Тариаланч хүн анжис даран газар хагалж атга хүрэхтэй үгүйтэй үрийг арвин их ургац болгодог. Гэхдээ үр цацаж орхиод л өөрөө ургачихдаг гэвэл эндүүрэл. Ургац хураах хүртэл удаан хугацаанд арчилж, байгаль, цаг уурын янз бүрийн нөхцөлтэй тулгарна. Гал усны аюулаас аваад гамшиг зовлон ч цөөнгүй. Өчүүхэн сэрэмж алдахад л өнөөх нөр их хөдөлмөр нэг хоромд ч үгүй болж мэднэ. Гэхдээ ургац тариаг удаан хугацаанд үгүй хийгч хамгийн хөнөөлтэй гамшиг бол зэрлэг ургамал.
Манай боловсролын салбар гэх “тариан талбай”-д тархсаар удаж буй “зэрлэг ургамал” бол хэлний сургалтын төвүүд. Гадаад хэл эзэмшүүлж гадны оронд зуучилдаг ачтай буянтай төвүүдийг ад үзэж зэрлэг ургамалтай жишин зүйрлэхийн учир нь...
Нэгдүгээрт
Аливаа улс орны оршин тогтнохын үндэс суурь нь үндэсний хэл соёл гэдэг. Тиймдээ ч тухайн улс орны боловсролын бодлого төрийн төмөр нударгаар зангидагдаж бодлого, төлөвлөлттэй нь шууд хамааралтай байдаг. Өндөр хөгжилтэй улс орнууд өөрийн хэл соёлыг ард иргэддээ түгээн дэлгэрүүлж сургуулийн өмнөх болоод бүрэн дунд боловсролоор иргэн бүрт эх хэлийг нь төгс эзэмшүүлэхийг зорьдог. Энэ нь иргэнээ иргэн чигээр нь авч үлдэхийн эрмэлзэл.
Эрчимтэй даяаршиж буй энэ цаг үед харийн соёлд уусан шингэх хамгийн дөт зам бол хэл, соёлын мөхөл. Нэгэн үе гадаад оронд ажиллаж амьдарч, сурч боловсрох хүслээр жигүүрлэсэн залуус эрчимтэй нэмэгдэж эх орноосоо “дайжин” энэ тухай ойлголт ч нийгэм даяар хээрийн түймэр шиг хурдан тархсан. Үүнийг нь дагаад өнөөх хэлний сургалтын төвүүд ч борооны дараахь мөөг шиг л олширсон. Гэхдээ мөөг гэхэд гоёдно, тэд бол “зэрлэг ургамал”. Эдгээр зэрлэг ургамал эхэн үедээ ургаж төлжих нь удаан байсан ч сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх боллоо. Яахав, цаг үеэ дагаад гадаад хэлний хэрэглээ, хэрэгцээ нэмэгдэж байгаа ч сайхан нэртэй сайнгүй сургалттай хэлний төвүүд олшрох боллоо. Хамгийн гол асуудал бол эдгээр сургалтын төвүүдийг хянаж шалгадаг байгууллага, хууль тогтоол гэж нэг ч үгүй. Ганц нэг журам баталсныг эс тооцвол шүү дээ.
Манай улсын боловсролын тогтолцоог сургуулийн өмнөх насны, бага боловсрол, бүрэн дунд, дээд болон мэргэжлийн сургалт гэж ерөнхийлөн тав ангилдаг. Эл таван ангилалд хамрагддаг их, дээд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, цэцэрлэг, ясли, дунд сургуулиуд бол төрийн бодлого төлөвлөлтөөр зохицуулагддаг нэг ёсны буух хаягтай буцах эзэнтэй нэгж. Сургалтын арга барил, барилга байгууламж, боловсон хүчин, багш ажилтан, албан хаагч гээд төлөвлөлтийн талын ажлыг төр даадаг. Мөн хяналт шалгалтыг ч орхих нь үгүй. Гэтэл түр хугацааны сургалт буюу богино хугацааны “боловсрол” олгох зорилго бүхий сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үнэлж дүгнэж, хяналт тавьдаг харьяа байгууллага гэж үгүй болжээ. Товчхондоо, боловсролын салбарын нэгээхэн хэсэг бодлого төлөвлөлтийн гадна хаягдаж.
Мөн дээрх гадаад хэлний сургалтын төвүүд гадны оронд зуучлан томоохон их сургуулиудад сургана хэмээдэг. Гэвч үүний ард гэнэн охид хөвгүүд, гэмгүй эцэг эхчүүдийн хэдэн бор төгрөгөөр хөлжих хүсэлтэй хүмүүс нуугдаж байх нь олонтаа. Түүнчлэн, гадаадад суралцуулах нэрийдлээр охид бүсгүйчүүдийг харийн оронд бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлэх нь ч цөөнгүй. Цаашлаад хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон нь ч бий. Долоо, арав хоногт англи хэлийг төгс эзэмшүүлнэ, ганцаарчилсан сургалтад элсэлт авна, вакумжуулсан сургалтад анги хамт олноор нь элсүүлнэ гэх. Цаашилбал гадаадад суралцуулна, зуучилна, ажиллангаа амарч англи хэлээ сайжруулцгаая хэмээн есөн шидийн реклам сурталчилгаа телевиз радиогоор толгой эргэтэл хөвөрч байна.
Энэ бүхний ард эрсдэл дагуулах нь ч бий. Энэтхэгт суралцуулна хэмээн нэг оюутнаас 3500 ам.доллар авч гаргаад очсон даруйдаа жирийн нэг жижиг сургалтад хамруулж харийн нутагт хаяад явсан тухай өөрий биеэр зовлонг нь үзсэн танил маань хуучилж билээ. Гаднаа гяланцаг гэдэг шиг өнгөн дээрээ үгээр хэлэхийн аргагүй сайхан газар аваачиж үнэгүй шахуу сургах мэт ярьдаг ч цаг нь тулахаар ашиг хонжоо харж харь газар хаяад явдаг элэг нэгт монголчууд ч их байдаг гэнэ.
Энд хөндөх ёстой бас нэг сэдэв бол хэлний сургалтаар халхавч хийсэн шашны байгууллагууд. “Үнэгүй” гэх амттай үгээр өөрийн хэл соёл, шашин шүтлэгийг түгээн дэлгэрүүлж цаашлаад охид бүсгүйчүүдийн гэнэн томоогүй занг ашиглан шашны номлолоор шахан хавчиж харь иргэний “тогооны хүн” болох нь ч их. Хамгийн ойрын жишээ дурдвал мөнөөх Мүүн, Христийн шашин.
Хоёрдугаарт
Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл нэрэн дор төрийн албан хаагчдыг толгой дараалан сольж төрийн үйл хэргийг төвхнүүлэх ажлаа үргэлжлүүлсээр л байна. Тоймтойхон төвхнөж амжаагүй төрийн зарим яам, тамгын газар ч үүрэгт ажлаа өөрийн болгож амжаагүй л байна. Үүний нэг жишээ бол дээр дурдсан сургалтын төвүүдэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаа, үнэ өртөг, сургалтын чанар, арга барил багш боловсон хүчин, стандартад нийцсэн эсэхэд атестатчилал хийж байсан удаагүй.
Өмнөх Засгийн газрын үед дүүрэг бүр харьяа нутаг дэвсгэртээ хэлний сургалтын төв бий болгох шийдвэрийг бие даан гаргаж, тусгай зөвшөөрөл олгодог байсан бол энэ засгийн үед эл эрх мэдэл хаа хамаагүй хөдөлмөрийн яамны гарт очжээ. Гэхдээ зөвхөн эрх нь.
Иргэн Бурмаа ч юм уу гадаад хэлний сургалтын төв байгуулахаар болбол Хөдөлмөрийн яамны шалгуур шаардлагад нийцсэн барилга байгууламж сургалт явуулах орчин бүрдүүлсэн л бол болох нь тэр. Харин багш боловсон хүчин нь мэргэжлийн эсэх, сургалтын арга барил нь салбар яамны бодлого төлөвлөлт цаашлаад Засгийн газрын шийдвэр тогтоолтой нийцэж буй эсэхийг Хөдөлмөрийн яам хянаж шалгана гэж үгүй. Тэд энэ ажлыг хийдэг нь ч биш. Угтаа БШУЯ эл ажлыг гардан гүйцэтгэх үүрэгтэй.
Уг нь, гадаад хэл сургалтын төв, өдөр өнжүүлэх, мэргэжлийн сургалтын төвүүд гэх мэт урлаг, соёлын талын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд нь БШУЯ-ны харьяа байх ёстой ч энэ эрх дарх нь Хөдөлмөрийн яаманд очсон учир боловсролынхонд ямар ч хүртээлгүй болдог аж. Хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны зорилго чиглэлтэй дээрх сургалтын төвүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн хяналт шалгалтын систем тийм ч сайн уялдаггүй болохоор энэ сэдэв эзэнгүй мэт хөсөр хаягдаж сургалтын төвүүд эзгүй газар бузгай жаргана гэгч болсон хэрэг. Боловсролын салбар гэх талбар бодлогогүй шинэчлэлийн балгаар “зэрлэг ургамал”-д баригдах гэж үү. Цаашлаад, үндэсний хэл соёл өдөр өдрөөр ууссаар бага боловсролын түвшинд ч бараг л үүрэггүй болох дөхөөд байна. Энэ тухай дэлгэрэнгүйг тодруулахаар БШУЯ-нд хандсан ч хариуцсан хэлтэс, тасаг мэргэжилтэн гэх нэг ч хүн байсангүй. Хөдөлмөрийн яам нь ч тэр тусгай зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурахаас гавьсан зүйлгүй.
Түр сургалт гэгчийг онолын түвшинд тодорхойлбол богино хугацааны сургалт гэж ойлгож болно. Тухайн мэргэжлийн хүрээнд хэрэглээний, практик чадвар олгох үйл ажиллагаа бөгөөд насан туршийн боловсролын нэг элемент төдий.
Ер нь, гадаад хэлний сургалтын төвүүд ч бай насан туршийн боловсрол олгох сургалтууд ч тэр дан ганц боловсролын яам бус хотын боловсролын газрын харьяа, хараа хяналтад ч байх ёстой. Товчоор гадаад хэлний бодлогыг БШУЯ тогтоох ёстой, тогтоосоор ч ирсэн. Гэтэл гадаад хэлний боловсрол эзэмшүүлэх гэдэг ойлголт дунд, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр хязгаарлагдаж байгаа нь сонирхолтой.
Монгол хэлээ сайн сурч чадахгүй бол гадаад хэл сурч чадахгүй гэсэн төрийн бодлого ч бий. Өнгөрсөн онд батлагдсан Засгийн газрын 37 дугаар тогтоол ч үүнийг бэлхнээ гэрчилнэ. Гэтэл нэгдүгээр ангиас нь гадаад хэлээр ерөнхий боловсролын мэдлэг олгодог сургалтын арга барил бүхий сургуулиуд ч байна. Монгол хүн Монгол хүн шиг төлөвшихгүй байна гээд байвч хэрхэн яаж гэдгийг бодолцож үзсэн нь хэн билээ. Японы дунд сургуулиудын сургалтын арга барилд тав, долдугаар анги хүртэл нь гадаад хэлний ямар ч боловсрол олгох хөтөлбөр багтдаггүй. Өөрөөр хэлбэл бага боловсролын түвшинд ямар ч гадаад хэлний мэдлэг олгодоггүй. Энэ нь эргээд ихээхэн ач холбогдолтой. Багаасаа гадаад хэлд суурилсан боловсрол эзэмшиж, элдэв сургалт дамжаагаар суралцсан хүүхдүүд их сургуульд элсэхдээ нийгмийн салбар руу илүүтэй хошуурдаг. Энэ нь сайн инженер, багш гэхчлэн техникийн, байгалийн ухааны эрэлт ихтэй мэргэжлийн боловсон хүчин цөөрөх гол шалтгаан болдог.
Мөн гадаад улс оронд зуучилдгийн хувьд хэлний сургалтын төвүүдийг дагаад хүний эрхийн асуудал ч хөндөгддөг. Тиймээс хэлний сургалтын боловсролыг бодлогоор зохицуулах нь нэн тэргүүний ажил. Тэрнээс, уялдаа холбоо харилцан хамаарал багатай хаа байсан хөдөлмөрийн яам хэн дуртайд нь тусгай зөвшөөрөл олгоод байвал үндэсний боловсролын гэх ойлголт зэрлэг ургамалд идэгдсээр чанартай боловсон хүчин гэх тариа буудай тийм ч өгөөжтэй байж чадахгүй л болов уу. Хэлний боловсрол олгох асуудал ийм салан задгай байх нь зөв буруу эсэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дүнэлт гарган авч хэлэлцэх нь зөв.
Болосролын бодлогыг боомилж буй “зэрлэг ургамал”-ыг “зулгааж” тооны олны чанараар солих цаг ирсэн болов уу.