Мартны 8-тай зэрэгцээд л хаврын урин дулаан цаг ирснийг мэдрүүлэх гэсэн мэт бүсгүйчүүд хүүхнүүд маань хөнгөн нимгэн хувцсандаа ордог. Хэлбэр галбир муутайхан өвлийн хүнд хувцсаа шүүгээндээ хийж орхиод, хаврын хөнгөн хүрэм, өндөр өсгийтөө углахаар зэхэж байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад нэг үзээрэй. Энэ хаврын хамгийн дэгжин, хамгийн загварын мэдрэмжтэй бүсгүй байхад чинь бид туслая.
“ХӨӨРХӨН ӨНГӨ”
Хавар бол урин дулаан цагийн эхлэл. Тиймээс бидний өмссөн хувцас ч ирж яваа цагийг мэдрүүлж, зөөлөн, дулаан өнгөтэй байвал сайхан биш гэж үү. Гэхдээ “хөөрхөн өнгө” гэж юуг хэлээд байна гэж гайхаж байна уу. Өнгөрсөн хоёр жилийн турш моодноос гараагүй цайван ногоон өнгө энэ хаврын өнгөний сонголтод ч байсаар байгаагийн дээр, хөх цэнхэр, улбар шарыг жинхэнэ энэ хаврын өнгө гэж дизайнерууд онцолж байна. Томоохон брэнд, загварын орднуудын 2014 оны хавар, зуны коллекцод улбар шар, хөх цэнхэр өнгөнүүд ямар хүчтэй орж ирснийг бүсгүйчүүд санаж байж магадгүй. Үүн дээр мэдээж хөөрхөн ягаан өнгө ч бүсгүйчүүдийг маань чимдэг шүү дээ.
ӨРГӨН ӨМД ЭРГЭН ИРЛЭЭ
Моод үргэлж эргэж давтагдаж байдаг. Харин энэ удаа өргөн өмд эргэн иржээ. Энэ өргөн өмднүүдийг бусад хувцастайгаа хослуулж өмсвөл хичнээн гоё, ганган харагдахыг төсөөлж байгаа биз дээ. Гэхдээ энэ зөвхөн загварын тайзан дээр алхдаг өндөр, гоолиг моделиудад л зохино гэж битгий бодоорой. Өндөр суудалтай, өргөн өмднүүдийг одоо ид моод болоод байгаа “crop-top” буюу бүсэлхий ил гарах богино цамцнуудтай хослуулвал ямар ч бүсгүй сайхан харагдана гэж дизайнерууд амлаж байна. Өргөн урт өмднөөс гадна дүүжин өмд ч энэ хаврын моод болж байна. Гэхдээ аль болох өргөн, холоос бол юбка шиг харагдуулах дүүжин өмднүүд сонгоорой.
ДӨРВӨЛЖИЛСӨН, ХЭЛХГЭР, БОГИНО ХҮРЭМ
Та загварын мэдрэмжтэй бүсгүй гэдгээ хамгийн тод илэрхийлж болох зүйлс бол мэдээж гадуур хувцас. Энэ хаврын хувьд дөрвөлжилсөн, хэлхгэр маягийн юм уу эсвэл зүгээр л бүсэлхий ил гармаар богино хүрэм өмссөн байхад та өөрийгөө илтгэж чадах нь. Ер нь, “crop-top” буюу бүсэлхий ил гардаг богино загварын цамц өнгөрсөн жилээс хойш моодонд байгааг бүсгүйчүүд юу эс андах вэ. Тэгвэл өмнө нь зөвхөн цамц, майк зэрэг дотуур хувцсаар хязгаарлагдаж байсан энэ загвар гадуур хүрмэнд ч шингэж, энэ хаврын моод болжээ. Ийм загварын хүрэмнүүд янз бүрийн хээ хуар, эрс тэс өнгөтэй байвал бүр янзын. Тэднийг юутай хослуулж өмсөх вэ гэж үү. Ажил хэрэгч өмд, банзал эсвэл зүгээр л жинстэй хослуулаад өмссөн ч болно.
ЗАХГҮЙ ХҮРЭМ
Хаврын хамгийн чухал хувцас бол гадуур хүрэм, пальто. Энэ хавар шинэ хүрэм авахаар төлөвлөж байна уу. Тэгвэл танд захгүй хүрэм авахыг санал болгоё. Захгүй хүрэм хэзээнээсээ дэгжин загварт тооцогддог. Захгүй бөгөөд өвдөг шүргэсэн дунд хэрийн урттай хүрэм энгийн даруухан дан өнгөтэй байсан ч, эсвэл тод хээ хуартай байсан ч маш сайхан сонголт болж чадна. Түүнийг ажил хэрэгч дааншинз, юбка, өмд гээд юун дээр ч өмссөн болно.
ДААШИНЗ, ЦАМЦНЫ ХОСЛОЛ
Хавар үнэндээ тийм ч дулаан улирал биш. Тийм ч учраас бидэнд ноосон цамц өмсөх хэрэг бишгүй гарна. Харин байнга өмсдөг ноосон цамцаа яаж шинэлэг, загварлаг харагдуулах вэ. Мэдээж байдаг л нэг жинсэн дээр өмсвөл тэр нөгөө л хуучин цамц хэвээрээ л байх болно. Харин дэрэвгэр юбка, богино шорт, эсвэл хөнгөн нимгэн даашинз дээр өмсчихвөл огт өөр харагдана гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
ЦАМЦАА ТУЛТАЛ НЬ ТОВЧИЛ
Ямар ч эмэгтэйн хувцасны шүүгээнд ажил хэрэгч сорочка байж л байдаг шүү дээ. Тэгвэл түүнийгээ шинэ маягаар өмсөхөд л энэ хаврын моод болох нь. Энэ хаврын нэг загварын чиг хандлага нь сорочка цамцаа хүзүү хүртлээ товчилсон, цэвэр цэмцгэр дүр төрхийг бий болгох. Эсвэл бага зэрэг хэлхгэр цамыг зураг дээрх шиг дээрээс нь доош нь товчилвол их загварлаг харагдана.
ЭМЭГТЭЙЛЭГ, ЭРХЭМСЭГ УРТ БАНЗАЛ
Хувцас загварын тал дээр эмэгтэйчүүдийн туйлын зорилго бол үнэндээ моодны гэхээсээ илүү эмэгтэйлэг, эрхэмсэг харагдах шүү дээ. Тэгвэл энэ хавар эмэгтэйлэг бөгөөд загварлаг харагдах, өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах боломж байна. Тэр бол урт банзал. Өвдөг давсан, эсвэл шагай хүргэсэн урт макси, эсвэл дэрэвгэр юбка бүсгүй таныг гарцаагүй эмэгтэйлэг харагдуулж чадна. Харин банзлаа бүсэлхий ил гарсан цамцтай хослуулвал маш загварлаг харагдана. Ийм сонголт таныг өндөр ч харагдуулна.