Монголбанкнаас арилжааны банкуудын гадаад зах зээлийн арилжааг дэмжих зорилгоор “Урт хугацааны своп хэлцлийн журам” боловсруулан батлаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Своп хэлцэл нь арилжааны хамгийн эрсдэл багатай хэлбэр болохыг албаны хүмүүс хэллээ. Тодруулбал, төгрөгийг ам.доллараар солиулж аваад тохирсон хугацаандаа буцаан төлөх үедээ өнөөгийн ханшийг баримтлах зарчимтай. Ингэснээр хэлцлийн хугацаанд үүсэх валютын ханшийн өөрчлөлтөд талууд эрсдэл хүлээхгүй байх боломжтой юм. Арилжааны банк дансандаа их хэмжээний төгрөгтэй байхад үйлчлүүлэгч ам.доллар солиулахаар ирвэл теллерт гурван сонголт бий. Хамгийн муу нь арилжааг хойшлуулах буюу үйлчлүүлэгчээ өөр банкинд алдах. Үүний дараагийнх нь зах зээл дээрээс тухайн өдрийн ханшаар валют солиод авах. Гэвч энэ тохиолдолд ханшийн хэлбэлзэлд орох, алдагдал хүлээх магадлал их. Харин хамгийн сайн сонголт нь своп хэлцэл ажээ. Арилжааны банкны хүлээж болзошгүй ханшийн эрсдэлийг Монголбанк бүрэн хааж байгаа учраас своп хэлцэл рүү илүү идэвхтэй орох нь мэдээж.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дунд хугацааны своп хэлцлийг арилжааны банкуудтай хийж ирсэн бөгөөд мөнгөн дүн нь 300-400 сая ам.долларт хүрчээ. Харин одоо урт хугацааны буюу нэг жилээс удаан хугацаанд своп хэлцэл хийх бололцоо бүрдэж байгаа юм. Урт хугацааны эхэнд Монголбанк арилжааны банкуудаас ам.доллар худалдаж аваад төгрөг нийлүүлнэ. Своп хэлцлийн төгсгөлд төгрөгөө буцааж татаад ам.доллараа эргүүлэн олгох юм. Арилжааны банкууд урт хугацааны хэлцэлд оролцох хөрөнгөө гадаадын зах зээлээс босгох шаардлага тавьж байгаа бөгөөд тэр нь зээл эсвэл бондын хэлбэрээр байх аж. Жишээ нь, гурван жилийн хугацаатай бонд босгосон бол түүнийхээ ам.доллараа Монголбанкинд нийлүүлэн, төгрөг авахдаа своп хэлцлийн хугацааг мөн гурван жилээр тогтооно. Түүнчлэн ам.долларын нийлүүлэлтээ хэсэгчилж хийх боломжийг ч бүрдүүлжээ. Энэ бол гадаад валютын орох урсгалыг эрчимжүүлэх ач холбогдолтой ажиллагаа юм. Өнөөдөр ам.долларын албан ханш 1780.82 төгрөгөөр тогтож, арилжааны ханш түүнээс илүү гарчисан үед валютын орох урсгалыг эрчимтэй нэмэгдүүлэх нь эдийн засагт өгөөжтэй. Улмаар иргэн бүрийн хэрэглээний үнэ өсөхгүй байх боломжтой. Мөн нэг жил болон түүнээс урт хугацаанд хадгалсан хөрөнгийг гадаад валютын албан нөөцөд оруулж тооцно гэсэн Олон улсын валютын сангийн томъёолол байдаг. Үүнээс үзэхэд урт хугацааны своп хэлцэл нэмэгдэх нь гадаад валютын албан нөөцийг төдий чинээ өсгөнө. Улмаар валютын ханш огцом хэлбэлзэх, өөрчлөгдөх явдал багасах юм.
Засгийн газраас бонд босгох, хөрөнгө олох бололцоогүй үед арилжааны банк өөрийн чадавхид суурилж, өөрийн мэдлийн мөнгө босгож чадна гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр, арилжааны банк олсон ам.доллараа валют хэлбэрээр нь захад нийлүүлэх бус своп хэлцлээр төгрөг болгон хувиргаж зээл болгон ашиглах нь давуу тал. Ингэснээр валютын зээлийн үлдэгдэл өсөхгүй, харин ч валютын зээлийн чанарт эерэг нөлөөтэй. Сүүлийн үед ханшийн өөрчлөлтөөс хамаарч валютын зээл чанаргүй болж байгаа бол своп хэлцлийг урт хугацаагаар олгодог болсноор нөхцөл байдал өөрчлөгдөх ажээ.
Өнөөдрийн байдлаар валютын зээлийн хүү бага боловч эрсдэл нь өндөр байгаа. Үүний эсрэгээр ханшийн өөрчлөлтөд цохиулахгүй төгрөгийн зээл хүү өндөртэй тогтоод буй. Гэвч иргэд зөвхөн хүүг харж валютын зээл авдаг ч ханш хөдөлсөн үед зээлийн хүү даган өөрчлөгдөхөд эргэн төлж чадахгүй нөхцөлд хүрдэг байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанк ам.долларт зургаан хувийн хүүгээр хэлцэл хийж байгаа бол арилжааны банкинд 11 хувь болох юм. Үүний зөрүү нь ойролцоогоор 5.5 хувь бөгөөд своп хэлцлийн зардал тооцно. Уг своп хэлцлийн үндсэн хөрөнгийг гадаад зах зээлээс босгоход гарах зардлыг одоохондоо долоон хувиар тооцсон нь “Чингис” бондын үзүүлэлтэд тулгуурласан дүн ажээ. Дээрх хоёр дүнг нэгтгэснээр нэг арилжааны банк гадаад зах зээлээс ам.доллар босгоод Монголбанкинд своп хэлцэл хийж төгрөг болгон гар дээрээ авах хүртэлх нийт зардал гарна. Ойролцоогоор 12.5 хувьтай тэнцэх юм. Ойлгомжтой болгохын тулд нэг жишээ хэлье. Бид банкнаас зээл авахад 0.1 хувийг шимтгэлд төлдөг. Сар бүр 1.6-2.2 хувь хүртэлх хүү төлөх бөгөөд жилд 19.2-26.4 хувийн хүү төлөх юм. Үүний дээр бусад үйлчилгээний зардал, шимтгэлийг нэмээд ойролцоогоор 27 хувьтай тэнцэх зардал гаргадаг. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн зардал л гэхэд 8.2 хувь болдог аж. Тэгвэл урт хугацааны своп хэлцлийн хувьд ойролцоогоор 12.5 хувийн зардалтай байх юм.