байгаа аялал жуулчлалын бүсрүү явахаар хүний 50000 кип буюу 10000 төгрөг орчимоор билет захиаллаа.

Эцэст нь эх орны минь нэгээхэн хэсэг болсон элчин сайдын яамаараа орж элчин зөвлөх Жаргалсайхан ахтай уулзлаа. Жагаа ах ба түүний эхнэрийн зөвлөгөө бидний дараагийн аялалд тун их тус болсон бөгөөд далайд гарцгүй тэр жижиг улсын нийслэлд орших өөрийн гэсэн өөриймсөг сэтгэл эрхгүй төрөх элчин сайдын яамныхан үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм.

Лаос дахь Монголын элчин сайдын яамны хаяг: Q. Wat Nak Km3 Vientiane, Laos. Утас: (021)315.220, +856.21.315.220
Лаост байгаа оюутнуудтай болон Жаргалсайхан ахтай ярилцаж байхад Монголоос Тайландруу шууд нислэггүй байхад газраар талдаа 6 хонож байж Лаосд ирдэг гэж байхыг бодоход энэ бүсрүү хийх аялалын хугацааг Хүннү эйр компаний шууд нислэг үнэхээр богиносгосон нь харагдаж байна.
Илүү дэлгэрэнгүй сонирхолтойг зурагнаас үзээрэй.
Хүннү эйртэй хамт аялсан аялагч: Анжигай.Г, Ганхүү.Т

0 Сэтгэгдэл
харьд сурч байгаа монголчууд аялж яваа нутаг нэгтнүүддээ тусалж байгаад баярлаж байна.
харьд байгаа монголчууд нутаг нэгтэндээ тусалж байгаад баяр хүргэе
Хамгийн их уншсан