Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ариунаа Сүри: загвартаа сүнслэг чанарыг харуулахыг хичээсэн


Монголын загварын ертөнцийнхөн сүүлийн үед гадаадын зах зээлд өрсөлдөж, алдартай загварын долоон хоногт оролцох болсон. Хамгийн сүүлд дизайнер Катя Зол Нью-Йоркт болсон “Mercedes  benz” загварын шоунд оролцсон бол тун удахгүй дизайнер Ариунаа Сүри Япон улсад болох “Mercedes  Benz” шоунд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэж байна.

-Тун удахгүй Япон улсыг зорих гэж байгаа тухай сонслоо. Оролцох гэж байгаа “Mercedes  Benz” загварын шоуныхаа тухай танилцуулаач?
-Ирэх сарын 22-нд Японд болох “Mercedes  Benz” загварын шоунд 2015 оны намар, өвлийн загварын хувцаснуудаараа оролцохоор бэлтгэлээ базааж байна. Хамт явах багийн зарим хүн маань 17-нд түрүүлж очоод, шоундаа бэлтгэх учраас цаг тулчихсан ажил ихтэй л байна.

-Саяхан дизайнер Катя Зол Нью-Йоркт болсон “Mercedes  Benz” загварын шоунд оролцоод ирсэн. Үүнээс юугаараа ялгаатай юм бэ?
-Нью-Йоркт болдог Америкийн загварын долоо хоног ихэнхдээ шоу тал руугаа хөгжсөн байдаг. Харин Европынх нь илүү мэргэжлийн тал руугаа гэдэг ч юм уу өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг л даа. Харин Японы загварын долоо хоног нь Ази загварын чиг хандлагыг илүү түлхүү харуулсан байдаг.

-Тэгвэл таны загваруудад үндэсний хэв маяг илүү шингэсэн гэж ойлгож болох нь. Токиод танилцуулахаар бэлдсэн таны коллекцийн онцлог юу вэ?
-Энэ удаа эрэгтэй, эмэгтэй хувцаснуудаар оролцож байгаа. Эсгүүр, хэлбэрийг нь илүүд үзсэн гэх үү дээ. Арай өөр эсгүүрээр хувцсыг гаргаж болдгийг харуулсан.
Үндэсний хэв маягийн хувьд тэр бол бидний тодотгол, тодорхойлолт болж өгдөг. Аль ч загвартаа түүнийхээ тусгалыг аль болох харуулахыг хичээдэг. Энэ удаагийн коллекцдоо мөн сүнслэг чанарыг харуулахыг хичээлээ. Спираль гэж ярьдаг даа. Эхлэл бас төгсгөл нь нэг, эргэлдэж харагдаад байдаг. Анагаах ухаанд энэ хэлбэрийг хүнийг ховсдох, анхаарлыг нь татах гэж хэрэглэдэг. Загварын маань ард “The Lemons” хамтлагийн шинэ цомгийн дуунууд эгшиглэнэ. Ер нь, цогц уялдаа холбоотой болсон. Огторгуй, хоосон, хийсвэр орчинг илэрхийлсэн. “Underground” хэлбэрийг агуулсан загвар болсон. Яахав жаахан хүнд стиль байж магадгүй. Өөр нэг онцлог гэвэл маалинга өвснөөс гаргаж авсан даавуугаар хувцаснуудаа оёсон. Гэхдээ мэдээж ноос, ноолуур, савхи ч оролцуулсан. Голдуу маалинган даавуу ашигласан.

-Загварын долоо хоногт оролцох дизайнер бүрэн багтай явдаг шүү дээ. Загвар өмсөгчдөө сонгосон уу?
-Энэ шоунд бид “Mercedes Benz” гэсэн нэрийг зээлж л оролцож байгаа гэж хэлж болно. Гэрэл, цахилгаан, тайз, модель гээд бүгдийг нь худалдаж авдаг. Гэхдээ модель худалдаж авах нь дизайнерын л сонголт. Дизайнер мэргэжлийн модель худалдаж авах уу, эсвэл бүр энгийн хүмүүс оролцуулах уу гэдгээ шийднэ. Миний хувьд загвартаа таарах царай төрх, бие гээд бүгдийг л маш сайн харж байж авч явна. Заавал олны танил, шилдэг загвар өмсөгч гэхгүй. Гол нь манай шалгуурт тэнцэх эсэх нь чухал даа. Шалгаж байгаад долоон модель авч явна.

 Б.ЦЭДЭВ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан