Испанийн Барселон хотод “Мобайл Ворлд Конгресс” үзэсгэлэн нээгдэж байгаатай холбоотойгоор “Firefox” браузерийг боловсруулагч “Мозилла” компани нь 25 ам.долларын үнэтэй смартфоныг өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Энэхүү смартфон буюу ухаалаг гар утас нь “Firefox” үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд Хятадын “Spreadtrum” компани Мозилла”-ийн захиалгаар үйлдвэрлэсэн юм байна. Утасны анхдагч хувилбар болохоор үндсэн үзүүлэлт, нэр зэргийг нь танилцуулсангүй. Утас нь Хятадын компаниас хямд смартфонуудад зориулан үйлдвэрлэсэн чипийг “Firefox” үйлдлийн системтэй хослуулаад ийм хямд үнэтэй ухаалаг утас гаргах боломжтойг үйлдвэрлэгчдэд бодитоор харуулах зорилготой байж. “Firefox” үйлдлийн систем анхнаасаа хямд утсанд зориулагдсан бөгөөд үнэ нь 80-100 ам.доллар байдаг.
“Мобайл Ворлд Конгресс” нь үүрэн телефон утасны салбарын хамгийн сүүлийн үеийн ололтыг харуулдаг дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Энд дэлхийд болон бүс нутагтаа нөлөөтэй гар утасны бүх оператор, үйлдвэрлэгч, гар утсанд зориулсан программ хангамж үйлдвэрлэгчид оролцдог. Үзэсгэлэнг Испанийн Каталон мужийн төв Барселон хотод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн хоёрдугаар сарын 24-27- нд болж өнгөрнө.