Монголчууд говийн хоёр бөхтэй тэмээг хагас гаршуулан тэжээдэг. Ботгыг гэрийн ойролцоо аргамжиж, харин нас бие гүйцсэн тэмээг бэлчээрт гаргана. Говийн халуун, хүйтэн эрс тэс уур амьсгал, элсэн шуургыг хүн, тэмээ хоёр хамт байж даван туулж чаддаг аж. Тэмээний биеийн бүтэц удаан хугацааны турш говь цөлд амьдрахад тохиромжтой болон хувьсаж ирсэн юм.
Тэмээний хоёр бөх дан өөхнөөс бүрдэх бөгөөд эрс тэс байгаль цаг уурыг тэсэж өнгөрүүлэх гол хүч болдог байна. Тэмээ нуруундаа энерги, бөхөндөө ус хуримтлуулдаг. Бүтэн өдрийн турш юм идэхгүй байж чаддаг ба долоо байтугай хоног усгүй байхад ажрахгүй. Цусны эргэлтээрээ биеийн дулаанаа зохицуулах чадвартай энэ амьтан говийн хамгийн амьдрах чадвар сайтай, хүчирхэг бодгаль юм. Хаврын улирал гэхээр ногоон өвс цухуйж, өнгийн цэцэгс дэлгэрэх үзэсгэлэнт байгалийн төрх санаанд буудаг. Харин говийн хавар тийм биш. Элсэн шуурганд нүдүүлсэн үнсэн саарал өнгөтэй байх нь элбэг. Хүн, амьтан бүгд зай завсаргүй шуурах элсэн шуургыг тэвчиж өнгөрүүлнэ. Тийм нэгэн хавар хоёр настай тором ботголохоор өвдөж эхэлжээ. Тэмээ ихэнхдээ гурван нас хүрч байж төллөдөг бөгөөд энэ удаагийнх их ховор тохиолдол юм. Залуу ингэ удаан хугацааны өвдөлтийн эцэст сая ботголж, дөнгөж төрсөн ботго элсэн говьд амьд үлдэхийн тулд хөл дээрээ тэнцэж ядна. Хоёр цаг орчмын дараа ботго хөл дээрээ зогсож сурсны дараа ингэ, ботго хоёрыг эзэн нь олж сүргийн шинэ гишүүн болсныг батлан эрүүл өсөж бойжихыг ерөөлөө. Тэмээ дотроо ганц бөхтэй ба хоёр бөхтэй гэж хоёр төрөл байдаг бол Монгол зэрэг Төв Азийн орнуудад хоёр бөхтэй нь амьдардаг. Нэг бөхтэй тэмээг бодвол хүйтэн газарт амьдрах чадвартай хос бөхт тэмээ нь үс ноос ихтэй байдаг. Түүнчлэн Монголд тэмээний ноос ямааны ноолуурын дараа орох чухал түүхий эд болдог байна. Малчид хавар дулаарахад тэмээгээ ноосолдог ба тэмээний ноос маш ашигтай түүхий эд юм. Жишээлбэл, ноосоо шууд зах зээлд худалдаж мөнгө олж болно. Мөн ноосоор дээс томж, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэдэг аж. Малчид тэмээг ноосолсны дараа тамгалж, хүзүүнд нь өнгийн тууз уян тус тусын тэмээн сүргийг ялгадаг. Монголын нүүдэлчин малчид үхсэн морины сүүлийг цуглуулан хөгжмийн утас болгон модон цар бүхий чавхдаст хөгжим хийдэг. Үүнийг нь морин хуур гэнэ. Морины сүүлний хялгасаар хийсэн учир морины янцгаах дууг эгшиглүүлдэг гэх морин хуурын эгшиг тэмээг уйлуулах чадалтай. Зарим ингэн тэмээ үр төлөө голж хөхүүлэхгүй байх нь бий. Энэ үед малчид ботгоо голсон ингэнд морин хуурын аялгуу сонсгон уярааж уйлуулдаг. Үүнийг “Хөөслөх” гэж нэрлэх бөгөөд монголчууд морин хуур болж хувирсан морины сүнс тэмээг аргадаж уяраадаг гэж үздэг байна. Морин хуурын аялгуу эгшгийг сонссон ингэн тэмээ нулимс дуслуулан уйлж, голсон ботгондоо сүүгээ хөхүүлж эхэлдэг аж. Монгол бол дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлч соёлтой улс. Хэдэн мянган жилийн өмнөхтэй адил нүүдэллэн аж төрөх малчид өнөөдөр ч Монголд амьдарч байгаа. Тэдгээр нүүдэлчин малчдын нүүдлийн ачаа хөсгийн гол тээвэрлэгч нь тэмээ. Тэмээ нэг удаад ойролцоогоор 250 кг орчим ачаа тээвэрлэж чадна. Гэрээ буулгаж, гэрийн доторх тавилга эд бараагаа хуваарилан тэмээнд ачаалсны дараа үлдсэн тэмээгээ хүмүүс унан шинэ нутаг руугаа нүүдэг. Говийн тэмээ бол нүүдэлчдийн хувьд сүү, мах, ноосны эх булаг бөгөөд нүүдлийн гол тээврийн хэрэгсэл болно. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх говийн нүүдэлчдийн хувьд тэмээ зайлшгүй шаардлагатай гол түшиг тулгуур нь юм. "KBS" телевиз Монголд хийсэн дөрвөн ангит баримтат киноны хоёрдугаар анги болох энэ киног хоёрдугаар сарын 6-нд үзүүлжээ.
http://montsame.gov.mn