Бангкок-Вьентян
----------------------
Хүннү эйр компаний шууд нислэгээс буугаад Бангкокыг нэвт туулж хүрсэн авто вокзал дээрээ очоод эхлээд харагдсан автобуснуудыг хараад үнэндээ жаахан сэтгэл гутарч л байлаа. Учир нь тэдгээр автобуснууд нь хуучны загвартай, үзэмж муутай, сандалнууд нь хойшоо налдаг эсэх нь ч эргэлзээтэй тийм автобуснууд байсан юм. Тэгээд нэгэнт зорьсон хүмүүс очоод билетийн каснаас нь НонгКай орох тасалбар хаана бичүүлж болох талаар сургалтал биднийг хоёр давхарлуу гараад бичүүл гэлээ. Заасны дагуу товчооны хоёр давхарт гарахад маш олон билет бичдэг мухлагууд байх бөгөөд 223 тоот бүхээгт манай тасалбарыг бичлээ. Мухлагийн гаднах зургийг харахад маш тохилог автобусны зураг хадсан байх бөгөөд бүүр өглөөний цай багтсан гэж рекламдсан байв. Ингэж худлаа маркетинг хийдэг юм байхдаа гэж бодоод тасалбараа хартал зогсоол \gate\ 19-21-ээс хөдлөнө гэсэн байлаа.
Тасалбар авахаар орж ирсэн биш, эсрэг зүгрүү хөтөлсөн сум дагуу явсаар гарч очиход үлгэрийн хүлэг мэт цоо шинэ загварын 2 давхар автобуснууд хүлээж байх юм. Өөрийн суух автобусаа олж очиход хоёр бүсгүй суудлыг минь \бид дээд давхарын хамгийн нүүрэн талын суудал буюу 1В, 1С суудлыг авсан\ зааж өгөхөөс гадна өглөөний цай болох тахианы махтай будаатай хуурга, аялалын явцад хэрэглэх ус, ундаа, өрмөнцөртэй бялуу, рүлет зэргийг багтаасан багц бүхий хайрцаг, нөмрөх хучлагыг маань ч өглөө. Үнэхээр үйлчилгээг үзүүлж чаддаг ажээ.
Суудал нь хөлөө дээшээ өргөх, түшлэгээ хойш унтах хэмжээнд хүртэл хойшлуулах боломжтойгооос гадна гурван төрлийн масаажны үйлдэлтэй байх нь гайхалтай. Хүн тус бүрд дэлгэгдэн гарч ирдэг ширээ, кино, дуу, фото, 4 сувгийн ТВ үзэхээс гадна тоглоом тоглох боломжтой гар, дэлгэцтэй байх нь орон нутгийн автобус, микронд тух алдан байж явдаг Монголын минь зорчигч тээвэрт ийм шинэчлэлт хийх юмсан гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байлаа.
Өргөн дэлгэцийн ТВ мэт том цонхоор харах боломжтой суудал эзэлсэн миний хувьд Мангасуудын их сургуулийг хэсэг үзэж байгаад унтсаныг эс тооцвол дэлгэцнээс илүү цонхоор Тайланд орны хот хөдөөгийн амьдралыг харах нь сонирхолтой бас боломжийн хэдэн зураг дарах завшаан байлаа.
Аялагч хүнд аз гэдэг маш чухал байдаг даа. Биднийг энэ удаад тэр нь хаяагүй бололтой нүүрний эгнээний үлдсэн нэг суудалд нүүр дүүрэн инээд тодруулсан нэгэн залуухан ламтан ирж суусан нь 9 сар Энэтхэгт ном үзээд нутагтаа очиж яваа Лаос ламтан Лан Понг байлаа.
Англиар чөлөөтэй ярих түүнтэй Тайланд орон, Лаос орны талаар ярилцаж, сонин хачныг тайлбарлуулахын хажуугаар саяхныг хүртэл оньсого мэт байсан НонгКайгаас Тайландын хил орох, тэндээсээ Лаосын хил давах улмаар Вьентян хот орох явцад түүнийг дагаж, заалгахаар боллоо. Хоншоор шүү хэ хэ. Хэрэв эмэгтэй хүнтэй гар барих ч цээртэй, эхнэр авдаггүй, архи, тамхинаас холын хол байж зөвхөн сүм хийддээ л амьдардаг энэ “жинхэнэ” ламтай \Монголд арай өөр дөө\ таараагүй бол тухайн замыг их л будилж байж туулах байснаа хожим нь маш сайн ойлгосон юм.
Автобус замдаа ганц нэг зогсож нийт зорчигчдод биеийн чилээ гаргах, бие засах, тамхи татах боломж олгосон болон шатахуун хийснийг эс тооцвол Тайландын том жижиг олон хот, тосгоныг дайрсаар Нонг Кайд оройн 17 цаг гэхэд саадгүй ирлээ.
Тэндхийн авто зогсоолоос нутгийн иргэдийн нэрлэснээр ТүкТүк хэмээн нэрийдэх гурван дугуйтай хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон мотоциклоор Тайландын хил хүртэл \3 хүн нийлээд 180 батт\ явлаа. Гаалийн үзлэг, хяналт гэж айхтар сүртэй байдлаар төсөөлдөг миний хувьд энэ хил зүгээр л тамга даруулаад өнгөрдөг албан газрын үүд мэт хялбар энгийн байсныг өгүүлэхгүй байж чадсангүй. Хил гараад хүний 20 батт төлөөд нэг автобусаар Лаосын хил хүртэл явлаа. Ойрхон юм билээ. Лаосын хил бүүр ч энгийн байсан бөгөөд энэ улсруу нэвтрэх хөлсөнд хүний 45 батт төлөөд л орж явчихлаа. Хилийн цаана маш олон төрлийн сонголттой унаанууд хүлээж байх бөгөөд та бэнчиндээ тааруулан хөлсөлж болох ажээ. Ламтан бид нар дассан сурсан бас хамгийн хямдаар нь ТүкТүкээ 500 баттаар хөлслөн Вьентян хотыг зорьлоо. Замаараа ачтай буянтай лам найзаа номын их өргөөнд нь буулгаад бид хоёр Лаосын их сургуулийн үүдэнд буухад өмнө нь холбоо барьсан байсан Лаост сурдаг Монгол оюутан дүү хүлээж байв.
Энд нийт 18 Монгол оюутан сурдаг бөгөөд 5 охин нь элчин сайдын яамруугаа сар шинийн буузаа хийхээр явсан тул дан эрэгтэй оюутнуудтай хэсэг сонин хачин хүүрнэж цагийг өнгөрүүлэв. Манай оюутнууд хичээл номондоо анхаарлаа хандуулдаг сайн залуучууд бололтой ихэнхи нь маргааш шалгалттай хэмээн санаа зовж байгаа харагдсан тул тэгс гээд уулзалт өндөрлөлөө. Оюутнууд хамт авахуулсан зургандаа “цэргийн ангийнхан” гэж нэр өгөөрэй хэмээн хөгжилдсөөр тарцгаав.
Оройн хоолонд гадагшаа гарсан боловч гудамжнаас шарсан тахиа, загас, сонирхолтой өндөг \учир нь энэ өндөгний дотор дэгдээхэй нь бойжсон байдаг юм билээ. Монгол оюутнууд дургүй, эвгүй гэсэн боловч би хэмээх хүн сонирхолдоо хөтлөгдөн хоёр ч ширхэгийг идэж нүгэл хураасан бөлгөө\ коконатын шүүс зэргийг аваад оюутны байрлуугаа орцгоолоо.
Уг нь буудалд буухаар төлөвлөсөн байсан боловч найрсаг оюутнууд оройтсон тул эндээ хонох уу? хэмээн асуухад аль болох хямд зардлаар аялахыг эрхэмлэж яваа бид хоёр ч тун уриалгахан зөвшөөрлөө.
Монгол оюутнуудтайгаа маргааш хэрхэн Лаосын нийслэлийг үзэх болон бусад аялалын төлөвлөгөөгөө ярилцаад сайхан амрав. Илүү сонирхолтой зүйлсийг зурагнаас хараарай.
2014 оны 01 сарын 24 болчихсон байна.
Вьентян хот Лаос улс
http://anjigai.blog.banjig.net/