Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдээд удаагүй байна. Гэтэл сүүлийн хэдэн өдөрт шатахуун түгээгүүрийн газруудад АИ-92 бензин авах авто машины дараалал үүсдэг боллоо. Энэ нь шатахуун түгээгүүрийн газарт өдөрт хоёр тонн АИ-92 бензин нормоор өгөх болсонтой холбоотой гэсэн яриа гарав. “Шунхлай” шатахуун импортлогч томоохон компанийн нэг. Тус компанийн зарим шатахуун түгээгүүрийн газар АИ-92 дууссан гэдэг бичиг наагаад долоо хонож байгаа аж. Тэгэхээр “АИ-92”-ын хомсдол нүүрлэж магадгүй бололтой. Шатахууны нөөц ямар байгаа талаар өчигдөр Уул уурхайн яамны холбогдох мэргэжилтнээс тодрууллаа. Өчигдрийн байдлаар АИ-92 бензин 30, А-80 бензин 46, дизелийн түлш 46 хоногийн нөөцтэй байна. Иймд шатахуун хомсдох учиргүй гэнэ. Харин “Шунхлай” компанид АИ-92 бензиний нөөц бага байгаа ажээ. Шатахуун импортлогчид жижиглэнгийн үнийг 90 төгрөгөөр нэмэх гээд 40 дээр тогтсон. Тэгэхээр дахиад нэмэх санаа сэдэж хиймэл хомсдол үүсгэв үү гэж асуух хэрэгтэй бололтой.