Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайншандын аж үйлдвэрийн “чимэг” салхин парк эрчим хүч түгээнэ


АНУ-ын үндэсний сэр­гээг­дэх эрчим хүчний лаборатор, Монголын сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хамтарсан судалгаагаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 2.6 сая мВт болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээ дэлхийд ажиллаж буй нийт цөмийн реакторуудын үйлдвэрлэж байгаа эрчим хүчний чадамжаас долоо дахин их гэсэн үг. Тиймээс хөгжиж байгаа орнуудын адил эрчим хүчний хэрэглээ огцом өсч буй Монгол Улс дэлхийн дулаарлын эсрэг явуулж буй ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчээ түлхүү ашиглахыг олон улсын байгууллагууд уриалах болсон.

Тэгвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг 2020 он гэхэд 20-25 хувьд хүргэх зорилгыг биелүүлэхэд онцгой үүрэгтэй оролцох Сайншанд салхин паркийн гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо. Жилдээ 100 мянга гаруй өрхийн эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх цэвэр эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эл салхин паркийг “Сайншанд салхин парк” ХХК дэлхийд төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаагаараа алдартай “Ферростаал Индустриал Про­жектс” компанийн хө­рөнгө оруулалтаар бай­гуу­лахаар болжээ. Нийтдээ 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий шинэ салхин цахилгаан станц 2015 оны дөрөвдүгээр  улиралд ашиг­лалтад орж, жилдээ 190 сая кВт/ц цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх гэнэ. Ёслолыг нээсэн Эрчим хүчний сайд М.Сономпил “Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд бай­гальд ээлтэй сэргээгдэх  эр­чим хүчийг түлхүү ашиглах зорилт тавьсан. Энэ хүрээнд ч төвийн эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллах сэргээгдэх эрчим хүчний хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ зорилтыг биелүүлэхэд Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулагдах салхин парк тодорхой үүрэг гүйцэтгэх нь. Энэ бол Монгол Улсын хувьд дэлхийн дулаарлын эсрэг дэлхий нийтийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжсэн нэг хэлбэр гэж ойлгож байна” гэсэн юм. Харин БОНХ-ийн дэд сайд Б.Тулга “Дэлхий нийт ногоон эдийн засаг руу шилжиж, ногоон үзэл баримтлал баримталж байна. Манай улсад ч байгальд ээлтэй технологи болох сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хүрээнд өнгөрсөн жил 50мВт салхин парк ашиглалтад орсон. Харин өнөөдөр “Фер­ростаал Индустриал Про­­жектс” компанийн хө­рөнгө оруулалтаар Сайн­шан­дад салхин парк байгуулагдах гэж байгаа нь ногоон үзэл баримтлалыг бүрэн дэмжиж буйн илэрхийлэл юм” хэмээсэн. Салбарын төлөөлөгч Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр ”Өнөөгийн байд­­лаар сэргээгдэх эрчим хүч манай улсын эрчим хүч­­ний нийт хэрэглээний дөр­вөн хувийг эзэлдэг. Энэ тоог нэмэхэд “Сайншанд сал­хин парк” тодорхой үү­рэг гүйцэтгэх нь. Цаашид ма­най улс байгальд халгүй сэргээгдэх эрчим хүчний хэ­рэглээг нэмэгдүүлэхийн тулд бодлогын зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн юм.
“Сайншанд салхин парк” ХХК-ийн судалгаагаар салхин парк нь дулааны цахилгаан станцтай харьцуулахад эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах төдийгүй хоёр сая шоо метр орчим цэвэр ус,  50 мянга гаруй тн нүүрс хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ. Эл цахилгаан станц нь хүчин чадлаараа манай улсын эрчим хүчний системд ажиллаж байгаа ДЦС-4, ДЦС-3, Дарханы ДЦС-ын дараа орох томоохон эх үүсвэр байх гэнэ. Түүнчлэн жилд нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүч нь 2012 онд ОХУ-аас импортолсон цахилгааны 50 орчим хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо гарчээ.  Түүгээр ч зогсохгүй салхин паркийн жилд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь 2013 онд төвийн  эрчим системийн хэрэглээний 3,5 хувьтай тэнцэнэ гэжээ. Ийнхүү ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил нь эхлэх эл “Сайншанд салхин парк” ХХК-ийн захирал Р.Даваанямтай уулз­лаа.

-Та бүхэн хэзээнээс сал­хины нөөцийнх нь су­дал­гааг хийсэн бэ?
-Судалгааны ажил 2006 оноос эхэлсэн. Судалгаагаар салхины хүч сайн байгаа тул салхин парк байгуулах боломжтой гэсэн. Ингээд 2009 онд ТЭЗҮ –ийг нь боловсруулахад жилдээ 192 сая кВт эрчим хүч үйлд­вэр­лэнэ гэсэн нааштай тоо­цоолол гарч ирсэн юм.

-Сайншандад удахгүй аж үйлдвэрийн парк бай­гуулагдана. Паркт үйлд­вэрлэсэн эрчим хүчээ ний­лүүлэх үү?
-Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборт шаард­лага­тай эрчим хүчийг бү­рэн нийлүүлж чадахгүй. Зөв­хөн төвийн эрчим хүч­ний системийн эрчим хүч­ний үйлдвэрлэл, чанарын үзүү­лэлт­тэй шууд хамааралтай бай­на. Өөрөөр хэлбэл, Чойр-Айраг-Сайншанд-За­мын-Үүд чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах шу­­гамын хэрэглэгчдийн ца­­хилгаан хангамжийг сайж­руулах л эх үүсвэр. Суу­ри­лагд­сан хүчин чадал нь 52 мгВт шүү дээ. Яахав, яваандаа хүчин чадлыг нь нэмэх боломжтой. Нэмсэн тохиолдолд, Сайншанд аж үйлдвэрийн парк, Цагаан суварга, Оюу толгой уурхай зэрэг томоохон хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх боломжтой.

-Төслийн 120 сая ам.­долларын хөрөнгө оруу­лалт зөвхөн бүтээн бай­гуу­лалтад зарцуулагдах уу?
-Нийт санхүүжилтийн 70-80 хувь нь ажлын гүйцэтгэлд зарцуулагдана.
Ямартай ч, ирэх хавраас бүтээн байгуулалт нь эхлэх салхин паркийг Герман, Уругвайн өндөр мэргэжлийн ажилтнууд байгуулна гэлээ. Энэ талаар “Ферростаал Индустриал Прожектс” компанийн захирал Оливер Шнайдер “Манай компани хэрэгжүүлэгч гэдэг утгаараа энэхүү төслийн хувьцааны дийлэнхийг эзэмших юм. Тиймээс төслийн менежмент, санхүүжилт, инженеринг болон гэрээлэлтийг манай компани хариуцана. Энэ хүрээнд Монголын хууль тогтоомжинд нийцүүлэн  бү­тээн байгуулалтын ажилд сэргээгдэх эрчим хү­чээр дагнан мэргэшсэн га­даа­дын мэргэжилтнүүдээс гад­на монгол ажилчид ажил­лана.Нэг ёсондоо, төслийн 500 гаруй ажиллах хүчний ихэнх нь монгол хүн байна” гэлээ.  Дашрамд, Сайншанд салхин паркийн нэгдсэн сүлжээнд жилд нийлүүлэх эрчим хүч 2012 онд ОХУ-аас импортолсон цахилгааны 50 орчим хувьтай тэнцэх бол 2013 оны төвийн эрчим хүчний системийн хэрэглээний 3,5 хувьтай тэнцэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан